Ард түмэн приус унахыг "хориглоно"

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Ард түмэн приус унахыг "хориглоно"

Ард түмэн приус унахыг "хориглоно"

Шатахуун бага зарцуулдаг  приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсч" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. Гэтэл,  Засгийн газар  ард түмний хөл залгуулдаг, зарим талаар амьжиргааны эх үүсвэр болсон  приус автомашин  унах эрхийг нь "хориглох" нь  гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж эхэллээ. Учир нь авто замын түгжрэлийг бууруулахын тулд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг замын хөдөлгөөнд оролцохыг 2028 оноос эхлэн хориглох талаар яригдаж байна. Засгийн газар өчигдөр /2021.11.10/  уг асуудлыг   хэлэлцээд иргэдээс санал, асуулга авсны үндсэн дээр шийдэхээр тогтжээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй  652 мянган автомашин бий. Үүний 70 гаруй хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй.  Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх  гэнэ. Тэгвэл ийм хэмжээний машин Монголын зах зээлээс шахагдана гэсэн үг. 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрнэ. Замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан. Тиймээс нийслэл хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна.  Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно. Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа" гэж. Эндээс харвал иргэд хямд машин унах эрхгүй болох юм байна.

Олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн энэ асуудлыг цэгцлэхийг зарим иргэд таатай хүлээн авч байгаа  бол зарим нь хүчтэй эсэргүүцэж байна. Тухайлбал, “Замын хөдөлгөөний дүрэмдээ таарсан автомашин оруулж ирэх хэрэгтэй. Тиймээс баруун талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хязгаарлах нь зүйтэй” гэж хэлэх хүмүүс байхад  “Монголчууд  өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй, тиймээс төрөл бүрийн хязгаарлалт тогтоох нь буруу.  Зүүн талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирж худалдаалдаг хүмүүсийг далдуур дэмжиж байна” гэх мэтчилэн шүүмжилж байна. 

Одоогоос хоёр жилийн өмнө  буюу 2019 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хүрээнд  баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа хориглох" саналыг УИХ-д өргөн барьж байв.  Удалгүй хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан  Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан "Ард түмний унаа болсон приус машиныг 2021 оноос явуулахгүй гэсэн заалт"-ыг татаж авна гэдгээ мэдэгдсэн.  

Дээрх асуудал цахим орчинд олны анхаарлыг татсанаас хойш ийнхүү салбарын сайд нь өөрөө өргөн барьсан төслийнхөө дээрх заалтыг хасна гэдгээ зарласан нь энэ.  Дээрээс нь  2021 оны сонгууль дөхөж байсан  үед ийм шийдвэр гаргах нь эрх баригчдад эрсдэлтэй гэж үзсэн байх л даа.  Б.Энх-Амгалангаас өмнө 2017 онд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах  тухай Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга хийсэн ч иргэдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээсээ буцсан удаатай. 

Энэ удаагийн Засгийн газар автозамын түгжрэлийг бууруулахын тулд  420 тэрбум төгрөгийг  2022 оны төсөвт суулгасан. Тиймдээ ч эрх баригчдын зүгээс иргэдийн  эсэргүүцэлтэй тулгарсан ч дараах арга хэмжээг зүтгүүлэх бололтой. 

  • Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх,
  • Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
  • Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох,
  • Шатахууны үнэд нийслэл хотын  нэг хувийн татвар тооцох,
  • Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих 

ХААНА БАЙНА, АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР? 

Хэрэв Засгийн газрын баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах санал батлагдаж, хэрэгжиж эхлэх юм бол хуучин машины үнэ тэнгэрт хадах нь ойлгомжтой. Жолооны зөв хүрдтэй машин авах бэл бэнчинтэй нь  Монголд хэд вэ. Ямар зорилготой, хэний бизнесийг дэмжсэн лобби болохыг нь мэдэхгүй ч хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал монголчууд  машин унах эрхгүй болох нь.

Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тунхаглаж байв. Сонирхолтой нь, 2020 онд хөтөлбөрийн гүйцэтгэлийг  92.5  хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн удирдлагууд танилцуулсан.  Хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байгаа юм бол их л олон зүйл өөрчлөгдсөн байх ёстой баймаар. Гэвч бодит амьдрал дээр ямар  дүр зурагтай байгааг иргэд хамгийн сайн мэдэж байгаа. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол энэ онд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, явган хүний гарц, дугуйн замтай бухимдалгүй стрессгүй хот болох байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
31
ЗөвЗөв
10
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж