Шүлхийгээр үхсэн мал ҮНЭТЭЙ, тахлаар нас барсан хүн ҮНЭГҮЙ

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Шүлхийгээр үхсэн мал ҮНЭТЭЙ, тахлаар нас барсан хүн ҮНЭГҮЙ

Шүлхийгээр үхсэн мал ҮНЭТЭЙ, тахлаар нас барсан хүн ҮНЭГҮЙ

Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян, Монгол баян гэж уянгалдаг. Гэвч үнэндээ монгол хүн бол Монголын баялаг.  Гэвч харамсалтай нь, Үндсэн хуулиараа малаа төрийн хамгаалалтад авсан Монгол хүний эрхийг хөсөр хаячихсан. Адгийн наад зах нь хүний амьд явах эрх ч алдагдаж байна. Цар тахлын халдвараас болж цаг бусаар нас барсан хүний тоо өдөр ирэх бүрд нэмэгдэж одоогоор 2000 давжээ. Найман настай балчираас наян настай хөгшин цар тахлаар хорвоог орхиж буй юм. Өдөртөө 10 гаруй хүн covid-19-ийн улмаас амиа алдаж байна.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос Covid-19-ийн үед хэрэгжүүлэх түр журам, захирамжийг хэрэгжүүлж, төсөв санхүүг баталж байгаа ч халдвараар нас хүмүүсийн ар гэрийнхэнд мөнгөн тэтгэмж үзүүлэх нь бүү хэл харамсал ч илэрхийлсэнгүй.

Гэтэл гоц халдварт өвчин  туссан малыг устгалд оруулж нөхөн төлбөрийг төрөөс олгохоор хуульчилсан байдаг. Эндээс харахад Монголд хүний амь малын аминаас ч долоон дор. Өнчин ишиг хулгайлсан хэрэгт оноох ял өндөр бол бусдын амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүд хэдхэн жилийн ял аваад суллагдсан жишээ олон.

Шүлхий, цэцэг, мялзан, сүрьеэ, бруцеллез зэрэг малын гоц халдварт өвчин илэрсэн тохиолдолд тухайн аймаг, сумдын хэмжээнд хөл хорио тогтоож, халдвар илэрсэн бүсээс шинжилгээ авч батлагдсан тохиолдолд тухайн тооны малыг устгалд оруулдаг. Энэ намар Дархан-Уул аймагт шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа.

Нэг малын дундаж өртгийг 90 хувиар тооцон үнэлж  малчинд нөхөн олговрыг өгдөг аж. Тэгэхлээр 700 мянган төгрөгийн нэг үхэрт устгалд оруулсаны зардал хэмээн 630 мянган төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн үг.

Малын эрүүл мэндийн асуудалд улсын төсвөөс 2020 онд 35.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэхүү санхүүжилтээр тандалт, судалгаа, ариутгал, халдваргүйтгэл хийхээс гадна ихэнх мөнгө нь гоц халдварт өвчний тохиолдол илэрсэн аймаг, сумдад нөхөн олговор байхаар тусгагдсан байгаа юм. Харин Covid-19 халдварын цар тахал дотоодод батлагдсанаас хойшхи хугацаанд эрүүл мэндийн салбарт үндсэн санхүүжилт дээр 18.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас нэмж олгосон. Гэсэн ч тэрхүү мөнгө эм, эмнэлгийн салбар, ариутгал, халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэгт зарцуулагдаж дууссан гэх тайлбараар албаны хүмүүс ам тагладаг. Гадаадаас ирсэн хүмүүсийн тусгаарлалт, улсын төсвийн нэмэлт санхүүжилт, шинжилгээний зардал гээд тооцвол Эрүүл мэндийн салбарт их хэмжээний мөнгө эргэлдсэн нь тодорхой. Гэвч, тэрхүү санхүүжилтын зардалдаа халдварт өвчнөөр нас барсан хүн, түүний ар гэрт тодорхой хэмжээний нөхөн олговор олгох асуудал огт тусгагдаагүй.

Цар тахлын үед Монгол Улс нэги иргэндээ 111 сая төгрөг зарцуулсан болохыг НЭМГ-ын дэд дарга Ж.Отгонболд хэвлэлийн бага хурлын үеэр нэгэнтээ ам алдсан. Харамсалтай нь, энэ мөнгийг авсан хүн одоогоор алга. Тэгвэл тэр их мөнгөө хаашаа "алга" болсон бэ гэсэн асуулт тавигдаж буй.

Covid-19-өөр нас барагсдын дийлэнх нь архаг суурь өвчнөөс хамааралтай нас баралтад бүртгэгдсэн. Зарим нэг нь бүр гудамжны архичин болж хувирсан.  Тахлаар нас барсан иргэний ар гэрийнхэнд нөхөн олговор өгдөггүй юм аа гэхэд ядаж л талийгаачдын суурь өвчинг зарлаж, нэр төрд нь халдмааргүй байна. Өөрөөр хэлбэл, малаас дор үнэлэгддэг Монголд хүн ядаж л нэр төртэй үхэх эрхтэй шүү дээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж