Уран олборлолтыг дэмжсэн шиг дэмжээд хөгжье

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Уран олборлолтыг дэмжсэн шиг дэмжээд хөгжье

Уран олборлолтыг дэмжсэн шиг дэмжээд хөгжье

Бидэнд нэг САЙН, нэг МУУ мэдээ байна.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийхээр Монголын нутагт хөл тавьсан франц компани 20 гаруй жил бэлтгэлээ базаасны эцэст туршилтын үйлдвэрлэлээ сая нэг эхлүүлжээ.

Хөрөнгө оруулагчдыг дэмжиж, уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөх замаар эдийн засгаа тэлнэ гэсэн амлалтдаа Ерөнхий сайд хүрч, Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордын ураныг туршилтаар олборлож эхлэх боломжийг ингэж нэг бүрдүүлсэн нь гаднын, тэр дундаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдад маш том найдлага төрүүлэхүйц шийдвэр яах аргагүй мөн. Нөгөө талаар өнгөрсөн 60 жилийн хугацаанд дэлхийн эрчим хүчний хамгийн чухал эрдэс баялаг болсон ураны салбарт Монгол Улс жижиг ч атугай нэгэн оролцогч болох боломж үүгээр тавигдаж байгаа юм. Цар тахлын дараа улс орон бүр эдийн засгийн их сэргэлт рүү тэмүүлж байгаа өнөөдрийн САЙН мэдээ нь энэ.

Харин МУУ нь энэ САЙН мэдээг дуулмагцаа цөс нь хөөрөх хоосон эх орончдын хийрхэл.

Одоо эх орон гэж хий цээжээ дэлддэгээ яг үнэндээ болимоор байна, залхлаа. Эрин зуунтайгаа хөл нийлүүлж алхъя. Үнэн бодитой мэдээлэл авч, түүнийгээ уураг тархиндаа боловсруулж, мэдлэгт суурилсан шийдвэр гаргадаг, бодитой оролцоо бүхий иргэн болж төлөвшмөөр байна. Алийн болгон сургаар хуйларч, цуу ярианд итгэж, хөгжлөөс хойш сууж, хоцрогдох билээ. Энэ чигээрээ байвал бид хол явахгүй, улам л адаг руу шидэгдэх болно.

“Уран аймшигтай, аюулт хор, Дорноговийн мал сүрэг уранаас болж мутацад орж байна” гэж ам дамжуулан цуурах биш, уран олборлолт яаж шат ахисан, энэ элемент хөгжлийн ямар том хурдасгуур, эдийн засгийн ямар том хөшүүрэг болохыг таньж мэдэх цаг нь болжээ.

Зөөвч-Овоо орд ба тэрбум долларын боломж

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч-Овоо ураны ордыг “Коже говь” компани 1996 оноос анх хайгуул хийсний үр дүнд нээж, нөөцийг нь 2013 онд батлуулж байжээ. Тус ордын нөөцийг анх 54,640 тонн хэмээн баталж байсан бол хайгуулыг үргэлжлүүлсний хэрэг гарч, 93,290 тонн хүртэлх нөөцтэй нь баталгаажсанаар манай улс ураны батлагдсан нөөцөөрөө  дэлхийд 12-т бичигдэх болсон байна. Тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг өдгөө “Кожеговь” компанийн зэргэлдээ компани, Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан “Бадрах энержи” компани эзэмшиж байгаа юм.

Франц улсын төрийн өмчит “Орано Майнинг” компани нь уран олборлолтоор дэлхийд тэрүүлэгч гурван компанийн нэг. Үлдэж буй хоёр нь Казахстаны “КазАтомПром”, Оросын “УраниумУан” билээ. Дээрх “Орано Майнинг” компани өдгөө Дорноговьд үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” компанийн 66%-ийг эзэмшдэг бол үлдсэн 34%-ийг эзэмшигч Монголын Засгийн газрын бодлогыг “Мон-Атом” компани хэрэгжүүлж байна. Үндсэндээ гаднын компани дур мэдэн орж ирээд манай баялгаас зөөгөөд байгаа хэрэг огт биш, хоёр улсын гэрээгээр хэрэгжиж байгаа төслийн туршилт дөнгөж эхэлж байгаа нь энэ юм.

Ураны хайгуул эхэлсэн цагаас хойш 2020 он хүртэл Зөөвч-Овоо төсөлд Орано групп нэрлэсэн дүнгээр 530 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Инфляцыг тооцвол үүнээс өндөр дүн гарна гэсэн үг. Харин ураны туршилтын үйлдвэрлэл дуусаж, жинхэнэ үйлдвэрлэл эхэлснээр 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1,000 орчим ажлын байр бий болгох ТЭЗҮ-тэй.  Үйлдвэрлэлийн бүсэд өнөөдөр 65 ажилтан ажилладаг ба энэ нь “Бадрах Энержи” компанийн нийт ажилчдын 70%. Компани нийт худалдан авалтынхаа 97%-ийг дотоодын ханган нийлүүлэгчдээс авдаг.

Орон нутагт ч мөн хувь нэмрээ чамгүй оруулжээ. 2006 оноос хойш 6.6 тэрбум төгрөгийн хандивыг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан зарцуулсныг салбараар нь харвал

  • Боловсрол – 19%
  • Усны хүртээмж – 4%
  • Эрүүл мэнд – 10%
  • Соёл, спорт – 4%
  • Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд – 41%
  • Цахилгааны хангамж – 1%
  • Малын эрүүл мэнд – 21% гэсэн үзүүлэлттэй байна.

Гайхал шар нунтаг

Эдийн засгийн үр өгөөжөөс илүүтэй байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг иргэд илүү сонирхож байгаа байх. Тиймээс ямар арга замаар газрын гүнээс гайхал шар нунтаг гаргаж ирдгийг энгийнээр дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээе.

Туршилтын үйлдвэрлэл 2 орчим жил үргэлжилнэ. Энэ хугацаанд 20 орчим тонн байгалийн уран үйлдвэрлэж, экспортолно. Ингэхдээ эдийн засгийн хувьд ашигтай, экологийн хувьд харьцангуй цэвэрт тооцогдож байгаа хамгийн сүүлийн үеийн технологи болох газар доор уусгах аргыг ашиглана. Ингэхдээ нутгийн иргэд хяналт тавих нөхцөлийг хангах нь. Дэлхий дээр олборлож байгаа ураны тал хувийг энэхүү технологиор гарган авч байна.

Ураныг газар доороос уусган олборлохдоо уусмал соруулах худгийг тойруулан зургаан худаг өрөмдөж, түүгээрээ уусгах уусмалаа шахна. Үүнийг торлол гэх нэрлэх бөгөөд Улаанбадрахад ийм хоёр торлол байна. 180 метр гүнтэй хоёр торлолын нэг нь 30, нөгөө нь 50 метрийн диаметртэй. Хүчилуүүлсэн  уусмал буюу 100 литр усанд хоёр литр орчим хүхрийн хүчил нэмсэн уусмалыг тэдгээр худгаар шахах бөгөөд уусмал газрын гүн дэх чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусган авна. Үүнийг торлолын гол дахь цооногоор соруулан авах бөгөөд уусмалаас ураныг давирхайд наалдуулан аваад үлдсэн уусмалдаа хүхрийн хүчил нэмээд буцаан газрын гүн рүү шахдаг байна. Ийм л үйл явц битүү тойрогт тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Хэдий хэмжээний уусмалыг газрын гүнд шахна, яг тэр хэмжээтэй уусмалыг буцаан соруулж авдаг гэж болно. Энэ явцад уусмал дахь хүчлийн агууламж буурдаг учраас буцаан шахахдаа сүлруулсан хүхрийн хүчил нэмдэг гэж энгийнээр тайлбарлах нь зүйтэй. “Улаанбадрахын ураны ордын тухайд хүдрийн дээд, доод хэсгээрээ шавран давхаргатай учраас уран нь цаашаа нэвчдэггүй. Тиймээс энэ технологи манайд яг тохирч байгаа” гэдгийг Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Н.Норов тайлбарлаж байсан удаатай.

Ингэж байгалийн ураныг  гаргаж ирдэг байх нь. Энэ бүх үйл ажиллагааг Олон улсын атомын агентлагаас тодорхойлсон норм стандартаар олборловол сөрөг нөлөө байхгүй гэж үздэг.

Өдгөө ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч тоглогч болж чадсан Казахстаны Катко хэмээх газрын доор уусган олборлох аргаар олборлолт явуулж байгаа уурхайд зочилсан монгол сэтгүүлчид Зөөвч-Овоогоос хэд дахин том тус ордын үйлдвэрлэлтэй зэрэгцээд мал амьтан бэлчиж л байдгийг баримтжуулаад ирсэн.

Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Харин айсан хүнд аргал хөдөлдөг. Чухам энэ л учраас бага ч гэсэн мэдүүлэх үүднээс тайлбарлах гэж оролдлоо.

Цэвэр эрчим хүчний эх үүсвэрт уран зүй ёсоор нэрлэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Өнөөдрийн хөгжлийн түвшинд эрчим хүчийг хамгийн байгальд ээлтэй, цэвэр аргаар үйлдвэрлэх арга нь уран гэдгийг дэлхийн томоохон улс орнууд хүлээн зөвшөөрч, нүүрс бус уранд хөрөнгө оруулалтаа чиглүүлж эхлээд байна.

Жишээ нь, Багануурт нэг тонн нүүрс ухаж авахын тулд 4 тонн шороо овоолж, гүний усыг нь шавхаж байгаа. Үүнээс 70 чингэлгийг ДЦС4 нэг хоногт шатааж, 10 тонн үнсний хаягдал бий болгодог. Тэгвэл 1 гр уран 20 гаруй тонн нүүрстэй дүйнэ.

Ийм ашигтай технологи учраас АНУ-д л гэхэд цөмийн эрчим хүчний судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтын сангийн дүн  50% нэмэгджээ. Энэ нь нүүрстөрөгчгүй цэвэр эрчим хүчний үнэ цэн өссөнтэй холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд л гэхэд АНУ-ын Конгресс 2021 онд цөмийн эрчим хүчний төслүүдэд зориулж 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталжээ.

Урд хөрш хилээ хаасан нь бидэнд гуравдагч хөршийн чухлыг улам мэдрүүллээ. Нэмээд хойш хөрш ч хилээ хаах нь тодорхой болоод ирлээ.

Ийм нөхцөлд бид уламжлалт сэтгэлгээндээ хүлэгдээд шинжлэх ухаанч бус баримт нотолгоогүй айдас, хий хоосон хийрхэлээс болж хойш суусаар байх уу?  Газар доорх ашигт малтмалыг олборлож, боловсруулж, зах зээлд борлуулж байж л үнэ цэн бий болдог гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс ураны олборлолтыг дэмжсэн шиг дэмжээд хөгжье. Эсвэл хөрөнгө оруулагчдыг дахин үргээгээд бахь байдгаараа үлдье.

Н.ГЭРЭЛТ

Эх сурвалж: nei.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж