Монголд Covid-19-ийн халдвар аваад эдгэрсэн иргэд уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдийг зорин очиж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь олширчээ. Манба Дацан нэгдсэн эмнэлгийн амбулаторийн их эмч Л.Энх-Амгалангийн хэлж буйгаар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх иргэдийн ачаалал нэмэгдсэн байна.
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлгийн тухайд, эмийн болон заслын эмчилгээг иргэдэд санал болгож байгаа аж. Их эмч Л.Энх-Амгалан ярихдаа “Covid-19-ийн халдвар дотоодод дэгдсэний дараа иргэд амны хаалт тогтмол зүүж, ахуйн эрүүл мэнд нь сайжирч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энгийн ханиадны тохиолдол багассан. Гэвч Covid-19-ийн халдвараар өвдсөн, янз бүрийн зовиуртай хүмүүс ихэссэн. Бид эмийн болон заслын эмчилгээ хийж байгаа. Иргэдээ үзэж, оношилсоны дараа Covid-ийн эсрэг эм өгөх үү? эсвэл бусад эрхтэний системийг дэмжих эм өгөх үү? гэдгээ шийдэж байна. Хүн тус бүр дээр өөр өөр байх магадлалтай. Харин заслын эмчилгээнд нь бариа, төөнүүр, зөөгийн балтай татлага шаардлагатай тохиолдолд хануур, шивүүр зэрэг цус гаргах эмчилгээг хийж байна. Зайлшгүй тохиолдолд усан эмчилгээ, зүү тавьж байгаа” гэв.
"Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ажиглахад ихэнх нь ядарч, нойргүйдэж, сэтгэл санаа нь тавгүйтэж, хөлөрч байгаа зэрэг зовиурууд илэрч байна. Зарим хүмүүс хий ханиалгаж, толгой цээжээр нь өвдөж байна"
Тэрбээр цааш ярихдаа “Дунджаар 5-7 хоногийн эмчилгээ хийдэг. Гэхдээ Covid-19-ийн халдвар хэр хүнд туссан бэ гэдгээсээ шалтгаалж хугацаа нь өөрчлөгдөж болно. Хөнгөн хэлбэрээр буюу уушгины хатгалгаа тусаад эдгэсэн бол цөөн хоног эмчилгээ хийнэ. Харин хүнд хэлбэрээр буюу амьсгалын дутагдалд ороод бусад эрхтний системдээ өөрчлөлт орсон бол илүү олон төрлийн эм, эмчилгээг удаан хугацаанд үзүүлж байна” гэлээ.
Уламжлалт анагаах ухаанд онолын онцлог гэж байх агаад халдварт халуун өвчинд эхлээд халууныг нь боловсруулах үе шат, хоёрдугаарт нян вирусийг нь нядлах үе шат, гуравдугаарт хийг нь засах үе шат гэж бий.
Европ эмчилгээний тухайд нян вирус дээрээ тулгуурласан, дархлаа сайжруулах эмчилгээг хавсарч байна. Гэтэл эхэн үедээ халууныг маш сайн боловсруулах хэрэгтэй. Тэгэж чадвал дархлааг нь сайжруулдаг нян вирусийн эсрэг эмчилгээ маань өндөр үр дүнтэй болох магадлалтай гэж мэргэжлийн хүн учирлав.
Мөн дархлаа сайжруулах эмчилгээг зөвхөн эм уухаар эсвэл хоол ундаар зохицуулах нь зарим хүн дээр хангалтгүй байгаа гэнэ. Ялангуяа өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс ядаж төөнүүр, бариа хийлгэх шаардлагатайг эмч онцлов. Үүний ачаар дархлаа нь сайжирч, хий нь засрах аж. Халуун өвчний сүүлд хийг нь засах чухал гэнэ. Хүмүүс шинж тэмдэггүй болчихлоо, шинжилгээ өгөхөөр сөрөг гарчихлаа, халдвар аваад эдгэрчихлээ гэсэн мөртлөө ядарч сульдаад байгаа нь хийгээ эмчлүүлэх, засах хэрэгтэйг зөвлөлөө. "Тиймээс халдварт халуун өвчнөөр өвдсөн хүмүүс тодорхой хэмжээний хий засуулах эмчилгээ хийлгэх ёстой. Эсвэл хийг засах, бие махбодийг тэгшитгэх тангуудыг ууж болно" гэлээ.
ДУЛААН ХУВЦАСЛАЖ, ХАЛУУН ЮМ УУ
Харин уламжлалт анагаах ухааны “Ган Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Ж.Ганзул Covid-19-ийн эсрэг дархлаа чухал гэдгийг онцолж, аль болох хүйтэн уух юмнаас татгалзаж, халуун бүлээн юм уухыг зөвлөв. Тэрбээр “Хүйтэн юм уухаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн юм уух л юм бол хүний цусны эргэлт удааширдаг. Тиймээс тогмтол халуун бүлээн юм уу. Мөн дулаан хувцаслах хэрэгтэй. Нуруу, бөөр, доороосоо дулаан байж цусны эргэлт сайжирдаг.
Хөшсөн, чилсэн, бадаарсан үедээ гэрийн нөхцөлд өөрсдийгөө барьж, халуун жин, бумба тавьж, халуун усанд орох хэрэгтэй. Хэвтэрийн бус идэр залуу, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс маань хөлсөө сайн гаргаж, бодисын солилцоогоо эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүний дархлаа Covid-19-ийг хүчтэй эсэргүүцэх боломжтой болно” гэв.
“Ган Мед” эмнэлгийн хувьд Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд гурван төрлийг эмчилгээг санал болгож байна. Нэгдүгээрт, хануур. Covid-19-ийн улмаас цус өтгөрч байгаа учир цус шингэлэх энэ эмчилгээг зөвлөж байгаа аж. Хоёрдугаарт, зүү эмчилгээ. Энэ эмчилгээ нь хүний бодисын солилцоог эрчимжүүлж, өнчин тархинаас эхлээд бүх булчирхайнуудаар дамжиж, гормоны ялгаралтыг идэвхжүүлдэг. Гуравдугаарт, бариа. Covid-19-ийн үед захын хялгасан судаснууд бөглөрч, хөл гар ядардаг, амархан тамирддаг. Тиймээс цусны эргэлтийг сайжруулж, булчин дундах ажиллахгүй байгаа хялгасан судаснуудыг тэлэх, нээх эмчилгээ энэ гэнэ.
Европ талаасаа голдуу зүрх судасны, цус шингэлэх, хор тайлах эмчилгээ хийж байна.
Ерөнхий эмч Ж.Ганзул “Уламжлалт анагаах ухаан өвчний шалтгааныг эрж, эмчилдэг. Жишээлбэл, толгой өвдөхөд Европын анагаах ухаан хүчээр мэдрэлийг нь дарангуйлах, судсыг нь тэлэх, өвчнийг нь намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Харин уламжлалт анагаах ухаанд толгой яагаад өвдөх болов гэдгийг олж тогтоодог. Элэгний үйл ажиллагаа муудсан уу эсвэл хүзүү нурууны булчин чангараад тархины цусан хангамж дутагдалд орсон уу гэх шалтгааныг нь олдог. Үүнтэй адил яг л Covid-19-ийн шалтгааныг нь эрж эмчилж байна” хэмээн ярив.
"Европ анагаах ухааны цус шингэлэх эмийн үр дүн уламжлалттай харьцуулахад арай удаан үргэжилж байна гэж хараад байгаа. Витамин Ц, Д, Аспирин 81, 100 зэрэг цус шингэлдэг эмүүдийг иргэд хэрэглэж байна"
“Ган Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Дундговь аймгийн иргэн Х.Ганчулууны хувьд өнгөрөгч аравдугаар сарын 6-7-ны үед халдвар авч, хэсэг хугацаанд биеийн байдал нь хүндэрч, эцэст нь нэг юм тогтворжсон гэнэ. Тэрбээр ярихдаа “Суман дээрээ очиж шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гэж гарсан. Эдгэрээд энд ирээд 10 гаруй хоног эмчилгээ хийлгэж байна. Эдгэрсний дараа зүрх дэлсэх, цээжээр хөндүүр оргих зэрэг зовиурууд байсан. Одоо энд зүү, бариа, бумба зэрэг эмчилгээ хийлгэж, зовиурууд маань илааршиж байна” гэлээ.
Covid-19-ийн дараах цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа учир ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийн хөл гар бадаарах, уушги, цээжээр хөндүүрлэх, даралт ихсэх, зүрхний хэм алдах, харвах зэрэг хүндрэлүүд байгаа аж. Наймдугаар сараас хойш тус эмнэлгийн Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээний ачаалал ихэссэн аж. Насны хувьд 30-аас дээш насныхан зонхилж байна.
Хүнд, хөнгөн туссанаасаа үл хамааран дархлаагаа ямагт дэмжиж, эдгэрлээ гээд тайвшрах хэрэггүйг дээрх хүмүүсийн ярианаас харж болно. Ялангуяа хүйтэн сэрүүний улирал эхэлж буй учир иргэд маань дулаан хувцаслаж, халуун бүлээн шингэн юм уухыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