Монголчууд цар тахлыг дотоодод алдаагүй, эмнэлэг хоосон байхад жимсний чанамалтай талх голж, эмч, ажилтнуудын өөдөөс шөлтэй хоолоо шидэж байсан омголон үе бий. Харин өнөөдөр эмнэлэгт хэвтье, тусгаарлагдъя гэсэн ч ор олдохгүй, улсаараа тахалд нэрвэгдээд байна. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахалтай зэрэгцэн “халдвар хамгааллын дэглэм мөрдөх” гэх хүмүүст дасал болжээ. Энэ тухай чихэнд хоногштол ярьж сануулсан хүмүүсийн нэг бол УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр. Тэр бол цар тахлын голомтод амрах завгүй дайчлагдсан мянга мянган төрийн албан хаагчдын төлөөлөл. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг иргэдэд дамжуулж бас шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргаж яваа удирдах албан тушаалтнуудын нэг. Энэ удаагийн ярилцлагын зочноор УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг урилаа.
–Таны хувьд орон нутагт ажиллаад ирсэн гэлээ. Орон нутагт цар тахлын байдал ямар байна?
-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы шийдвэрээр Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт хоёр чиглэлээр ажиллалаа. Штабын даргын ахалсан ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан. Томилолтын ихэнх хугацааг Замын-Үүд суманд өнгөрөөлөө. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу УОК-ын нэгдсэн шуурхай штабаас хүйтний улирлыг даван туулахтай холбоотой богино хугацааны стратегийг боловсруулсан. Энэ хүрээнд ямар ажлыг зохион байгуулах вэ гэдэг аргазүйн заавар зөвлөмжийг өгөх зорилгоор ажиллаад ирлээ.
-Аргазүйн заавар зөвлөмж гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Миний бие ахалсан ажлын хэсэг Замын-Үүд суманд төр захиргааны, аж ахуйн нэгж, төвлөрсөн удирдлага бүхий байгууллага, иргэний нийгмийн сонирхлын есөн бүлэгтэй уулзсан. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг үнэнээр нь хэллээ, асуудлыг тайлбарласан. Үр дүнд нь ойлголцол бий боллоо. Бидний гол зорилго Covid-19 халдварын шалтгаант нас баралтыг багасгах, халдварын тохиолдлыг бууруулах чиглэлээр тактикаа төвлөрүүлж ажиллах. Энэ хүрээнд дархлаажуулалт, хувь хүний халдвар хамгаалал, эрт оношлогоо, эмчилгээ гэсэн гурван том зорилтыг дэвшүүлээд байгааг та бүхэн мэднэ. Иймд Замын-Үүд суманд ажиллахдаа гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай болохыг тайлбарласан.
Зарим зүйлийг бодит амьдрал дээр харахад, тухайн хүн нийгмийн гарал, албан тушаал, хариуцлагаас үл хамаарч өвчний өмнө өвдөг сөхөрдөг юм билээ. Өвчин бол хэнийг ч тойрохгүй шүү. Хэн ч байсан өнөөдөр үр хүүхэд, хань ижил, аав, ээж чинь, өөрөө өвдөх цагт өршөөлийг эрж, маш хүнд байдалд ордог.
Цар тахлын энэ цаг үед эх орны минь өмнө хүнд сорилт тулгараад байна. Үүнийг бид эв нэгдлээр даван туулна. Бид бие биедээ туслах ёстой. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үг бий. Тиймээс одоо л та бүхэн дархлаажуулалтад хамтарч ажиллаач, тусалж дэмжээч гэж гуйсан юм. Хүндрэл бэрхшээлийг тойрохгүй хүн гэж байхгүй. Бүгд адилхан. Хэрэв Монгол Улсад зовлон тохиовол асуудлыг бид хамтдаа л нуруун дээрээ үүрч давах ёстой. Дараа нь бидэнд сайн цаг ирвэл жаргалыг бид хамтдаа л угтана. Түүнээс зовлонг тойрох хүн, албан тушаалтан гэж байхгүй.
Бид үнэнээ л хэлсэн, цар тахлаар олон хүн амь насаа алдаж байна. Ахимаг, өндөр настан гэлтгүй хүүхэд ч нас барж байна. Өвчнөөр бид үр хүүхдээ алдчихаад зүгээр хараад суух юм уу.
Асуудлыг бидэнтэй уулзсан хүмүүс ч сайн ойлгосон, тав хоногт л Замын-үүд суманд дархлаажуулалт маш эрчимтэй нэмэгдсэн. Жишээ нь, Тээвэрчдийн холбооноос бусдыгаа уриалж, тус холбоо Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 2500 хүн бүр рүү утсаар холбогдож дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан. Замын-Үүд суманд байсан бүх жолооч нар гуравдугаар тунд хамрагдсан.
ҮР ХҮҮХДЭЭ АЛДЧИХААД БИД ЗҮГЭЭР ХАРААД СУУХ УУ?
–Засгийн газар, УОК-оос иргэдээ аль болох эртхэн гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байгаа. Гэхдээ нэмэлт тунгийн дархлаажуулалтын талаарх олон нийтийн ойлголт тааруухан байх шиг. Энэ талын сурталчилгаа явуулж, гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлмээр юм биш үү?
-Хатуу хэлье, өвчнийг тойрч, зовлон бэрхшээлийн гадуур үлдэх нэг ч хүн байхгүй. Өвчинд өртлөө ч хор хохирол багатай даван туулах нь маш чухал.
Бидэнд хамгийн үнэ цэнтэй нь хүний амь нас. Үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд. Хамгийн үнэ цэнтэй нь хүний амь. Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс аль болох хүний амь эрсдүүлэхгүй байх, цар тахлыг хор хохирол багатай даван туулах бодлого баримталж байна.
Тэр дундаа хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд даван туулах зорилготой. Тиймээс бид дархлаажуулалтын талаар өдөр бүр аймгийн Засаг дарга нартай шууд цахимаар холбогдож дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэл өгч ажиллаж байна. Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, яам, агентлаг аж ахуйн нэгж, төрийн цэргийн байгууллага зэрэг олон чиглэлээр дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдах талаар хамтран ажиллаж байгаа.
–Өдөр бүр 10-12 хүн амь насаа алдаж, нас баралт 2000 давлаа. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд нэг ч иргэний амь хайран шүү дээ?
-Хүндрэл бэрхшээл бий. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар гуравдугаар тунд хамрагдснаар нас барах эрсдэлийг бууруулах боломжтой. Миний таньдаг олон хүн Covid-19-т өртсөн, амь эрсдсэн ч бий. Тиймээс аль болох цаг алдалгүй вакцины нэмэлт тундаа хамрагдаасай гэж хүсч бас уриалж байна. Мэдээж вакцин тариуллаа гээд өвдөхгүй гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ нас барах эрсдэлийг бууруулна.
Би вакцины хоёр тунд хамрагдсан ч Covid-19 халдвараар өвдөөд эдгэсэн. Хэрэв би вакцинд хамрагдаагүй байсан бол муугаар бодоход амиа алдахыг ч үгүйсгэхгүй.
Би чихрийн шижин өвчтэй. Вакцины үр дүнд энэ аюулт өвчнөөр харьцангуй хөнгөн өвдлөө гэж бодож байна. Энэ зовлонг адилхан л үүрч, голомт дунд нь ажиллаж байна.
БИД Ч БАС ХҮН, АДИЛХАН ӨВДДӨГ
–Улаан бүсэд байдал үнэхээр хүнд байгааг ойлгож байна. Эмч, эмнэлгийн ажилчид ёстой л өргөсөн тангарагтай үнэнч зүтгэж яваад талархаж байна. Тэд маань ямар зовлон бэрхшээл ярьж байх юм бэ?
-Эрүүл мэндийн салбарынхан Covid-19 халдварт өртсөн тохиолдол бий. Заримдаа хүний хүчин зүйлээс давсан, давагдашгүй нөхцөлд ч эмнэлгийнхэн ажилладаг шүү дээ. Улаан бүсэд, "галын фронт"-д ажиллаж буй эмч, сувилагч нар маш их ачаалалтай ажиллаж байгааг ч биеэрээ мэдэрсэн. Би ч адилхан "галын фронт"-д ажиллаж байгаа хүний хувьд улаан бүсэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, зовлонг биеэрээ мэдэрч л ойлгох шаардлагатай. Намайг эмнэлэгт байхад улаан бүсэд сатурац буюу хүчилтөрөгчийн хангамж нь унасан хүн ирсэн. Хуруунууд нь хөхөрсөн. Яаралтай хүчилтөрөгчийн аппаратад орох шаардлагатай болохыг эмч нь хэлж байгаа юм. Ийм хүмүүс зөвхөн ХӨСҮТ гэхгүй бусад эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа.
Эмч, ажилчид толгой өндийх завгүй шөнөжин гүйж таардаг юм билээ. Нэг орой 22:00 цагийн орчимд халдвар авсан 20 гаруй насны залуу хосууд эмнэлэгт ирсэн юм билээ. Харамсалтай нь, нөхөр нь нас барчихсан. Эхнэр нь нялх хүүхдээ тэврээд хөхүүлж чадахгүй уйлж байна гэсэн мэдээллийг эмнэлгээс штабт ирүүлж байлаа.
Бид хүүхдэд нь шаардлагатай хоол тэжээлийг өгч тусламж үзүүлж байсан. Та бидний эргэн тойронд өдөр бүр аав ээж, ах дүү, үр хүүхэд, хань ижилээ алдаж байгааг харж байна. Дахин хэлэхэд, өвчний өмнө өвдөг сөхөрдөг юм билээ. Хүний давагдашгүй хүчин зүйлийн үед өвчинд өртөхгүй гэх баталгаа байхгүй. Нэгдсэн шуурхай штабын ажиллагсад ч өвдөж байсан. Хэдийгээр албан хаагчдын дархлааг аль болох дэмжихэд анхаардаг ч шөнийн цагаар үүрэг гүйцэтгэхэд дархлаа унаж байгаа нь өөрт ч мэдрэгддэг. Бид ч бас адилхан хүн шүү дээ.
–Таны удирдаж байсан Шуурхай штабын бүрэлдэхүүн, өнөөдрийн Нэгдсэн шуурхай штаб хоёрын ялгаа нь юу вэ. Юунд илүү төвлөрч ажиллаж байна?
-Өнгөрсөн хугацаанд ажигласан нэг зүйл нь төрийн байгууллагын төлөөлөл нэг дор төвлөрч ажил зохион байгуулахад хурдтай байлаа. Салбар хоорондын мэдээлэл солилцох ажил маш хурдан. Тухайлбал, албан бичиг нэг байгууллага руу явуулчхаад хариуг нь хүлээхэд цаг хугацаа их алддаг.
Гамшгийн удирдлагыг хэрэгжүүлэх алтан дүрмийн нэг нь цаг хугацаа алдаж болохгүй. Цаг хугацаа, зардал хоёр шууд хамааралтай. Цаг алдах бүрт хор хохирол өсч байдаг. Иймд төрийн байгууллагууд нэг дор төвлөрөхөд мэдээллээ солилцохоос авхуулаад маш хурдтай ажилладаг.
Саяхнаас УОК-ын шуурхай штаб нь Нэгдсэн шуурхай штаб гэсэн бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орлоо. Энэ бол гамшгийн удирдлагын дараагийн шатанд шилжиж буй алхам. Нэгдсэн шуурхай штаб зөвхөн цар тахлын эсрэг тэмцэх чиг үүргээс гадна болзошгүй аюул, осол тохиолдсон үед бусад төрийн байгуулллага, олон улсын байгууллагууд хамтран ажиллах юм. Бидний хувьд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ хэрэгжүүлэхээс гадна бусад учирч болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Өвлийг хүндрэл багатай даван туулах стратеги төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлсэн.
Мөн сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нэмэгдсэнтэй холбогдуулан бэлэн байдлыг хангах, дадлага, сургууль хийх шаардлагатай байна.
Хамгийн гол нь хүйтний улиралд цар тахал томуу төст өвчинтэй хавсрахаас болгоомжилж, нас барах хүний тоог бууруулах, тархалтыг хумих бодлогын хүрээнд бүх шатанд ажиллаж байна.
ЭРГЭЖ БУЦАХ, ЗАСЧ ЗАЛРУУЛАХ АЖЛУУД БАЙСНЫГ НУУХГҮЙ
–Цар тахлыг Монгол дотоодод алдаагүй байхад УОК-ын Шуурхай штабыг та ахалж байсан. Тухайн үетэй харьцуулахад одоо нөхцөл байдал маш хүндэрсэн. Гамшгийн хэмжээнд очсон гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19 халдварын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний алдаа, оноог нь та хэрхэн харж байна?
-Цар тахал Монгол Улсад хүнд сорилт болж байна. Өвчин анх дэгдэж байхад бүгд ямар байлаа. Энэ хугацаанд өвчинтэй тэмцэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Мэдээж, зөв шийдэлтэй ажлууд байсан. Эргэж буцах, засч залруулах ажлууд байсныг нуугаад яах вэ.
Бүх зүйлийг төгс төгөлдөр хийсэн гэж хэлж чадахгүй. Бас бодитой зүйлд үнэнээр нь хандаж, байгаа зүйлдээ тулгуурлан тактик боловсруулж урагшлах нь гол зорилго, гол чиглэл. Ийм л учиртай. Энэ тухай яривал маш урт түүх болно. Та бид хоёрын ярилцах цаг ч хүрэлцэхгүй.
Ер нь Covid-19 халдвар анх дэгдсэн цагаас эхлэн өнгөрсөн оны нэгдүгээр сараас Засгийн газар шуурхай хариу арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хүрээнд 2020 оны гуравдугаар сарын 12-нд УОК-ын Шуурхай штабыг байгуулсан. Тухайн үед болж байсан процесс үйлд явдалд оролцож байсан хүний хувьд олон зүйлийг дотроо бодож үлдлээ. Энэ нь гамшиг судлаач хүний хувьд би бусад орнуудтай харьцуулахад шийдвэр гаргах түвшинд Үндэсний аюулгүй зөвлөлөөс авахуулаад Засгийн газар, УИХ-ын зүгээс олон шийдвэр гарч байсан. Энэ бүх шийдвэрийг он цагаар дараалан дүн шинжилгээ хийлгэхээр эхлүүлсэн. Учир нь энэ бол түүх. Шийдвэр гаргах түвшинд харьцангуй сайн ажил хэрэгжүүлсэн гэж хувьдаа дүгнэдэг.
Хүндрэл бэрхшээл байсныг нуухгүй. Гэхдээ бүгдийг нь дурдаж хэлмээргүй байна. Бас зөв шийдлээр зохицуулсан асуудлууд ч байгаа. Ямартай ч бид цар тахал дэгдсэн цагаас хойш бид гал алдахгүй байж вакцинтайгаа залгасан шүү дээ.
-Үнэндээ цар тахлаас гадна УОК, НОК хоёр зөрчил, утга авцалдаагүй шийдвэрүүд иргэдийг багагүй бухимдуулсан нь худлаа биш. Яагаад төрийн байгууллагуудын шийдвэр "нэг амтай" байж болохгүй байгаа юм бэ?
-Дээр дурдсан олон байгууллага нэг дор төвлөрч ажиллахад үл ойлголцох, санал зөрөлдөх асуудал гардаг. Дээд шатны шийдвэрийг доод шатанд хэрэгжүүлэх нь УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үүрэг. Нуугаад яах вэ эргэж хараад бодох зүйлс ч бидэнд байгаа. Бас зөв шийдвэрүүд ч бий. Төрийн албан хаагчийн хувьд, эх орондоо тангараг өргөсөн цэргийн албан хаагчийн тухайд нэг л зүйл боддог. Цар тахал хэзээ нэгэн цагт дуусч, бүгд хэвийн амьдралдаа шилжих байх. Харин Covid-19 халдвар дэгдсэнээс дуусах хүртэл хугацаанд бид маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Нийгэм, эдийн засагт эргэж бодох дүгнэлт хийх нь чухал. Гэхдээ хэн нэгнийг буруутгах талаас биш, бодит дүгнэлт байх ёстой. Зарим зүйлд эвлэрэх хэрэгтэй. Яагаад гэвэл, Монгол Улс мөнхөд оршино. Бид түр зуурынх. Ирээдүйд эрүүл мэндийн салбарыг авч явах олон залуу боловсон хүчинд практик сурах бичиг, амьд туршлага бүхий сургамж болно. Бидэнд нэг гэм бий. Covid-19 дууслаа, маргааш нь юу ч болоогүй мэт. Ийм байж болохгүй, бүх процесст дүн шинжилгээ хийж нэг ширээний ард сууж эвлэлдэн нэгдэж ойлголцож гар гараасаа бариад явах ёстой. Бидэнд ганцхан ашиг сонирхол бий. Энэ бол Үндэсний аюулгүй байдал. Түүнээс хэн нэгэн албан тушаалтан нэг хүний эрх ашиг гэж байхгүй.
СҮҮЛИЙН 14 ХОНОГТ ГЭРИЙН НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ
–Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд цар тахалтай тэмцэж буй арга хэмжээг цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллага удирдах нь буруу гэдэг. Энэ толгой удирдлагаа эрүүл мэндийн яаманд зангидах, эсвэл ажлын баг гаргаж буй хүмүүсээр зангидуулах нь чухал гэж үздэг. Гэсэн ч олон улсын туршлага ямар байдаг вэ. Онцгой байдлын газраас шийдвэр гаргах нь зарим талаар нөлөө үзүүлэх, эмчилгээ оношилгоо үйлчилгээнд алдах тохиолдол гарч байгаа юм биш үү. Үүнийг та хэр зөв гэж бодож байна?
-Цар тахал, халдварт өвчний эсрэг тэмцэх хариу арга хэмжээ авч ажиллах нь эрүүл мэндийн салбарын үндсэн үүрэг. Гэсэн ч зэрэгцсэн олон ажлыг хамтран зохион байгуулах шаардлага бий болсон. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр иргэдийг татан авах, тусгаарлах, ойрын болон дам хавьтлуудын маршрутыг тогтоох, эмнэлэгт доголдол үүсэхэд нэгдсэн зохион байгуулалттайгаар яаралтай засварлах зэрэг ажлыг төрийн олон байгууллага хамтран зохион байгуулсан. Иймд Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу онцгой байдлын байгууллага зохицуулалтаар хангаж ажиллаж байгаа юм. Бусад улс орны гамшгийн туршлагаас харахад гамшгийн голомтод олон байгууллагыг нэгтгэж хамтран ажилладаг учраас зохицуулалт чухал байдаг.
-Гэхдээ УОК-ын Шуурхай штаб байх шаардлага байна уу. Энэ бол илүү орон тоо юм шиг санагдах?
-Орон тооны бус, тайван цагт үйл ажиллагаа нь идэвхжихгүй, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл тохиолдсон үед Шадар сайдын шийдвэрээр идэвхжинэ. УОК-ын Нэгдсэн шуурхай штаб байгуулагдсаныг хүмүүс гайхаж магадгүй.
Бидний үндсэн чиг үүрэг төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог зохицуулалтаар хангах. Тухайн салбараа мэддэг маш туршлагатай мэргэжилтнүүд нэг дор цуглаж хамтран ажилласнаар давуу тал маш их. Мэдээлэл солилцоход цаг алдахгүй.
Нэгдсэн шуурхай штаб хоёр том үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт нөөцийн менежментийг хэрэгжүүлнэ. Ослын удирдлагын түвшинд тусламж үзүүлэх, гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал. Жишээ татвал, 145 ортын хүчилтөрөгчийн үйлдвэр өнгөрсөн эвдрэхэд маш олон хүний амь эрсдэлд орж байгаа юм. Мэдээж эмнэлгийнхэн өөрсдөө хүчилтөрөгчийн хангамжийн доголдлыг арилгахаар тал тал тийшээ гарч гүйх боломжгүй. Харин бид мэдээллийн дагуу маш богино хугацаанд 24 цагийн хугацаанд тухайн үйлдвэрийн гэмтлийг засварлаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хөдөлмөр зохион байгуулалтыг хангасан менежментийн бүтэц юм. Хоёрдугаарт, Штабын үндсэн чиг үүрэг нь мэдээллийн менежмент. Хаана, юу болж байна гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Бараг оготны нүхэнд байгаа мэдээллийг ч мэдэх ёстой. Ийм учраас мэдээллийн менежмент зохицуулалтаар хангаж нөөцийн дэмжлэг үзүүлээд ажиллаж буй хэсгийг Нэгдсэн шуурхай штаб гэж байгаа юм.
–УОК-ын Нэгдсэн шуурхай штабын хариуцсан нэг ажил нь гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах. Одоо ямар тохиолдолд гадаадаас ирсэн зорчигчдыг тусгаарлаж байна?
-Тусгаарлах байр татан буугдсан. Сайн мэдээ нь, сүүлийн 14 хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Энэ бол УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ор зохицуулах багийн үр дүн.
Холбоотой мэдээ