Монгол Улсад боловсролын салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Төрийн соёрхолт, ардын багш Ш.Чоймаатай ярилцлаа.
-Монголд орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна, ирэх жил таны хоёр дахь гэр болсон МУИС-ийн 80 жилийн ой болно. Энэ тоо таны хувьд юуг илэрхийлэх вэ?
-Миний амьдралын хагас зуун жил МУИС-ийн хичээлийн II байрын гурав, дөрөвдүгээр давхарт өнгөрчээ. 1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн оюутан болоход манай анги, харьяалдаг тэнхим маань дөрөвдүгээр давхарт байсан. Түүнээс хойш өдгөө хүртэл миний хичээл заасан анги танхим, ажлаа хийсэн өрөө тэнхим тус байрын гурав, дөрөвдүгээр давхарт байлаа. Хичээлийн II байрын босгыг 50 жил элээжээ.
Монгол Улсад үндэсний дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх анхны эх уурхай нь болсон МУИС-ийг Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байсан хүнд хэцүү цаг үед байгуулсан түүхтэй. Анхны нэр нь Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улсын университет.
1942 он бол Орос орон дайнд ялах, ялагдах нь хутганы ир дээр байсан цаг үе. Үнэн юмыг үнэнээр нь дурсах ёстой. ЗХУ, Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургуулийн профессор багш нарын тусламж дэмжлэгийг мартах ёсгүй гэдгийг МУИС-ийн ахмад үеийн буурал профессорууд цөм ярьдаг, өнөө хийгээд хойч үеийнхэн ч мартаж болохгүй зүйл. МУИС-ийн анхны оюутнууд болсон буурал багш нараас, тэр үеийн орос багш нар, монгол оюутан залуусын мятаршгүй хичээл зүтгэлийг сонсож, бахархан биширч, тэрхүү мэрийлт чармайлтын үр дагавар нь Монголын анхны эрдэмтэн профессорууд байсныг ухаарч билээ. Сургагч багш, суралцагч оюутны сэтгэл зүтгэл нь бат чанга байваас дайны гамшгийн сүүдэр дааруулдаггүй байж дээ. Ярианы завсарт, тэр үеийн оюутан, хожмын эрдэмтэн профессор багшийн инээд хөгтэй нэгэн дурсамж санаанд орлоо. Тэрбээр хуучлахдаа “Орос профессорын оросоор унших лекцийг гүйцэж бичиж амжихгүй болохоороо орос дуудлагаар нь монгол бичгээр татлаад хурдан бичээд авдаг байсан. Заримдаа шалгалт өгөх үедээ нөгөө дэвтрээ өмнөө дэлгэчхээд, хааяа эргүүлээд харахад багш маань юу ч сэжиглэдэггүй байлаа. Татлаган монгол бичиг ч үнэхээр хурдан шүү” гэж билээ.
МУИС анх багшийн анги, мал эмнэлэг, хүн эмнэлэг гэсэн гуравхан салбартай нээсэн. Тухайн үед төдийгүй, өдгөө ч амин чухал гурван салбар. Ард иргэд нь эрдэм боловсролтой, мал сүрэг нь өвчин эмгэггүй, хүн ам нь эрүүл саруул байвал улс орон хөгжинө, дэвшинэ гэдгийг тун нухацтай бодсон юм билээ. Яривал их юм байна. МУИС-ийнхаа ач гавьяаг өгүүлж баршгүй.
-Та сургууль төгссөн цагаасаа эхлэн амьдралынхаа 40 гаруй жилийг эрдмийн их өргөөнд, монгол хэл шинжлэлд зориулсан. Юу таныг монгол хэлний мэргэжил сонгоход хөтлөв? Монгол хэлийг гэх таны хайр хаанаас эхтэй юм бэ?
– Би Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн. Бага нас маань тэр үеийн хөдөөгийн малчин айлын хүүхдүүдтэй л адилхан өнгөрсөн дөө. Бага байхдаа саахалтын айлгүй зусвал хурга хариулна, аавыг дагаад өдөржин хонь хариулна. Аавтай уулзах учрах гэсэн хүн хонины бэлчээрт ч ирнэ. Ер нь манайд хол, ойрын хүний хөл тасардаггүй, хоноцгүй хонох нь ховор айл байлаа. Тэр бүхэнтэй хуучлах аавын яриа, үлгэр домог сонин содон. Хачин жигтэйг нь хааяа чих тавин сонсоно. Заримдаа аав гар гэдэг ч байсан. Том хүний үг ярианд хүүхэд оролцдоггүй, чагнаж суудаггүй монгол хүмүүжил байсан шүү дээ.
Монгол хэлний мэргэжил сонгоход нөлөөлсөн хүн аав маань юм. Яагаад аавын хууч яриа, үг сургаал нь намайг ийм мэргэжилд хөтлөв гэдгийг тодруулах тухайд аавынхаа тухай товч өгүүлэх хэрэгтэй болно. Би аавынхаа ахимаг насанд төрсөн хэнз хүүхэд. Аав маань Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Усан зүйлийн хүрээнд найман настайдаа шавилж, улмаар 18 насандаа одоогийн Гандан хийдийн Дашчойнпэл дацанд шавилан сууж, чойрын ном үзсэн хүн. Хоёр ч удаа дамжаа барьж, гавж болох үе ойртоход, Богдын хүрээнд Гамин, Барон үймж, цаг төр эвгүй болжээ. 1918 онд нутагтаа очиж, өвлийг өнгөрөөгөөд хавар нь Буруун зуу буюу Төвдийн Лхасыг зорин номын мөр хөөсөн гэдэг. Гүмбэн, Лавран, Лхас зэрэгт очиж, шавилан сууж, ном үзсээр Лхасын равжамбын зэрэг хүртсэн, эрдэм номтой хүн байлаа. 1944 онд нутагтаа буцаж ирсэн. Тэгэхээр аавын туулсан зам мөр, үзсэн сонссон эрдэм ном зэрэг нь урт түүх шүү дээ.
Манайд ирэх буурал хөгшид аавтай ном дэлгэчихсэн, монгол, төвд хэлээр холиод ярьж гарна. Би юу ухаарах вэ дээ. Гэвч тэр бүгдийг мэддэг, ойлгодог болох хүсэл эрмэлзлийг минь бадрааж өгсөн зүйл тэр. Аав намайг сургуульд суухаас өмнө юм юм л сургах гэж хичээсэн юм билээ. Өөрөө 10 хоногийн дотор л кирилл үсэг сураад, надад заагаад, уншдаг, бичдэг болгосон. Мөн зэргэлдээ орших Дарви сумын Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан. Сайн уншдаг, ойр зуурын юм бичдэг болгосноос гадна тоо бодох, шатар нүүх, зураг зурах зэрэгт шамдуулсан. Аавын тэр ачаар сургуульд ороод, 1-р ангид хэд хоног суугаад л шууд 2-р ангийн сурагч болж билээ.
Ааваас төвд хэл бичиг зааж өгөөч гэхээр болохгүй, сургууль номд чинь таарахгүй гэдэг байлаа. 1962 онд МУИС-ийн багш Ц.Дорж гуайн “Төвд хэл бичигт суралцах дэвтэр” хэмээсэн сурах бичиг гарсныг хотоос аавд хүн явуулжээ. Аав тэр номыг үзээд их баярлаж, энэ төр засаг чинь төвд хэл бичгийг сурч, үзэж болно гэж байна гээд зааж эхэлсэн. Тэр сурах бичиг нь төвдөөр бичээд, монгол бичгээр тайлбарлаж, үгийн орчуулга хадсан ном байв. Миний монгол бичиг маань ч хэрэг болсон. Энэ мэт олон зүйлээр аав минь ачилж, монгол хэл бичгийн мэргэжилд хөтөлжээ.
Сургуульд орсон үеэс Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг цээжлүүлдэг байлаа.
“Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл маны зүрхнээ холбоотой.
Өсөхөөс сурсан үндэсний хэл орхиж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг салш болшгүй орон мөн” гэсэн бадаг сэтгэл зүрхэнд минь бат хоногшиж, эх хэл, эх орноо хайрлах үзэл бодолтой болгожээ.
Бидний үеийнхэн ном их уншина, тэр хэмжээгээр монгол хэлнийхээ баялгийг эзэмшдэг байсан. З.Баттулгын “Хөх тэнгэр” гэдэг романыг олон дахин уншиж, тансаг яруу хэлийг нь биширдэг байсан санагдана. Монгол бичгээр анх “Гучин хоёр модон хүний үлгэр”-ийг уншсан. Бас нэг дурсах зүйл бол, үдэш орой хот айлынхан манайд цуглаж, аав “Саран хөхөөний тууж”-ийг төвд эхээс нь ярьж өгнө. Гэхдээ монгол бичгийн хэлээр өгүүлэх тул олон сонин үг хэллэг тогтооно. Номтой нөхөрлөж, монгол бичгийн хэлний үг хэллэгийн утга учрыг сайн мэдэх гэсэн хүсэл минь энэ зүгийн мэргэжил сонгоход бас нөлөөлжээ.
“Шавийн эрдэм багшаас” гэдэг. 10 жилийн дунд сургуульд монгол хэлний хичээлийг С.Дүнтээ багш маш сайхан заана. Ялангуяа зөв найруулан бичих арга ухаанд сургах гэж их хичээдэг байлаа.
Бидэнд сэдэв өгөөд, гэртээ бичиж ирснийг нь сурагч бүрээр уншуулж, үгийн сонголт, гаргах гэсэн санаа зэргийг шүүн ярилцаж, засаж зааж өгдөг байсан. С.Дүнтээ багшийн маань монгол хэлний хичээл намайг монгол хэл бичгээ сурч, судлах мэргэжил сонгоход тусалсан. Монгол хэлний С.Дүнтээ багш маань одоо 85 нас сүүдэртэй, энх тунх, ухаан бодол саруул сайхнаараа Улаанбаатарт сууж байгаа. Багшдаа чин сэтгэлийн хадаг өргөн барьж, Ардын багш цол маань таны гавьяа шүү гэдгийг айлтгая.
-Хүү Лодойравсал тань МУИС-д багшилдаг. Хүүгийн тань үеийнхний хувьд таны багшилж асан үеийнхээс ялгарах гол өөрчлөлт, дэвшил юу гэж харж байна вэ?
-Багш хүний гол нөхөр, эрхэм туслагч нь ном байдаг. Алдарт физикч А.Эйнштейн “Шинжлэх ухаан бол хүний сэтгэлгээний олон зуун жилийн няцалтгүй хөдөлмөр юм. Тэр нөр их хөдөлмөр номын хүчээр цэцэглэж байсан” хэмээн өгүүлсэн нь бий. Бас нэг гүн ухаантан “Хүн төрөлхтөн ухаант амьдралынхаа туршид номоос илүү гайхуулах юм бүтээгээгүй” гэсэн байдаг. Миний сурах, сургах, судлах бүх үйлс ном судартай л холбогджээ. Оюутан байх үеэс Улсын номын санг орой хаах хүртэл нь суудаг зуршил маань багш болсон хойно мөн л үргэлжилсэн. Мэргэжлийн ховор хуучин ном судрыг ахмад багш нараасаа асууж сураглаад, олж үздэг байлаа. Академич Ц.Дамдинсүрэн гуайн гэрийн номын сан их алдартай. Хааяа бас ном зээлж үзэж явлаа. Ширээн дээр нь нэг том хар дэвтэр байх бөгөөд түүн дээр ямар ном, хэзээ авсан зэргийг тодорхой бичүүлж авна. Хугацаанд нь цэвэрхэн хэрэглээд, хүргэж өгдөг байв. Би залуу цагаас ном цуглуулах хорхойтой. Гарын дор хэрэглэх ном судар гэрт байх нь тал талын ашиг тустайг өгүүлэх юун. Хүү Лодойравсал маань ном хөглөрсөн орчинд өссөн нь зохих хэмжээнд сайнаар нөлөөлсөн нь лавтай. Гэрийн номын сан маань зөвхөн монгол хэл бичиг гэсэн сэдэвд явцуураагүй, аман болон бичгийн уран зохиол, түүх, шашин, соёл, урлаг, угсаатны зүй, мал аж ахуй гэх мэт өргөн хүрээг хамарсан. Учир нь таван хошуу малынхаа талаар тун сайн мэдэхгүй бол монгол хэлнийхээ наад захын хэлц үг, зүйр цэцэн үгийн утгыг тайлбарлаж чадахгүй шүү дээ. Нөгөө талаар, миний бие дунд сургуулийн сурах бичгүүд, ялангуяа уламжлалт иргэний боловсролын сурах бичгүүдийг зохиолцож ирсэн, түүндээ ч дуртай, мах иддэг мөртөө малаа мэддэггүй хойч үеийнхэнтэй болчих буй гэхээс ичиж зовдог хүн. Ганц жишээ хэлэхэд, залуу насны гэнэн томоогүй зан байдал нь арилж, хашир суух үеийг “Дөч хүрсэн эр, дөрвөн зах морь, дөрвөө дарсан ат” гэж эрт цагаас хэлж, баримталж ирсэн. Тэмээ, адууны шүдээр насыг нь хэлдэг монгол ёсыг мэдэхгүй хүн бол юугаа хэлэх вэ. Ер нь олон мянган жил таван хошуу малынхаа ач буянаар аж төрж ирсэн монгол ёс заншлаа мэдэхгүй бол “Би монгол хүн” гэж хэлэхэд бэрх дээ. За, асуултын хариу хазайгаад явчихлаа.
Гол хэлэх гэсэн санаа нь намайг залуу багш байхад “ном-эрдэнэ”-ийг олоход тун амаргүй байсан. Одоо, хүүгийн маань үеийн багш нар эрт, өдгөөгийн хэрэгтэй номоо цахимд оруулаад, компьютертоо хадгалаад, бариад явах болжээ.
Энэ бол аргагүй л техник, технологийн гайхамшиг юм даа. Бас дэлхийн том том номын сан цахим сүлжээнд өдий төдий номыг электрон хэлбэрээр тавих болжээ. Одоо электрон ном л гэж ярих үе ирж. Миний залуу үе хийгээд хүүгийн маань үеийн багш хоёрын номтой нөхөрлөх боломж нөхцөл их өөр болжээ. Харин залуу үеийн багш нар маань энэхүү сайхан боломжоо гүйцэд ашиглаж, цахим сүлжээний үй түмэн эрээвэр хураавар мэдээлэлд цаг мөчөө алдуузай л гэж захья. Бас нэг том ялгаа бол намайг залуу багш байхад дэлхийн улс орнууд капиталист, социалист гэсэн хоёр хэсэгт хуваагдчихсан, олон улсын харилцаанд бүү хэл бүр мэргэжлийн судлаач эрдэмтэдтэй холбоо тогтооход ч маш түвэгтэй байлаа. Одоо бол дэлхийн аль ч улсын их сургуультай холбоо тогтоох, судалгаа шинжилгээний ажил хамтран хийх зэрэгт саад бэрхшээлгүй болжээ. Өнөө цагийн багш, судлаач нарт өргөн боломж нээлттэй байна. Миний үед оюутанд хичээл ном заах гол хэрэгсэл бол самбар, шохой л байсан. Зайлшгүй харуулах ном судар, зураг зэргийг гар дамжуулан явуулж ярилцана. Одоо бол техник, тоног төхөөрөмжийн орчин үеийн хэрэгсэл ашиглаад, дэлгэцэнд юуг ч үзүүлж харуулж болно. Алсын зайны сургалт явуулж, эрдэм шинжилгээний хурлыг цахим сүлжээгээр хийдэг боллоо. Энэхүү техник технологийн дэвшлийг дагалдаад, их сургуулийн багш хүн хичээлдээ бэлдэх болон заах арга барил ч өөрчлөгджээ. Гэхдээ цахилгаан үүсгүүр тасарчихвал бүх төлөвлөсөн зүйл нурна. Тий учраас цаасанд буулгаж хадгалах нь найдвартай юм даа. Бэх, үзэг, цаас, хэвлэмэл ном бичиг хэзээд байх л болно.
Бидний үеийн багш нарт аж амьдралын тухайд санаа зовох юмгүй, заах, сургах, судлах үйлсэд л бүх санаа бодлоо чиглүүлж, бас оюутан шавь нарынхаа хичээл сурлага төдийгүй ахуй амьдралд нь ч анхаардаг байсан. Жилд элсүүлэх оюутны тоог урьдчилан төлөвлөдөг болохоор нэг ангид хорь гаруй л оюутан сурна. Бас дотор нь сонгон суралцах бүлэг гэж хуваадаг. Ийм нөхцөлд багш хүн оюутан бүртэй тулж уулзаж, засаж заах бололцоо сайн байсан. Өнөөгийн багш нарт тийм боломж тун бага бололтой. Монголын их, дээд сургуулийн олон жилийн хуучин тогтолцоо, нэр эрдэмтэн профессорын байгуулсан лаборатори, шавь сургалтын дэг гэх мэтийг сүүлийн арав гаруй жилд хайш яйш болгож, дэлхийн янз бүрийн орны их сургуулийн юмыг хуулбарлах гэж оролдох боллоо. Түүний уршгаар байсхийгээд л сургалтын төлөвлөгөөг өөрчлөх ажил гардаг юм билээ. Сайн, зөв юмыг бол авалгүй яах вэ. Хэлбэр хөөсөн, Монгол орчинд зохицохгүй зүйлийг зүтгүүлэх нь хэрэггүй л дээ. Хүү Лодойравсалын тухай чи асуулаа. Хүү маань олон жил МУИС-д багшилж, бас их сургуулийнхаа удирдах алба ажлыг ч хийсэн. Оюутан ахуй цагаас өдгөө хүртэлх их сургуулийнхаа байр байдал, сургалт судалгааг гайгүй сайн мэднэ. МУИС-ийн удирдах зөвлөлд их сургуулиас зөвхөн гурван багшийг л оруулдаг бөгөөд бүх багш нарын нууц санал хураалтаар сонгодог юм. МУИС-ийн олон зуун багш надад итгэл хүлээлгэж, олон жил сонгосон. Дараа нь Лодойравсалыг маань хэдэнтээ сонгосон байна билээ. Түүнийг сонсоод, МУИС-ийн эрдэмтэн багш нартаа тоогдож яваа юм байна, овоо доо гэж бодсон. Хүү маань дунд сургуульд байхдаа математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, улсын олимпиадад амжилттай оролцсон тул МУИС-ийн физикийн ангид шууд элссэн юм. Ахлах ангийн оюутан байхдаа гагнуурын алх барьчихсан, электроникийн багажтай нөхөрлөн, багшийнхаа удирдлагаар ажилд орчихсон явсан. Сургуулиа төгсөөд, Эрдэнэт үйлдвэрийн автоматжуулалт, Дорнод аймгийн цахилгаан станцын автоматжуулалт зэрэгт инженерийн ажил хийсэн дээ. Тэр үед нь аавын хувьд эрдэм номын мөр хөөлгөх чин хүсэлтэйгээ удирдлагад нь хэлж гуйсан. МУИС ч авах хүсэлтэй байсан юм. Ингээд хүү маань сургах, судлах ажилд шамдаж, докторын зэрэг хамгаалах судалгааны ажлаа ХБНГУ-д хийж, герман, монгол хоёр удирдагчтай эрдмийн зэргээ хамгаалсан. МУИС гэдэг чинь олон арван жил монгол түмнийг гэгээрүүлсэн эрдмийн их өргөө шүү. Үнэнхүү сэтгэлээр зүтгэж, сургаж заахын хажуугаар сурч, судалж яваарай гэсэн аавын үгийг хөсөрдүүлээгүй яваад нь баярлаж суудаг даа.
Хүү маань гурван эгчтэй, айлын ганц хүү. Том охин Дуламсүрэн маань эрдэм номын мөр хөөсөн ургамал судлаач. Шинжлэх ухаанд сэтгэл зүрхээ тушаасан, бие жижигхэн ч бэлчээр том судлаач багш. 2004 онд ХБНГУ-ын Гёттингений их сургуульд их өндөр үнэлгээтэй докторын зэрэг хамгаалсан. Тус сургуульдаа судлаач багшаар ажиллаж, олон жил Германаас санхүүжүүлсэн төслийг Монголдоо татан авчирч, судалгааны ажилдаа МУИС-ийн багш, докторант, магистрант нарыг оролцуулж, бас тэднийг Германд очиж судалгаа хийх боломжийг олгож байдаг. Одоо Монгол болон Төв Азийн ойн экосистемийн урт хугацааны судалгааг удирдаж яваа. Хавар ирээд, өвөл болтол Монгол, Казахстан зэрэг газар орны ойд судалгаагаа явуулдаг юм билээ. Герман, Монголын олон залуу судлаач нарыг дагалдуулж, сургаж, судалгаагаа хийж явна.
Асуултын чинь төгсгөлд дахин хэлэхэд, өнөөгийн идэр залуу насны багш нарт, миний үеийг бодвол боломж нөхцөл их болжээ. Тэрхүү боломж нөхцөлийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь тухайн хувь хүний суурь хүмүүжил, боловсрол, ёс суртахууны төлөвшлөөс л хамаарна. Зөвхөн багш гэлтгүй өнөөгийн монгол хүн бүр санаж явууштай зүйлийг “Мандах нарны туяа” сургаалаас эш татъя.
“Албан яамыг хүндлэх нь төрийг хүндэтгэх нь болой,
Багшийг хүндлэх нь сургахыг хүндэтгэх нь болой,
Эрдэмтэн мэргэдийг хүндлэх нь эрдмийг хүндэтгэх нь болой,
Эцэг, эхийг хүндлэх нь ачийг хүндэтгэх нь болой,
Шударгыг хүндлэх нь журмыг хүндэтгэх нь болой,
Өвгөдийг хүндлэх нь найрамдлыг хүндэтгэх нь болой,
Залуусыг хүндлэх нь элсгийг хүндэтгэх нь болой,
Ядуусыг хүндлэх нь хүн төрөлхтнийг хүндэтгэх нь болой,
Эдгээр арван зүйлийг сэтгэлийн дотор агуулбаас, дээдсийг халдахгүй, дордсыг дарлахгүй, адил нөхрийг хорсгохгүй болмуй. Ийм болбол аливаад муушаагдахгүй, найртай болж чадмуй за” хэмээсэн байдаг. XX зууны эхэн үеийн бичгийн хүн Ч.Бат-Очир гуайн энэхүү сургаал үгийг дахин дахин бодож болгоогоорой.
-Та залуудаа Ш.Лувсанвандан, Х.Гаадан зэрэг Монголын тэргүүн сэхээтнүүдээс ном сонсож, мөр зэрэгцэн ажиллаж явсан хүн. Одоо та залуу багш нарын хувьд хүндлэн нэн түрүүнд нэрлэдэг багш нарын нэг болсон шүү дээ. Та их багш нарынхаа ямар эрдэм ухааныг хойч үеийнхэндээ, залуу багш нарт уламжлахыг боддог вэ?
-1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэж, таван жил суралцаад 1976 онд төгсөж, мөн тэр оныхоо долоодугаар сарын 1-нээс МУИС-ийн багш хэмээх нэр хүндтэй алдраар дуудуулах болсон. Заан сургах багшлах ажлын зэрэгцээгээр шуурхайлан суралцах эрхэм үүргийг хүлээсэн тэр үеэс чармайн хичээж ирлээ. Багш болсон тэр намраа шинээр элссэн оюутнуудыг дагуулан САА-д олон хоног явж ирээд, шууд л багшлах ажилдаа орсон доо. Долоо хоногт 36 цагийн хичээл зааж эхэлсэн шүү. Тэр үед бямба гарагт амардаггүй байсан тул өдөр бүр зургаан цагийн хичээлтэй гэсэн үг. Эхний жил бараг шөнөжин сууж хичээлдээ бэлддэг байлаа. Энэ үед тэнхимийн ахмад буурал багш нарын маань ач тус мөн ч их байсан даа. Багш болсон даруйд нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, гавьяат багш Б.Бор МУИС-ийн залуу багш нарт “Их, дээд сургуульд багшлах арга зүй” гэсэн хичээлийг бүтэн жил зааж, реферат бичүүлж, шалгалт авч, үнэмлэх олгосон. Намайг багш болох үед тэнхимд маань алдар цуутай ахмад профессор багш нар ажиллаж байлаа. Тухайлбал, академич Ш.Лувсанвандан, ардын багш Д.Чойжилсүрэн, гавьяат багш Х.Далхжав, нэрт төвдөч, профессор Х.Гаадан (Олон жил Гандан хийдийн хамба байсан), нэрт манжич, гавьяат багш Я.Шаарийбуу зэрэг, уул шиг түшигтэй, тал шиг сэтгэлтэй, буянт буурлууд маань зүйл зүйлээр тусалж дэмжинэ. Анхандаа айж эмээдэг байсан ч өдөр бүр уулзаж учирч, тэднийхээ хууч яриа, үг сургаал, эрдэм номын хөгжөөнтэй маргаан зэргийг олонтоо сонсож, улмаар эвийг нь олж асуух лавлах арга ухаанаа ч олдог болж билээ. Академич Ш.Лувсанвандан багш оюутан ахуйд монгол хэлний авиазүй, түүхэн хэлзүй, алтай хэл шинжлэлийн удиртгал зэрэг гол чухал хичээл заасан. Лу багш маань тун энгийн, төлөв даруу, юм асууж лавлахад дэлгэрэнгүй хариулахын хамт тодруулах асуулт асууж, бас тайлбарлаж өгдөг хүн байлаа. Жижиг, дугуй, төмөр савтай хамрын тамхиа байн байн татаад, нэг яриа дэлгэхээрээ удаан сууна. Мөн ч сайхан байж дээ.
Ардын багш Д.Чойжилсүрэн багш намайг анх МУИС-ийн оюутан болоход анхны хичээлийг маань заасан. Ерөөлөөр учирч, ёроолоор тогтдог гэдэг. Ёстой л ерөөл буянаар золголдсон Чойжоо багшийн маань бие, хэл, сэтгэлийн үйл үйлдэл бүхэн нь өөрийн эрхгүй сурч мэдэх, судлан шинжлэх, томоожин төлөвших зэрэг зөв зам мөрд залж жолоодно. Үндэсний монгол бичиг, түүгээр туурвисан нэн арвин судар шастирыг ухаж ухаардаг болсон нь Чойжоо багшийн минь ач буян юм даа. Үүнийг өчүүхэн тодотгоход, миний бие Их Монгол Улс байгуулагдсаны 850 жилийн өмнө шавь нар, номын садан нөхдөө удирдан, монгол бичгийн хүн, монгол бичгээрээ туурвисан түүхэн зохиолыг шилж сонгон 30 ботиор (дараа нь 33 боть болгосон) кирилл үсэгт хөрвүүлж, үг хэллэгийн түгээмэл тайлбар хийж, уншигч, судлаач нарын гарт хүргэсэн билээ. XIII зуунаас XX зууны эхэн үе хүртэлх олон зуун жилд гар дамжин хуулагдаж, олон янзын бичгийн тэг хэлбэрээр бүтээгдсэн Монголын түүхийн сурвалж бичгүүдийг судалж, МУИС дээрээ олон хоног хагас нойртой сууж байхдаа Чойжоо багшийгаа дурсах үе мөн ч олон байсан даа. Манай тэнхимийн ахмад буурал багш нар маань тухайн үеийн үзэл сурталд төдий л баригддаггүй, нэг ёсондоо нэлээд дархлагдсан профессорууд байсан юм шиг санагддаг. Чойжоо багш маань монгол бичгээр сонгон мэргэжиж байгаа цөөн оюутныг заримдаа тэнхимд суулгачихсан, шар баринтагтай, модон барын “Үлгэрийн далай” уншуулаад, хичээл дуусах үед нь сайхан баринтаглуулж, хураах үед нь адис авхуулна. Миний ангийн багш, нэрт төвдөч, профессор Х.Гаадан багш маань төвд хэлний хичээл заахдаа V далай лам Лувсанжамц (1617-1682)-ын зохиосон “Зохист аялгууны толийн тайлбар Эгшигтийг (Янжинлхамыг) баясгах дуулал эгшиг” хэмээх судраас зохист аялгууны толийн адилтгал, зүйрлэлийн тайлбар шүлгийг бичгийн хэлний тансаг яруу хэлээр орчуулан зааж байлаа.
Алдарт эрдэмтэн, академич Лу багш маань Буддын гүн ухааны хамгийн гүн үзэл онол болох “хоосон чанар” буюу “дундад үзэл”-ийн тухай олон жил Гандан хийдийн эрдэмтэн лам Т.Данзан-Одсэр, Ш.Иштавхай нартай мэтгэлцэн хэлэлцэж, хожим 1992 онд “Мадхъямика хэмээх дундад үзэл” гэсэн гүн ухааны бүтээлээ хэвлүүлсэн.
Уг өгүүлэлдээ, “Дундад үзэл нь аливаа юм үзэгдлийг ганц зогсонги талаас нь биш, мөн ганц хөдлөнги талаас нь ч биш, зогсонги, хөдлөнги хоёр талаас нь бүхэл болгож харах гэсэн үзэл юм” гэж тайлбарласан байдаг. 1970-аад онд Буддын гүн ухааны үзэл онолыг үнэн зөвөөр нь, буруушаасан үг өгүүлбэргүй тайлан бичнэ гэдэг боломжгүй шахам зүйл байсан. Энэ мэт сонин дурсамж яривал их бий. Монголчуудын судар номын үг хэллэгийн утга учир зэргийн талаар чөлөөтэй ярьдаг газар бол манай тэнхим л байж дээ. Нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав багш миний дипломын ажлыг удирдсан. “Монголчуудын зан үйлтэй холбогдсон үг хэллэг” сэдэвтэй. Багшийн гэрээр нь очиж, бичсэнээ сонсгож зөвлөгөө авна. Багш маань утга агуулгаас гадна найруулгыг их анхаарна. Миний бичсэн зүйлд “зайлшгүй” гэдэг үг давтагджээ. Багш маань “зайлбаргүй” гээд бичээч гэсэн нь тод санагдаж байна. Манай тэнхимээр ахмад эрдэмтэд, бусад салбарын профессорууд байнга ирдэг, тэдний яриа бас л эрхэм зүйл байсан. Математикийн нэрт профессор Ү.Санжмятав багш Лу багштай нэр томьёо оноох тухай ярилцахад Лу багш “Та нар “олонлог” гээд монгол хэлний үг бүтэх ёсыг эвдсэн нэр томьёо гаргачихлаа. Монгол хүн чинь баян-баялаг, ноён-ноёлог гэж хэлдэг. Үгийн төгсгөлийн “н”-ийг хасдаг. Тэгвэл, олон-оллог байх ёстой юм” гэхэд Санжмятав багш “Тийм юм байна, одоо бүр хэвшиж орхилоо” гээд харамсаж байж билээ. Чойжоо багшийгаа дахин дурсъя. Багш маань өглөө тэнхимд орж ирэхдээ мэнд мэдэлцээд “Чихэнд чимэг болгочихмоор сонин сайхан юу байна?” гэж асуудаг. Багшид сонин хэвлэлд гарсан тааруухан мэдээ яривал “Ээ хайрхаан” гэчхээд сонсолгүй яваад өгнө. Чойжоо багш маань багшийн сургуулийн 1928 оны анхны төгсөгч. Багш нарынхаа тухай сайхан ярина. 1928 оноос 1990-ээд оны эхэн хүртэл эрдмийн шимийг хүртээх багшийн ажилд бие, хэл, сэтгэлээ зориулсан буянтан багш маань монгол бичиг заахдаа оюутанд уншуулж, бичүүлэх зүйлийнхээ агуулгыг тун сайн бодож, түүгээрээ хүмүүжүүлдэг байсан. Нэг жишээ дурдахад, манай ангийн нэг оюутан хичээлийн завсарлагаанаар бусадтайгаа муудалцаж, их уурлаж байтал багш хичээл заахаар орж ирлээ. Багш тэр байдлыг ажиглаагүй юм шиг л байсан. Маргааш нь хичээл орохдоо шууд л самбарт “Уур хилэн” гэсэн гарчиг тавиад, сургаалын шүлгээ бичиж эхлэв.
“Тэвчээр үгүйгээс үүсэх
Мунхагийн гал уур мөн.
Дээрэнгүй сэтгэлээс үүсэх
Омгийн гал уур мөн” гэх мэтээр, элдэв тайлбар ч хийсэнгүй. Тэр сургамжийг манай ангийн нөгөө нөхөр байнга дурсан ярьдаг. Чойжоо багшийг маань 1930-аад оны хэлмэгдэл бас дайрч, нэлээд хэдэн сар шоронд суусныг хүнээс дам сонсож, багшаас тэр үеийг сонирхон асуув. Багш маань “Хэцүү байсан” гэхээс илүү юм огт яриагүй. Ер нь хүний сэтгэлийг сэвтүүлэх, харамсал зэвүүцэл төрүүлэх зүйл ярьдаггүй зуршилтай байсан. Цүнхэндээ заавал чихэр авчирна. Завсарлагаанаар цүнхээ нээгээд орхичихдог сон. Оюутнууд багшийг гарангуут ухасхийнэ. Багш сургууль руу ирэхийн өмнө хүнсний дэлгүүрээр дайрдаг нь чихэр авах хэрэг байсан. Хориод оюутан атгаж авахуйц гэхээр нэлээн ихийг авна биз? Бас 24 төгрөгийн чихрээс хэдийг аваад цүнхнийхээ мухарт хийчихээд хичээлд сайн оролцсон оюутанд шан болгож өгнө. Багшийг уурлаж байхыг, уурлах аястай байхыг ч хараагүй юм. Бодисатва гэдэг нь чухамдаа багш минь байжээ. Буурал багш нарын маань буян хишиг үеийн үед дэлгэрнэ.
-Идэвхгүй мэдлэг олгоход анхаардаг, иймдээ ч оюутан залууст асуудлыг шийдвэрлэх, бие даан сурч хөгжих чадвар суулгаж чадахгүй байна гэж Монголын боловсролыг шүүмжлэх нь бий. Та энэ тухайд юу гэж боддог вэ?
-Энэ шүүмжлэлтэй бол санал нийлэхгүй. Идэвхтэй, идэвхгүй мэдлэг гэж байхгүй. Харин идэвхтэй, идэвхгүй сургалт гэж бий. Идэвхгүй гэвэл мэрийлт чармайлтгүй, санаачилгагүй, самбаагүй гэсэн утгатай. Мэдлэг гэдэг үгийг “Хүмүүсийн хэрэг бодисын тухай танилт болон туршлагын хураангуй” гэж тайлбарласан байдаг. Ер нь мэдэж авсан юмыг мэдлэг, сурч авсан юмыг сурлага гэдэг. Өвөг монгол хэл, цаашлаад Алтай язгуурын хэлэнд мэдлэг гэдэг үгийг “билиг” хэмээдэг байсан. Билиг төгс хүн гэвэл мэдлэг ихтэй хүн гэсэн үг. Хуучин ном зохиолд эрдэм мэдлэг гэж хоршиж хэрэглэдэг юм. Монголчууд үр хүүхдэдээ мэдлэг олгох, шат дараалсан, олон зүйлийн сурган хүмүүжүүлэх аргатай байсан. Тэдгээрийг ерөнхийд нь ерийн мэдлэг буюу аж төрөхүйн ухаан, мэдлэг гэж нэрлэж болно. “Мэдье гэвэл мэрий. Чадъя гэвэл чармай” гэдэг үгийг чихэнд нь уяж, бие, хэл, сэтгэлийг нь зөв төлөвшүүлж, улмаар бие даан, өөрөө өөртөө эзэн болох чадварт сургадаг монгол уламжлалыг судалбал мөн ч их юм бий. Энэ нарийн нандин уламжлал маань хөдөөгийн малчин гэр бүл, өвгөд хөгшдийн ой ухаанд л үлдэх буй гэхээс харамсах сэтгэл төрөх юм. Нохой, муур хөтөлсөн, гар утас барьсан, хотын залуусын байр байдлыг харахад “Монголын уламжлалт, олон зууны дүр төрх” хаашаа одов гэлтэй. Өвлөн үлдэж, үр хойчдоо мэдүүлж таниулах, судлах, сурталчлах ёстой том сэдэв дээ.
Социализмын үе гэх олон арван жилийн сургалтын тогтолцоог муу байсан, одоо илүү сайн болж байгаа гэж худал хэлж чадахгүй. Мэдээж хэрэг, өнөөгийн техник, технологийн асар хурдтай хөгжлийн түвшнээс харвал өөлөх юм байлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд, сургалтын тогтолцоо ч сайн байсан, сургагч багш нар нь ч хоёргүй сэтгэлээр шавийнхаа төлөө бүх мэдлэг чадвараа шавхдаг, бас байнга бие даан суралцагчид байсан юм шүү.
Мэдлэг ухааныг олон зүйлээр ялган хэлэлцэж болно. Бид энд шинжлэх ухааны мэдлэг, мэргэжлийн мэдлэгийг оюутан залууст хэрхэн эзэмшүүлэх тухай ярьж байна. Чиний асуултын идэвхгүй мэдлэг гэдгийг шинжлэх ухааны мэдлэг гэж ухаарч байна. Тухайн шинжлэх ухааны мэдлэгийг үүсэл хөгжил, хувьсалтай нь, салаа салбартай нь сайн мэдэхгүйгээр тухайн чиглэлийн дээд мэргэжилтэн болно гэж үгүй л дээ. Яах вэ, ганган гоё хавтастай диплом авах л байх. Өнөөгийн зах зээлийн өрсөлдөөнт ертөнцөд төгссөн оюутан мэргэжлийн дипломоор бус, тэр мэргэжилд зайлшгүй үзэх ёстой хичээлийг хэдий хугацаанд үзэж, ямар дүн авсан байна, мэргэжлээрээ биеэ даан суралцах хүсэл сонирхол, тийм чадвар дадал байна уу, үгүй юу, хувь хүний тухайд ёс суртахууны хүмүүжил төлөвшил хэр зэрэг гэх мэт олон шалгуураар шүүлгэж байж, ажил, амьдралд золгох цаг үе иржээ. Өмнө дурдсан зүйл маань их, дээд сургуульд ормогц буй болчих юм биш. Бага балчир наснаас нь үндэс суурь нь суудаг. Юуны өмнө эцэг, эхчүүд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг өвөг дээдсийн мэргэн сургаалыг дагаж, завгүй ч гэсэн зав гаргаж, бололцоо муутай ч гэсэн боломж гаргаж, хүүхдийнхээ бие, хэл, сэтгэлийг зөв монгол хүн болох зүг чигт хөтөлж, сурч мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлж өгөх хэрэгтэй. Тийм хүсэлтэй хүүхэд “Яагаад” гэдэг асуултыг олонтоо тавих бөгөөд тэр бүрд нь учир утгыг хойш тавилгүй хэлж өгөөрэй. Бас эцэг, эхчүүдийн тухайд сануулах нэгэн зүйл бол багшийг өөлөх муулах, хүүхдээ өмөөрөх хандлага их болжээ.
“Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг. Олон мянган багш нарын дотор тааруухан хэд байгаа л даа. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд багшийг муушаах үг цухуйлгаж болохгүй. Монголчууд эцэг, эх, багш гурвыг гурван ачтан хэмээн эрхэмлэж дээдэлдэг уламжлалтай.
Нөгөө талд ЕБС-ийн багш нарын мэргэжлийн мэдлэг тун базаахгүй болсон гэдгийг дээд удирдлага, ШУБЯ ч анхаарч, мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй явуулах хэрэгтэй болжээ. Гэхдээ, энд тэндхийн туршлага, ийм тийм хөтөлбөр гэх мэт зүйлээр хайран цаг, мөнгийг үрэлгүй, мэргэжлийн мэдлэгийг нь дээшлүүлэх цаг болсон. Сургалтын идэвхтэй арга, заах арга зүйн сайн туршлагыг авалгүй яах вэ. Харин шууд хуулж аваад хэрэгжүүлэх гэдэг бүтэлгүй ажлын нэг шүү. Ер нь заан сургах эрдэм мэдлэгээ сайн эзэмшсэн багш хүн бол шавь нарынхаа чинээ чинээнд нь тааруулаад, яаж заах арга эвээ амархан олчихдог. Заах шинжлэх ухааныхаа мэдлэгийг бүрэн эзэмшээгүй багш тухайн хичээлийг заана гэдэг бол хоосон савнаас хоосон сав руу юм юүлэх гэсэнтэй адил зүйл.
Бас нэг бодох зүйл бол нийт ард иргэд маань хүүхдээ ЕБС төгсвөл заавал их, дээд сургуульд оруулах гэж зүтгэдэг зуршил юм. Энэ нь социализмын үед их, дээд сургууль төгсвөл ажил амьдрал нь баталгаатай болчихлоо гэж үздэг байсныг санагалзсан хэрэг. Тэр үед тухай тухайн салбарын дээд мэргэжилтний орон тоо, хэрэгцээ шаардлагыг тооцож оюутан элсүүлдэг байсан. Одоогийн олон их, дээд сургууль төлбөрийг нь аваад л төгсгөвөл, дараа нь хаана ажиллах билээ гэдгийг огт боддоггүй. Ийм тохиолдолд эцэг, эх, ЕБС-аа төгсөх гэж байгаа сурагч маш сайн бодох ёстой. Цахим сүлжээний элдэв мэдээ, зурагт радиогийн реклам зэрэгт автаж, бас бага насны сониуч зандаа хөтлөгдөж, сонин содон нэртэй мэргэжил сонгох нь алс ирээдүйд чинь ашиггүй шүү.
Монгол Улс маань хэдэн хүн амтай, тухайн салбарын дээд мэргэжилтэн хэчнээн хэрэгтэй байдаг зэргийг мэдэхийг хичээ. Мэргэжил бүхэн сайхан ч эмч, багш, инженер гэх мэт хэзээ ч хэрэгцээ нь тасрахгүй мэргэжил гэж бий.
ЕБС төгсөгч бүр дээд мэргэжилтэй байх хэрэгтэй юү, аль эсвэл тусгай мэргэжлийн сургуульд суралцаж, эрээд олддоггүй эрхэм чухал мэргэжлийн ажилчин болох уу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй л дээ. Ганц жишээ хэлэхэд, одоо маш сайн гагнуурчин тун ховор гэх юм. Энд хамаарах нэгэн дурсамжаа ярья. Миний бие Герман улсын Гумбольдтын их сургуульд багшилж байхад, монгол судлалаар цөөн оюутан суралцаж байсан. Нэлээд хэдэн жилийн дараа Германд очиход, надаар хичээл заалгасан залуус цуглаж, намайг урьж уулзав. Тэд маань янз бүрийн л ажил хийж яваа аж. Монгол хэл их сайн сурсан нэг эмэгтэй “Багш аа! Германд монгол судлалаар ажил олдохгүй болохоор, сувилагчийн сургуульд орж төгсөөд, одоо эмнэлэгт сувилагч хийж байна. Ажил амьдралдаа сэтгэл хангалуун, монгол хэлээ байнга сэргээж, ном уншиж, зав чөлөөгөөрөө бас бага сага орчуулга хийдэг” гэж ярьсан.
Ямар ч ажил хийсэн, түүндээ үнэнч байж, сэтгэл хангалуун байх чухал юм даа.
Асуудлыг өөрөө шийдэх, бие даан сурч хөгжих гэдгийг чинь өмнө ярьсанчлан хүүхэд ахуй цагаас нь эхлэн гэр бүлийн орчин, цэцэрлэг, сургууль зэрэгт сэтгэлд нь суулгаж өгдөг зүйл. Их, дээд сургуульд бол сургалтын идэвхтэй арга зүйгээр тухайн шинжлэх ухааны мэдлэгийг олгохдоо оюутанд өөрсдөө туршиж сорьж, гүнзгийрүүлж сурч, судалж үзэх чин хүсэл эрмэлзлийг төрүүлж, мэдсэн сурснаа бодит чадвар болгон хэрэгжүүлэх итгэл, сэтгэл, зүтгэлтэй болгохыг хичээвэл зохино. Ийм итгэл сэтгэлийг олсон оюутан асуудлаа өөрөө шийдэх арга ухаанаа ч олно. Биеэ даан сурч мэдэхийг хэнээр ч шаардуулалгүй өөрөө чармайх болно.
-Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд Монгол оронд шинжлэх ухаан хөгжиж, боловсролын тогтолцоо бүрдэхэд чухал үүрэгтэй оролцсон эрдэмтэн мэргэдийн талаар ярихгүй өнгөрч болохгүй билээ. Тэр дундаа Судар бичгийн хүрээлэнг санаачлан байгуулагчдын нэг Онходын С.Жамъян гүний тухай яриач хэмээн хүсэх байна. Монгол хэл бичгийг түгээн дэлгэрүүлэх таны их үйлсийн үндэс суурь тэр эрхэм хүнээс эхтэй гэвэл буруудахгүй байх.
-Орчин цагийн боловсролын салбарын эх үүсвэрийг тавилцсан, эрдэмтэн мэргэдийн талаар дэлгэрэнгүй судлах нь зүйтэй. 1921 онд Ардын хувьсгал ялж, шинэ засаг төр тогтмогц, нийт ард түмэн, ялангуяа хүүхэд залуусаа орчин үеийн эрдэм мэдлэгт сургах үйл хэргийг нэн чухалчилсан байдаг. Хувьсгал ялаад дөнгөж сар гаруйхан болж байх үес буюу 1921 оны наймдугаар сарын 14-нд ардын сургууль байгуулах шийдвэр гарч, сургуулийн дүрмийг тогтоожээ. Мөн онд Ардын засгийн газар одоогийн ШУА-ийн эхлэл болох Судар бичгийн хүрээлэнг байгуулах шийдвэр гаргасан баримт бичигт “1921 оны аравдугаар сарын 1-ний өдөр. Засгийн газраа олон яамны сайд, засгийн газрын зөвлөх түшмэл, нарийн бичгийн дарга, эрхэлсэн түшмэл, намын гишүүн, эвлэлийн төлөөлөгч нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон 24-р хурлын бичигт “Гуравдугаар зүйл. Манай засгийн газраас томилон гаргасан эрдэмтэн түшмэл Жамсранов (Ж.Цэвээн), сайд гүн Жамъян, гүн Дашням, түшмэл Бат-Очир нараас Монголын Нийслэл хүрээнд Судар бичгийн хүрээлэн байгуулж, гадаад олон улсын зүйл бүрийн ухааны ба улс төрд хэрэглэгдэх судар бичгийн чухал хэрэгтэйг нь монгол үсгээр орчуулж авах ба уул Монголын хэлээр зохиож дэлгэрүүлэн, Монголын эрдэм боловсролд тустай болох арван таван зүйлийн дүрэм хэмжээ заан бичиж тогтоолгохыг эрж ирүүлснийг хэлэлцээд, энэ зүйлийн номын хүрээлэнг нээн байгуулахаар төлөвлөсөн дүрэм хэмжээ маш зүйтэй болсон тул ёсоор болгон баталснаас гадна, эрхлэх сайдыг засгийн газраас сонгон томилж айлтгаад тогтоолгох ба Судар бичгийн хүрээлэнгийн зүйлд энэ удаа хэрэглэх гурван мянган ланг засгийн газраас сангийн яамнаа хуудас явуулж тавин олгуулахаар тогтов” гэжээ. Анхны хэрэглээнд 3000 лан цалин цагаан мөнгө зарцуулахаар шийдсэн нь эрдэм боловсролыг эн тэргүүнд тавьсан хэрэг билээ. 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр гүн Жамъянг Судар бичгийн хүрээлэнгийн даргаар тохоон томилжээ. Тэр даруй Жамъян гуай өөрийнхөө сууж байсан орос маягийн жижиг байшинг суллан, Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулж, арваннэгдүгээр сарын 21-нд нийтэд зарлан мэдэгджээ.
Судар бичгийн хүрээлэн байгуулахад тэр үеийн эрдэмтэн сэхээтэн профессор Цэвээн (Жамсранов), манжич Бат-Очир, хятадач Дандаа, гэвш Шагж зэрэг хүмүүс оржээ. Бас Зөвлөлт Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов, П.К.Козлов, Францын нэрт эрдэмтэн П.Пеллио, Польшийн нэрт эрдэмтэн В.Л.Котвич зэрэг хүмүүсийг хүрээлэнгийнхээ хүндэт болон жинхэнэ гишүүнээр сонгож, харилцаа холбоо тогтоожээ. Жамъян гуай хүрээлэн байгуулсан даруй ховор хуучин ном судар эрж цуглуулах ажилд орж, энэ хэргээр хилийн чанадад явж, Монгол Данжуурын 225 боть тэргүүтэй судар ном олж ирсэн түүхтэй. МНТ-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан Лувсанданзаны “Алтан товч”-ийг Дорнод аймгаас олж ирсэн гавьяа л гэхэд түүний алдрыг мөнхөлнө. Жамъян гуай хүчлэн чармайж цуглуулсан ном судраараа Улсын номын санг үндэслэн байгуулсан, мөн улсын төв музей, улсын архивын эх суурийг тавьж, эрж хайх, хадгалж хамгаалах, эмхлэн цэгцлэх бүх ажилд үнэнхүү зүтгэсэн эрхэм хүн билээ.
Н.Дэндэв гуайн дурдатгалд “Ер нь Судар бичгийн хүрээлэн, музей, номын сан, архив дөрөв яг зэрэг үүсэн хөгжсөн юм” гэж тэмдэглэсэн нь үнэн. Тэр бүгд Жамъян гуайн сэтгэл зүтгэлтэй холбоотой. Ардыг гэгээрүүлэх яам байгуулахад анхны сайдаар нь Жамъян гуайг томилсон. Жамъян гуай Ардыг гэгээрүүлэх яамны ажилд их анхаарч, улсын бага сургууль, ардын сайн дурын бага сургуулиудыг байгуулж, оюутны сургуулийг бэхжүүлэн багшийн сургууль болгожээ. Сургууль нэмэгдэх тусам сурах бичгүүд хэрэгтэй, дутмаг болсон тул Жамъян гуай өөрөө монгол үсгийн цагаан толгой, үсгийн дүрэм, тоо бодлогын сурах зэрэг олон ном зохиосон байдаг. Нэгийг жишээ болгоход, 1926 онд “Тоо бодлогыг анхан сурагчдын зам хэмээх бичиг” гэж нэрлэсэн сампин бодлогын бичгийг зохиож, 3000 хувь хэвлүүлсэн. Уг номын оршилд “Үүний үг нь хэдий болхи боловч, утга нь итгэвээс гүн тул залуу настай багачууд чармайн оролдож сурахыг хичээвээс тоо хэмээгч алив хүний хичээн сурваас зохих зургаан чадлын доторх нэг зүйл нь мөн хэмээн эрдэмтэд өгүүлжээ” гэж бичээд төгсгөлд “Судар бичгийн хүрээлэнгийн дарга бөгөөд халх Монголын болхи өвгөн Жамъян бээр хичээнгүйлэн оршил бичив. Үүгээр сая сурах оюуны ам нээгдэх болтугай” гэжээ. 1925 онд бичсэн “Урт өдрийн улиг үгийн бичиг” хэмээх номдох “Манай Монгол улс эрдэм соёл юугаан бадруулахыг нэн ихэд хичээж, насан залуу ухаан сэргэлэн багачуудыг гадаадын хэл бичгийн сургуульд явуулж байгаа нь нэн сайшаалтай бөгөөд гагцхүү үндэсний монгол үсэг бичгийг урьдаар шамдан сурвал зохино. Учир юу гэвэл гадаад улсын хэл бичигт хэдий боловсорсон боловч монгол үсгийг төсөөлөн мэдэхгүй бол гадаад улсад элэглэгдэх төдийгүй, бас нэг зүйлийн их хэрэг дутагдах буй заа” хэмээн одоогоос бараг 100 шахам жилийн тэртээ сануулан захисан нь яг өнөө цагт тун сургамжтай байна даа. Өнөөгийн төрх байдлыг зөгнөн харж сануулсан юм шиг! Жамъян гуайг энэ номоо бичиж байх үест Герман, Франц, Зөвлөлт Орос улсад нэлээд хүүхдүүд сургахаар явуулсан билээ. Түүн дотор нь их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн гуай гэх мэт алдартнууд байсан. Магадгүй, Жамъян гуайд их олноор нь гадагш явуулбал заавал монгол хэл, бичиг, ёс заншлаа эхлээд төгс эзэмшүүлэх нь чухал гэсэн эх орон, эх хэл, үндэсний бичиг үсэгтээ хайртай, гурван төрийн үед бичиг номын үйл эрхэлсэн эрдэмтэн буурлын маань чин сэтгэлийн үг, хойч үеийн бидэнд гэрээслэн захисан санамж байжээ.
1928 онд оюутны сургууль төгсөгчдийн баярын хурал дээр Жамъян гуай захиж хэлэхдээ “Эрдэм сурахад хэдэн халхавч байдаг. Өөрөөсөө дээш эрдэмтэй ахас ихэс хүмүүсээс эмээн шантраад, мэдэхгүй зүйлээ асууж лавлаж чадахгүй хоцрохын халхавч, үеийн нөхдөөс мэдэхгүй зүйлээ асуухаас ичиж, өөрөө мэддэг дүр гарган, мэдэхгүй хэвээр хоцрох нэрэлхэхийн халхавч, мэдлэг багатай буюу өөрөөс доош хүмүүсийг юу ч мэдэхгүй гэж басамжилж, үл тоон, үл асууж мэдэхгүй хэвээр хоцрох дээрэнгүйн халхавч, эдгээрийг шантрах, нэрэлхэх, дээрэлхэх ухамсаргүйн гурван халхавч гэнэ.
Эрдэмтэй болохыг хүсэх хүмүүс тэр халхавчийг хаяж, ахмадаас халшралгүй асууж, лавлаж мэд! Үеийн нөхдөөс нэрэлхэлгүй лавлаж асуу! Бага хүмүүсийг басаж гололгүй лавлаж мэд!” гэж сургасныг ардын багш Д.Чойжилсүрэн багш маань тэмдэглэж бичсэн байдаг.
