Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2022 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан
УИХ үргэлжлүүлэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор баталсан цахим хэлбэрээр үзүүлж болох 496 үйлчилгээний 320 нь буюу 64 хувь нь баримт бичиг, лавлагаа, мэдээллийн бүрдэл шаарддаг бөгөөд тус баримт бичиг, лавлагаа, мэдээлэл нь төрийн бусад байгууллагаас олгогддог.
Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгажээ.
Нээлттэй байх мэдээллийг жагсаалт байдлаар тодорхой тусгахыг зорьж, одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлжээ.
Тухайлбал:
-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл,
-Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх,
-Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл,
-Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл; -төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн,
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ,
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;
-Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;
-Зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл; -хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл;
-Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл;
-Нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл;
-Мэдээлэл хариуцагчийн явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл зэргийг тусгажээ.
Ийнхүү УИХ-аар хэлэлцэх асуудлууд дууссан тул чуулган өндөрлөлөө.
Өнөөдөр төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Энэ хуулийн төслийг хойшлуулаад төсвийн тухай хуулиа хэлэлцэх горимын санал гаргаж байна. Маргаашийн дотор багтаад төсвийн хуулийг батлах ёстой. Өглөө төсвийн хүрээний мэдэгдэл дагасан хууль тогтоомжуудын эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн. Өнөөдөр төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг хийгээд маргааш дөрөвдүгээр хэлэлцүүлгээр бэлэн болох ёстой” гэх горимын санал гаргалаа. Гишүүдээс санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн учраас УИХ төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ дахь АН-ын бүлэг 2022 оны төсвийн асуудлаар 14:00 цаг хүртэл завсарлага авсан нь ийнхүү дуусгавар болов.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Эдийн засаг нөхцөл байдалтай уялдуулан инфляци, тэтгэвэр тэтгэмж, ажлын байрыг дэмжих ажлын хэсэг байгуулахсанал гаргалаа. МАН-ын бүлэг мөн ижил саналтай байгаа аж.
Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах зардалд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж иржээ. Зээлийн хүүгийн татаасыг бууруулчихаар Засгийн газраас олгох арван их наяд төгрөгийн төлөвлөгөөнд зааснаар олгогдох зээлийн олголт нь буурах вий.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-2022 оны төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалт, их засвартай холбоотой олон саналууд гарсан юм байна лээ. Энэ саналуудыг хэлэлцэх явцад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед ажлын хэсэг болон УИХ-аас оруулж ирсэн нийт 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, засварын тоног төхөөрөмжийн асуудлыг Засгийн газрын өргөн барьсан дээр нэмж тусгахаар шийдвэрлэсэн. Энэ эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох зээлийн олгох 213 тэрбум төгрөгөөс 91 тэрбум төгрөгийг энд зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр зэрэг арван их наяд төгрөгийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, репо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хэмжээ буурна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Сангийн яамнаас төсөв батлахад янз бүрийн их засварт мөнгө зарцуулахгүй гээд байсан мөртлөө 91 тэрбум төгрөгийг суулгасан юм уу. Хүүгийн татаас буурахаар зээл буурах нь тодорхой. Covid-19 халдварын дараа эдийн засгаа сэргээх гээд явж байтал яагаад буруу зүг рүү явчихваа. Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг заавал оруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
–УИХ хуулийн хүрээнд төсөв батлахдаа орлого нэмж, зарлага нэмэхийг хориглосон. Тиймээс бидэнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, урсал төсөв нэмэгдүүлбэл зарлагаа хасна. Энэ хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс нийт 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх санал орж ирээд чуулган дээр нэмэгдсэн. Эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох зээлийн татаасыг хасахаас өөр аргагүй байдалд орсон. Ингэж төсвийн балансыг барихгүй бол зарлага нэмсэн төсөв батлавал Үндсэн хууль зөрчинө. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нийгмийн өмнө тулгамдсан хүнд асуудлуудын нэг болоод байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийг сэргээх асуудлуудыг УИХ-д оруулж ирнэ гэсэн.
Сангийн сайд Б.Жавхлан:
-120 гаруй тэрбум төгрөг үлдэж байгаа. Энэ жил 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгогдсон зээлийн дараа жил үргэлжлэх хүүгийн татааст бол хүрнэ. Харин шинээр гарах зээлүүдийн хувьд хязгаарлагдмал болж байна. Гэхдээ бид яаж ийгээд 10 их наядын хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
–Хилийн заставуудын автомашиныг шийдэх асуудал төсөвт суусангүй орхигдлоо. Хилийн застав гэдэг Монгол Улсын хилийн шугам дээр үүрэг гүйцэтгэдэг онцгой нэгж. Улсын хилийн зөрчлийг илрүүлдэг. 2019 онд хилийн заставын 30 гаруй хувийг туулах чадвар сайтай машинаар хангасан. Үлдсэн хувь болох говь, ой хээрийн бүсэд нөхцөл байдал маш хүнд байгаа. Эрлийн ажиллагаа, хилийн төлөөлөгчийн ажиллагаанд машингүйгээр үүрэг гүйцэтгэж болдоггүй юм. Энэ салбарт ашиглагдаж байгаа машинуудын гүйлтийн норм хугацаа нь дууссан. Зарим застав огт машингүй байгаа. Цаашдаа энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Монгол Улсын 2022 оны төсвийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
УИХ Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Үйлчилгээний байгууллагуудын VIP өрөөнд камер байх ёсгүй
УИХ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хувь хүний нууцын тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгажээ. Тухайлбал,
- Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад хууль үйлчлэхгүй.
- Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулан ашиглаж болно. Үүнд сэтгүүл зүйн салбар хамаарахгүй.
- Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.
Хэлэлцэх асуудалтай хобогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хүний эмзэг мэдээлэл гэдэгт хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг та бүхэн энэ хуулиар цуглуулах гээд байна. Хүний хамгийн эмзэг хувийн мэдээллийг хамгаалах бус эсэргээрээ ашиглах, цуглуулах цаашид магадгүй ямар нэгэн зорилгоор ашиглах түвшинд очих гээд байна. Тухайлбал, хуулийн 10.1.3-т зааснаар “Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний генетикийн мэдээллийг цуглуулна” гэж заажээ. Гэмт хэргийг илрүүлэхэд яагаад энэ мэдээллийг ашиглах гээд байгаа нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг дээр эцэг, эх тогтоолгоход генетикийн мэдээллийг ашиглахыг ойлгож болно. Гэвч иргэн, захиргаа дээр яагаад ашиглах гээд байгаа юм. Мөн мэдээллийн эзэн нас барснаас хойш 70 жил өнгөрсөн тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулахад зөвшөөрөл шаардахгүй гэх заалтыг дэмжихгүй. Хүн нас барсны дараа ч гэсэн хүн ёсоор хүндэтгэх ёстой. Адаглаад булш сүйтгэх гэмт хэрэг гээд Эрүүгийн хуульд заасан байдаг. Эсвэл 70 жилийн өмнө нас барсан хүний мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэхэд үр, ач нарт нь тохох гээд байгаа юм уу.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Энэ хуулийн гол онцог нь мэдээллийг цуглуулж боловсруулж буй тал нь хариуцлага хүлээнэ. Генетик мэдээллийг цуглуулж буй тал энэ хуулиар хариуцлага хүлээнэ гэсэн үг. Улсын бүртгэлийн байгууллага дээр сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор хүний хурууны хээг авдаг. Хил нэвтрэхэд тухайн хүнийг таньж мэдэх зорилгоор мөн хурууны хээг авдаг. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад генетикийн мэдээллийг авдаг. Энэ хуулиар генетикийн мэдээллийг цуглуулахдаа зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр авахаар хуульчилж өгсөн. Ингэснээр хуулиар хүний хувийн мэдээлэл хамгаалагдана гэсэн үг. Өмнө нь хувь хүний нууцын тухай хуулиар иргэн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан. Энэ хуулийг батлахгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй. Шүүхийн байгууллага хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүхийн шинжилгээ хийх шаардлагатай бол генетик мэдээллийг ашиглах ёстой. Учир нь хэргийг илрүүлэх гэж байгаа учраас ашиглах нь зөв. Мэдээллийн эзнийг нас барсны дараа мэдээллийг цуглуулахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл авна. Нийгэмд нөлөө бүхий түүх болж үлдсэн хүний талаар судлахын тулд 70 жил гэж заасан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хөрөнгө завшсан этгээдүүдийн мэдээллийг хувийн захидал харилцааны нууцаас ил болгож байна. Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газарт ажиллаж байсан нөлөө бүхий этгээдүүд ял авсан. Шинэ хуулиар энэ эх сурвалжийг ашиглаж болохгүй гэж ойлгож болох уу? Дуу, дүрсний бичлэгийн систем гэж 27 дугаар зүйл бий. Гэхдээ үүнд ердийн бус нөхцөл байдал үүснэ. Алслагдсан бүс нутаг, цэргийн анги байгууллага, банк, даатгалын компанид гэмт хэрэг зөрчил, иргэдийн амь бие хохирох зөрчил гарвал яаж зохицуулах вэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Нийтийн мэдээллийн тухай хуулийг мөн хэлэлцэж байгаа. Тус хуулиар төрийн байгууллагуудын таван багц 67 мэдээллийг нээлттэй болгож байгаа. Энэхүү мэдээллийг боловсруулж ашиглах нээлттэй. Хаалттай мэдээллийг боловсруулж ашиглах нь хориотой. Сэтгүүлзүйн зорилгоор эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг цуглуулж ашиглахдаа эзнээс нь зөвшөөрөл авахгүй байж болно. Харин сэтгүүлзүйн зорилгоор хүний эрүүл мэнд, захидал харилцаа, бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно. Энэ нь хүний эмзэг мэдээлэлд хамаарна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Мөрдөн байцаах шалгах ажиллагааны явцад олж авсан мэдээллээ олон нийтэд цацаад байгааг юу гэж үзэх вэ. Хувь хүний нууцыг задруулж байна гэж үзэх үү эсвэл албан тушаалын гэмт хэрэг гэж үзэх үү. Үүнийг тодорхой заасан уу?
–Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Хувь хүний нууцын тухай мэдээллийг хэлэлцсэний дараа Нийтийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үүнд сая таны асуусан зохицуулалтыг тодорхой болгосон. Тодруулбал, Нийтийн мэдээллийн тухай хуульд хязгаарлалттай мэдээлэл гэж тодорхойлж өгсөн. Үүнийг нэгд тухайн иргэний зөвшөөрөлтэй, хоёрт Шүүх, Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэх асуудлыг оруулсан. Хэрэв зөвшөөрөлгүй нийтэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Эртний Ромын шүүхийн зарчимд “Зам дээр хутгалуулаад үхсэн хүн хэвтэж байхад түүний хажууд зогсох хутга барьсан цустай хүнийг гэм буруутай гэж шууд үзэж болохгүй. Учир нь тэр хүн аврах гээд хутгыг нь сугалж, бариад зогсож байж ч болно шүү дээ. Ийм учраас нотлох, цагаатгах баримтыг заавал эн тэнцүү баримтлах ёстой гэх зарчим олон улсын шүүх болон хэвлэл мэдээлэлд үйлчилдэг.
Сэтгүүлч нь улстөрч эсвэл хэнийг ч бичиж болно. Энэ бол нээлттэй байх ёстой. Ингэхдээ нөгөө талдаа заавал бичиж байгаа тухайн хүнээс хариу няцаалт авдаг байх хэрэгтэй. CNN болон бусад дэлхийн хэвлэл мэдээллийг харвал хэрэв тухайн хүний талаар мэдээлэл тавьж байгаа бол заавал тухайн хүнээсээ няцаалт тайлбар авсан байдаг. Хэрэв өөрийгөө хамгаалах боломжийг өгөхгүй, өөрөөс нь няцаалт авалгүй нэг талыг баримталсан мэдээлэл нийтэлсэн бол үүнийг гүтгэлэг гэж үздэг.
Мэдээж нэг талдаа сэтгүүлчийн мэдээлэх эрхийг хааж, боох эрхгүй. Гэхдээ нөгөө талд сэтгүүлч нь ард түмний мэдэх эрхийг хангахын тулд аль алийг нь буруутгах болон зөвтгөх баримтыг тэнцүү танилцуулах нь ардчилсан тогтолцооны үнэт зүйлийн суурь зарчим юм. Үүнийг мөн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Түүнээс биш юугаа ч мэдэхгүй явж байтал маргааш нь алуурчин, гэмт хэрэгтэн гээд биччихдэг. Өөрийгөө, нэр төрөө хамгаалах эрхийг өгөхгүй байх нь өөрөө зөрчил.
Чуулганы хуралдаан завсарлалаа.
Боловсролын хууль бол Үндсэн хуулийн дараа орох хууль
Үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Уг төсөлд шинээр байгуулах боловсролын байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны сургалтын чанар, үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшуулал, суурь болон хувьсах зардлаар санхүүжүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох асуудлыг тусгажээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн тавдугаар зүйлд заасан дунд ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн өдрийн хоолны үйлчилгээнд хамруулахаар заасан хугацааг хойшлуулах буюу 2023-2024 оноос хэрэгжүүлэх өөрчлөлтийг тусгасан байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж хэлж болно. Монголын 3.2 сая иргэн бүрт хамаатай хууль. Энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр гарч буй үзэл санаанууд хуульд тусгагдах үндсэн шаардлагууд. Уг хуулийн хэлэлцүүлэгт аль болох олон хүн хамруулах хэрэгтэй. Улс орны хөгжил, хүний хөгжил боловсролын чанараар дэлхийд тэргүүн эгнээнд гарч чадахгүй байгаа нь боловсролын салбарын тогтолцоотой холбоотой. Монголд ядуурал сүүлийн 30 жил буураагүй. Энэ бүх асуудал боловсролын хүрээнд менежментийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй учраас өрсөлдөх чадвар сул байна. Иймд сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад өнөөдрийг хүртэл насан туршид тогтсон энэхүү тогтолцоог эргэн харах чухал цаг үе ирлээ. Тэгэхээр боловсролын бүх түвшинд асуудал бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос авхуулаад мэргэжлийн томилгоо хийж чаддаггүй, үүнийг эргэж харна. Мөн бүтээмж чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна. Цар тахлаас өмнөх боловсролын маш том хоцрогдол бүх түвшинд гарсан. Тиймээс хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд алдаа дутагдалтай олон асуудлыг засч залруулах тул Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх чухал цаг үе ирж байна. УИХ-аар 2022 оны улсын төсөв батлагдсаны дараа манай салбарын хуулийг хэлэлцэнэ. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох маш том хууль” гэлээ.
“Ирээдүй өв сан” хоосорсон уу?
Үргэлжлүүлэн 2022 оны төсвийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
–2022 оны төсөв түүхэндээ анх удаа 18 их наядын төсөв батлах гэж байна. Нүүрсний экспортыг 36 сая тонн хүргэнэ гэж өөдрөг тооцоолжээ. Энэ жилийх 15 сая орчим тонн байна. Хил гаалийн амаргүй нөхцөл байдлаас шалтгаалан 36 сая тонн нүүрсийг экспортод гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Үүний бэлтгэл хангах, онцгой дэглэмд ажиллаж байж экспортын зорилтыг хангана.
Хил гаалийн нөхцөл амаргүй байна. Тиймээс барааны хомсдол үүсгэхгүй, үнийн өсөлт гаргахгүй, экспортын хэмжээг бууруулахгүй байх чиглэлээр асуудлыг тогтоолд оруулмаар байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой дэд ажлын хэсгийг би ахалж ажилласан. 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хойших гүйцэтгэлд барилгын материалын үнийн өсөлтийг тооцох нь зүйтэй гэсэн асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан. Энэ асуудлыг юу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
–Төсвийн байнгын хороон дээр 2021 онд үнийн өөрчлөлт яригдана. Үнийн өөрчлөлтийг 2022 оны төсөвт суулгана. Магадлан хийлгээд үүний дагуу Сангийн яам асуудлаа оруулж ирнэ. УИХ шууд төсөвт өртгийг нэмэгдүүлэх боломжгүй.
Нэгдүгээрт, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж буй хүчин зүйлийг судалж үнийн өөрчлөлтийн индексийг батлах. Хоёрдугаарт, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны долдугаар сарын 1-ний дотор УИХ-д танилцуулах гэж байгаа. Төсөвт өртөг гэдэг нь 2021 оноос эхэлж байгаа обьектэд хамаарна. 2022 оны төсвийн орлогыг өндөр төлөвлөсөн. Тиймээс оны эхнээс шахуу арга хэмжээ авч ажиллахаас өөр аргагүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Сангийн яамнаас асуух асуулт байна. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Үндэслэл нь “Түнш орнууд олон улсын байгууллагаас бусад эх үүсвэрээс Засгийн газрын гадаад зээл авах, хэлэлцээр байгуулахтай харилцааг нарийвчлан зохицуулаагүй байна” гэж тайлбарлажээ. Уг нь зохицуулалт байдаг санагдах юм. Гадны зээл тусламжийн асуудлыг эдийн засаг, хөгжлийн яам шийдэхээр оруулж ирсэн байна. Өрийн асуудал нь Сангийн яам дээр байх ёстой. Аль төслийг санхүүжүүлэх, хэн шийдэх вэ гэдэг нь зөрчил үүснэ. Өртэй холбоотой асуудлаар Сангийн яам нь илүү эрх мэдэлтэй байх ёстой. Ирэх жилээс хуульд өөрчлөлт орж өрийн асуудал нь Сангийн яаманд шилжсэн тохиолдолд хөгжлийн яаманд ямар функцийг оруулах вэ. Аль функийг Сангийн яам өөр дээрээ авах вэ? Гуравдугаарт, “Ирээдүй өв сан"-гийн мөнгө хоосорсон гэх мэдээлэл байна. Уг нь хоёр их наяд орчим төгрөг байх ёстой. Энэ сангийн мөнгө байлаач гэсэн төсөвт зарцуулахыг би хувьдаа дэмжихгүй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-"Ирээдүй өв сан" төрийн сан дотор эх үүсвэр нь зохицуулагддаг болоод хоёр жил болж байна. Өчигдрийн байдлаар төрийн сан дахь төсөвт байгууллагууд, "Ирээдүй өв сан"-гийн мөнгө багтаад нийтдээ 5.2 их наядын харилцах дансны үлдэгдэл байгаа. Бэлэн мөнгөний үлдэгдэл нь 1.3 их наяд төгрөг. Уг нь "Ирээдүй өв сан" төрийн сангаас тусдаа цуглараад явж байвал бэлэн мөнгөөрөө баталгаажаад ирээдүйд хадгалаад явах нь зөв. Цаашдаа аажмаар энэ зарчим руу шилжинэ. "Ирээдүй өв сан"-гийн энэ жилийн үлдэгдэл 2.3 их наяд орчим болно. Тэр нь дансандаа хадгалагдана. Цаашдаа эх үүсвэрийг нь тусгаарлана.
Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир:
-Монгол Улсын Засгийн газрын өр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 27 их наяд төгрөг байна. Үүнээс гадаад зээл нь 24 их наяд бөгөөд хөнгөлөлттэй зээл нь 16.4 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өрийн 60 хувь нь гадны зээл. Гэтэл өрийн удирдлагын тухай хуульд дотоод бонд, гадаад бонд, баталгааны асуудлыг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулдаг. Гадаад зээл авахдаа хуульд тодорхой шаардлагууд байдаг боловч ямар дарааллаар шаардлагыг хэрэгжүүлэх нь тодорхойгүй учраас зээлийн бодлого нь алдагдчихсан.
Хоёр яам байгуулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлнэ
УИХ шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах хуулийн төслийн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хамтад нь хэлэлцээд батлах ёстой. Гэтэл энэ хууль сугарч үлдчих гээд байна. Энэ хуулийг хэзээ хэлэлцэх вэ?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн:
-УИХ дээр гурван хуулийн төсөл бий. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд оруулах өөрчлөлт байна. Ажлын хэсэг ярилцаж байгаад зөвхөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийн асуудлыг төсөвтэй хамт батлуулахаар болсон. Хамтад нь батлуулах шаардлага ч үүссэн. 2022 оны төсөвтэй хамт бүтцийн асуудлыг нь шийдвэрлэхгүй бол болохгүй. Үлдэж байгаа асуудлууд эдийн засгийн байнгын хороон дээр байгаа. Энэ онд багтаад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж таарах нь. Гэхдээ үүнийг анхнаас нь зөв хийх хэрэгтэй. Бүтэц бүрэлдэхүүнийг нь зөв хийхгүй бол мордохын хазгай гэгч нь болчих вий. Алсын хараа 2050 хөгжлийн загварт дурдсанаар Монгол Улс эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч гүрэн болно гэх зорилт тавьсан. Шинээр байгуулагдах Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтарч баялгийн менежментийг зөв хийх ёстой.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Эдийн засаг, хөгжлийн яаманд хамгийн чухал зүйл бол мэргэжлийн макро түвшинд мөнгөний бодлогыг харж чаддаг боловсон хүчин чухал. Тус яамыг байгуулах нь цаг үеэ олсон зөв шийдэл гэж харж байна. АНУ-ын эдийн засгийн байдал инфляци, үнийн өсөлт нь сүүлийн 30 жилд байгаагүй өндөр түвшин буюу 6.2 хувьд хүрчихлээ. Хятадын үйлдвэрлэлийн инфляци нь 13.5 хувьд хүрсэн. Энэ нь сүүлийн 26 жилд байгаагүй өндөр тоо. Дээрх хоёр улсын үнийн өсөлт нь Монгол Улсад нөлөөлөх нь тодорхой. Тиймээс иргэд болон аж ахуйн нэгжийн бодит орлогыг хамгаалахын тулд сөрж, урьдчилж бодлого боловсруулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хийнэ. Монголбанк үүнийг хийж чадахгүй. Үүнийг шийдэхэд Засгийн газрын оролцоо хэрэгтэй.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
2022 оны төсвийг хэлэлцэж байна
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын ажлын хэсэг төрийн байгууллагын зарим ажилтан хууль зөрчсөн эсэх асуудлаар гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах талаар үг хэллээ. АН-ын гишүүд өчигдөр сахилгын хороонд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Ганзориг, н.Амардэлгэрт ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэх албан бичиг хүргүүлсэн.
Тэрбээр "Өнгөрсөн хавар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дээр хэлэлцэх ёстой. Хууль зүй байнгын хорооны дарга хэлэлцэх асуудалд оруулахыг зөвшөөрсөн ч огт ажил хэрэг болохгүй юм. Үндсэн хуульд зааснаар "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам олон нийтийн бус байгууллагууд хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэг нам олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэж заасан. Гэтэл юм хэрээс хэтэрч Монголын төр хоёр дахь намаараа тоглож байна. МАНАН бүр болохоо байлаа. Монголд шударга ёс гэж алга. Мөнгөтэй хүмүүсийн тоглоом Монголын улс төр болжээ. Хууль шүүхийн байгууллага АН-ыг яаж самарч байгааг ярьмаар байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Ардчилсан намаар ингэж тоглож байгаа юм чинь Монголд хууль байхгүй болжээ. Энэ асуудлыг хэлэлцэх асуудад оруулахаар юу нь болохгүй байгаа юм бэ. Тэгж ярьвал УИХ-ын дарга Л.Занданшатарын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдсан. Та нар юу нуугаад байгаа юм. Олон нийтэд ил ярих зүйл надад лав олон байна. Ер нь Монголын төр 2-3 дарангуйлагчийн гарт орчихлоо" гэлээ.
УИХ үргэлжлүүлэн 2022 оны төсвийг хэлэлцэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "2022 оны Төсвийн тухай хуулиар гурав хоногийн завсарлага авах саналтай байна. 2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх талаарх зүйл төсөвт алга. Хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг бий болгох зүйл алга. Төсөвт ирээдүй өв сангийн мөнгө авч хэрэглэхээр болсон байна. Ингэж болохгүй. 2030 он хүртэл хэрэглэхгүй байхаар хуульд заасан. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүй өв сангийн мөнгийг авч хэрэглэх эрх хэнд ч байхгүй" гэв.
Төсвийн тухай хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Тиймээс гурав хоногийн завсарлага өгөх боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. УИХ-ын даргын зүгээс АН-ын бүлэгт өнөөдөр 14:00 цаг хүртэл завсарлага өглөө.
Холбоотой мэдээ