-Монголын боловсролын салбарт ямар бодлого дутагдаж байна гэж та боддог вэ? Юуг өөрчлөн засах, шинэчлэх хэрэгцээтэй гэж үзэж байна вэ?
-Өмнө ярьсан зүйлдээ Монголын боловсролын салбарыг 1921 онд Ардын засгийн газар байгуулсан даруйдаа л тун их анхаарч байсныг цухас дурдсан. Тэр цагаас хойш олон арван жилд тасралтгүй хичээж, 1942 онд анхны их сургуулиа байгуулж, төрөл бүрийн мэргэжилтнийг дотоод, гадаадад бэлтгэдэг болсон билээ. Өнөөгийн Монголын боловсролын салбарт сайд солигдовч савладаггүй, засаг солигдсон ч задгайрдаггүй, тогтвортой бодлого, басхүү уламжлалаа хадгалж, улам сайжруулан шинэчилсэн сургалтын маш сайн хөтөлбөр үгүйлэгдэж байна. Орчин үед техник, технологи, инженерчлэл, мэдээлэл холбооны суурь мэдлэг зайлбаргүй эзэмших ёстой зүйл болох бололтой.
Нэгэн зүйл шүүмж хэлэхэд, сүүлийн 20, 30 жилд янз бүрийн орны санхүүжилттэй, өдий төдий төсөл, хөтөлбөр ШУБЯ-ны голдуу шугамаар туршлаа. Жишээ нь Кэмбрижийн хөтөлбөр гэхэд манай Монголд тохирохгүй л юм гэж боддог. Дээр ярьсан төсөл хөтөлбөрйин үр дүн нь үймүүлж орхиод өнгөрдөг. Манай боловсролын салбарынхан, багш нар маань ч учраа олохоо больсон. Айлаас эрэхээр авдраасаа эрвэл дээр шүү.
Бас нэгэн зүйл гэвэл Монгол орныхоо онцлог, ялангуяа хөдөөгийн малчны үр хүүхдийн олон талын давуу чанар, бас боломж нөхцөлийн дутуу дулимаг байдлыг маш сайн бодож, сурах бичиг зохиохдоо хүртэл монголчуудын нүүдлийн соёл иргэншил гэдгийг байнга санууштай. Манай боловсролын ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийг харахад, зарим залуу эцэг эхчүүдийн хандлагыг ажихад, гадаадад амьдрах монгол иргэнийг эх орондоо бэлтгээд байгаа юм шиг санагдах юм. Эхлээд эх хэлээ сайн эзэмшээд, 12, 13 наснаас л гадаад хэлийг сурч мэдэх хэрэгтэй юм сан. Бид чинь Их Монгол улсын гал голомтыг сахисан тусгаар тогтносон Монгол Улсын иргэд. Хойч үе маань ч энэ хүндтэй үүргийг хүлээх ёстой. Одоо бидний ярилцаж суугаа Улаанбаатар хот буюу Туул голын хөндийд Хэрэйдийн Тоорил ханы өргөө байсан. Их эзэн Чингис 1219 онд Хорезмыг дайлахаар мордож, Дундад Азийг эзлэн төвхнүүлээд, 1225 оны тахиа жил Туулын хөндийд байх орд өргөөндөө буусан тухай МНТ-ны 264-р зүйлд бичсэн байдаг. Эзэн Чингис хааны өргөөний буурь энд байсан гэхэд монгол хүнд эрхгүй бахархах сэтгэл төрнө дөө. Харь орны элдэв эрээн мяраанд Монголын залуу үеийг автуулахгүй байхад Монголын боловсролын бодлого чиглэвэл зохилтой. Бас нэгэн зүйл бол ШУБЯ-ны бодлого, гаргасан тогтоол шийдвэрт захирагддаггүй, хувийн дунд, их, дээд сургуулиудтай төр засгийн “төмөр нүүр”-ээр харьцаж, Монгол Улсынхаа эрх ашиг, өнөө болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэх нь зөв буй заа.
ШУБЯ сурах, сургах, судлах хэмээх олон талт бэрх үйл хэргийг удирдан чиглүүлэхдээ үүрэг, хариуцлага, сахилга бат гэдэг эрхэм зүйлийг өчүүхэн ч орхигдуулж боломгүй. Өнөөдөр хүний эрх гэж ярихаас бус үүрэг, хариуцлага, сахилга бат гэдэг үгийг хэлэх нь ч ховор болжээ. Үүрэг, хариуцлага, сахилга бат гэдэг чинь ерийн сурагч хүүхдэд ч хэрэгтэй, ерөнхийлөгчид ч хамаатай зүйл шүү. Болгоогтун.
Түүнчлэн ШУБЯ маань бүх л бололцоогоо дайчилж, ЕБС-ийн нэг ангид 30-аас илүү хүүхэд хичээллэдэггүй болгохыг нэн эрхэм зорилгоо болгоорой. Бас сургуулийн орчныг тохижуулах том ажил буй. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та Улаанбаатарт сургууль барих газрыг төр, түмний эрх ашгийн төлөө хүчээр чөлөөлж өгөөч. Хойч үе, хожмын үр хүүхдэд буян болно шүү.
-Ойрын хэдэн жилд зөв бичих дүрэм, цаашлаад монгол хэлний нийтлэг хэрэглээний талаар ихээхэн яригдаж, өөр хоорондоо маргах болсон. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Ойрын хэдэн жилд зөв бичих дүрмийн маргаан гарах боллоо гэдэг нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Журамласан толь” гаргаснаас үүдсэн байх. Уг толь бичиг найруулах ажилд би ороогүй. Харин тэр толь бичгийн үг бүрийн товч тайлбарыг 2006 онд миний бие гурван шавийн хамт хийсэн “Монгол хэлний хэлзүйн толь бичиг” хэмээх хоёр боть толиос шууд хуулан авсан байна билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө, Л.Гантөмөр БСШУЯ-ны сайд байхад, академич Д.Төмөртогоо багшаар ахлуулсан ажлын хэсэг гарч, би түүнд идэвхтэй оролцсон. Бид кирилл үсгийн дүрмийг хялбар болгож, бас монгол хэлнийхээ зүй тогтолд нийцүүлэн, академич Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичих дүрмийн гол хэсгийг хэвээр үлдээж, бас шинээр найруулсан дүрмийн дагуу бичих 40 мянга орчим үгтэй толь бичгийг бэлэн болгосон юм. Бидний хийсэн гол өөрчлөлт бол гээгдэх эгшгийн дүрмийг больё, ъ, ь, щ үсгийг хасъя гэсэн өөрчлөлт байсан. 1941 онд улс төрийн шахалтаар орос үсгийн цагаан толгойн үсгийг ав гэсэн тул яах ч аргагүй я, ё, ё, ю гэсэн дөрвөн үе үсэг, авиа тэмдэглэдэггүй ъ, ь-ий тэмдэг, маш цөөн орос үгэнд ордог щ гэх мэтийг авсан хэрэг. Гээгдэх эгшгийн дүрэм нь монгол хэлний үгийн бүтцийг эвддэг, бас анх үсэг бичиг сурч байгаа хүүхдэд хамгийн ойлгомжгүй, түвэгтэй зүйл байдаг. “Өвөл” гэж хэлж бичээд “өвлийн” гэж бич гэх мэт.
Бидний засан найруулсан кирилл үсгийн дүрмийн талаар цахим сүлжээгээр элдэв маргаан гарсан чинь Гантөмөр сайд таг дарчихсан. Уул нь гол гол мэргэжлийн хүмүүс оролцож, тун нухацтай боловсруулсан зүйл. Тэр үед манай яам ажил хэрэг болгож хийлгэсэн тэр зүйлээ хэрэгжүүлсэн бол бага ангийн хүүхэд, багш хоёрт их зав чөлөө гарах байсан даа.
Одоо нэгэнтээ академич Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг хэвээр хэрэглэе гэсэн болохоор түүнийг л даган баримтлах ёстой. Ер нь засч сайжруулъя гэвэл хэд гурван үгийн бичлэгээр оролдоод хэрэггүй, монгол хэл, монгол бичгийнхээ зүй тогтолд нийцсэн өөрчлөлт л хийх учиртай. Гэхдээ кирилл үсгийн дүрмийг өөрчлөх гэж суухаар, 1000 жилийн түүхтэй, 1204 онд эзэн Чингис хаан төрийн бичиг болгон таалсан үндэсний монгол бичгээ л шамдан сурах нь эрхэм байна.
Ц.Дамдинсүрэн гуайн кирилл үсгийн дүрмийг мөрдөн дагахгүй буруу бичээд байгаа, бас газар авсан шинжтэй нэг алдааг засах хэрэгтэй байна. “н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын “-г”, “-ыг, -ийг” нөхцөлийн алийг залгах вэ гэдгийг огт бодохгүй “-г” залгачихдаг болжээ. Монгол хэлэнд хоёр зүйлийн “н” авиа буюу хэлний үзүүрийн “-н”, хэлний угийн “-н” гэж байдаг. Монгол бичгээ мэддэг хүнд бол энэ тун амархан. Хоёр өөр үсгээ тэмдэглэдэг юм чинь. “-н” үсгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн “-аар (-оор, -ээр, -өөр)” юм уу, “-аас (-ээс, -оос, -өөс)” нөхцөл залгаад хэлээд үз. “Г” авиа жийрэглэн хэлэгдэж байвал шууд “-г” нөхцөл залгаарай. Жишээ нь: жаргалан+аас=жаргалангаас, байшин+аас=байшингаас гэх мэт.
Жийрэглэн хэлэгдэх “-г” авиа дуудагдахгүй байвал “-ыг, -ийг” нөхцөлийг шууд залгана. Жишээ нь: үнэн+ээр=үнэнээр, сонин+оор=сониноор гэх мэт. Мэргэжилтэнг, өвчтөнг гэж буруу бичсэн зүйл зөндөө таарах юм. Өмнө заасан ёсоор хэлж, дуудаж үзээд л, мэргэжилтнийг, өвчтөнийг гээд зөв биччихнэ. Монгол хэлний нийтлэг хэрэглээний талаар үнэхээр санаа тавих цаг болжээ. Цаг үе маш хурдан хувьсан өөрчлөгдөж, дэлхийн янз бүрийн орны эд бараа, техник, тоног төхөөрөмж орж ирэх боллоо. Бас элдэв үзэл суртал, бүр харийн шашны урсгалууд ч нэвтэрч, түүнийг дагаад хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж байна. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг нь болсон монгол хэлний зүй тогтол өөрчлөгдөх ёсгүй. Аливаа ард түмний хэл гэдэг тухайн үндэстний ёс заншил, аж төрөх хэв байдал, соёлтой нь холбогдсон, нэн эртний сэтгэлгээний илэрхийлэл. Монгол хэл гэдэг өөрөө монгол сэтгэлгээ юм. Монгол хэл бол алтай язгуурын хэлэнд багтдаг, залгамал бүтэцтэй хэл. Үгийн язгуурын араас үг бүтэх, үг хувилгах дагавар, нөхцөл угсран залгадаг. Үг бүтээх дагаврын утгыг сайн мэдвэл, одоо хэлж яриад байгаа хэдэн үгийг ганц үгээр илэрхийлж болно. Жишээ нь, нөлөө үзүүлэх-нөлөөлөх, лав болох-лавшрах, баян болох-баяжих, бороо их орох-борооших, дулаан болох-дулаарах гэх мэт.
Сүүлийн үед гадаад үг хэллэгийг “махчлан” орчуулаад хэл яриандаа ч, бичихдээ ч хэрэглэх боллоо. Хамгийн гол нь түүндээ ичихгүй, санаа зовохгүй юм. Монголоор орчуулсан эхийг нь ойлгохгүй, англи хэлээрх эхийг авч харлаа гэж ярих хүнтэй таарч байлаа. Монгол хүн л юм бол эх хэлээ эзэн шиг эзэмших хэрэгтэй шүү.
Харь хэлний хуулбар орчуулгын үгийг тулга тойрсон жижүүрийн хэдэн хэлц үгтэй холбоод бичих болж. Харь хэлний хуулбар орчуулгын нөлөөнд маш их автаж байна. Түүнийгээ бичгийн хэл мэт ухаардаг болчихжээ. Монголчууд чинь аман болон бичгийн хэлний арвин баялаг өв сантай, сонгодог бичгийн хэлтэй ард түмэн. Өмнө ярьсан гэм алдлыг засах арга нь гадаад хэлээр байгаа зүйлийнхээ утга агуулгыг сайтар ойлгоод, дараа нь үүнийг чинь монголоор чухам юу гэж хэлэх билээ, ямар хэлц, хэллэг хэрэглэж болох билээ гэдгийг сайн бодоод бичээд үз. Хэсэг хугацааны дараа дахиад нэг унш. Засах юм бас л гарна.
Монгол хэл өөрийн зүй тогтлоороо явдаг. Гэтэл үг бүтэх зүй тогтол, үг холбох зүй тогтлыг эвдээд бичиж байна. “Потенциал” гэдэг орос хэлний үгийг “чадавх” гэж буруу орчуулсныг 1980-аад онд Ш.Гаадамба гуай “чадамж” болгож зассан юм. Одоо бас холиод л бичээд байх юм. Учир нь, монгол хэлний “-вх” дагавар нь үйл үгээс үг бүтээдэггүй, цөөн хэдэн нэр үгэнд л залгадаг. Жишээ нь, “ид+вх”, “ус+вх” гэх мэт.
Монгол хэлний “үл, эс” гэсэн үгүйсгэх сул үг зөвхөн үйл үгийн өмнө л ордог. Үл мэдэх, эс мэдэх, үл чадах, эс чадах гэх мэт. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүдийн баталсан хуульд “эс үйлдэл” гэдэг үг зохиочихсон байх юм. Тэгвэл, “эс мэдэл, эс чадал” гэж бичих хэрэг үү? “Үйлдэх, эс үйлдэх” гэж бичих ёстой шүү.
Монгол хэлний тайлбар толь үзэж баймаар сан. Тэгвэл монгол үгийнхээ гол болон салаа утга, хэлц үгийг гайгүй сайн мэддэг болно шүү дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө авлигын тухай хууль УИХ-аар баталсан даруй гудамжинд “Авлигыг үл тэвчье” гэсэн том уриа хадсан байв. Мөн тэр өдөр телевизийн нэг сурвалжлагч ирж, мөн л монгол хэлний тухай юм яриулах гэв. Би нөгөө уриаг хэлээд, монгол хэлний “тэвчих” гэдэг үг бол “болих, орхих, гээх, цээрлэн үл үйлдэх” гэсэн утгатай. Өмнө нь “үл” гэдэг үгүйсгэх сул үг орвол “тэвчихгүй байх”, “болихгүй”, “цээрлэхгүй үйлдэх” гэсэн утгатай болно. Тэгэхээр “Авлигатайгаа байя”, “Авлигыг орхиж гээхгүй байя” гэсэн уриа болжээ гэж хэлсэн. Маргааш нь Авлигатай тэмцэх газраас нэг хүн ирэхэд, би нөгөө л тайлбараа хэлтэл энэ хуулийг хараач гэв. Гэтэл уг хуульд “авлигыг үл тэвчих ёс суртахууны хүмүүжил олгох” гэж бичжээ. Тэгэхээр нь би одоо тэгвэл авлигын хэрэгт холбогдсон хүн “Авлигыг үл тэвчих ёс суртахууны хүмүүжилтэй хүн” гээд өнгөрөх юм уу гэтэл та ийм юм огт ярьж болохгүй шүү гэж их сандарч байсан. Одоо зассан, эсэхийг мэдэхгүй. Амьтны амь тэвчих, нүглийг тэвчих гээд л монгол хүний аманд нь л байдаг утга шүү.
Бас нэг зүйл хэлэхэд, “аягүй, аймаар, гоё, өшөө, таалагдах” гэх мэт хэдэн үгийг улиг домог болтол нь хэрэглэх юм. Дургүйцмээр юмыг “аягүй” гэдэг. Санаанд нийцсэн юмыг “аятай” гэдэг. Гэтэл “Аягүй гоё чихэр байна” гээд хүүхдүүд дуулж байна. “Амттайхан чихэр байна” гэж болмоор. Айж эмээмээр юмыг “аймаар” гэж тодотгоно. “Аймаар муухай хэрэг” гэх мэт. Орос “ещё” гэдэг үгийг “өшөө” болгоод хэлдэг болчихсон. Ядахдаа муухай утгатай үг. “Өөр, ондоо, бусад, бас дахиад” гэх мэтээр хэлж болно доо.
“Гоё” гэдэг энэ үгийн тухай профессор Ц.Шагдарсүрэн багш аавынхаа толийг нэмж засахдаа ингэж бичжээ. “Гоё – чанартай холбоотой бус, зөвхөн гадаад өнгө байдалд холбогдох утга: үзэсгэлэнтэй, элдэв чамин хээнцэр ганган чимэг гэх мэт… Гоозүйн сайхан гэдэг ойлголтыг гоё гэдэг ганц үгээр… хэлэх болсон нь тэдний эх хэлний боловсрол, монгол ахуйн сэтгэлгээ алдарч, дээр нь гоозүйн сайн, сайхан, гоё гэдгийн ялгамжаат мэдрэмж байхгүй болсны баримт, энэ нь сэтгэлгээ хоосорч, юмны дотоод мөн чанар, гадаад төрхийг ялгахаа больсноос үүдсэн найруулгын алдаа” (Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, УБ, 2003) хэмээсэнтэй санаа бодол бүрэн нийлэх тул эш татав.
“Таалах, таалагдах” гэдэг их хүндэтгэлийн үгийг урьд хожид ихэс дээдэс, багш, өвөг, эмэг тэргүүтэнд хэлдэг байв. Утга нь “таалах” гэвэл “санаанд нийцэх, зохилдох, ойшоох” гэх мэт. “Таалагдах” гэвэл “санаанд нь нийцэх, сайхан санагдах, сэтгэлд нь хүрэх” гэх мэт. “Энэ чамд таалагдаж байна уу?” гэхийг “Энэ чамд ямар санагдаж байна?” гэдэг дээ. Харин хуучин цагт егөөдсөн утгаар хүндэтгэлийн үг бас хэрэглэдэг байсан.
Харь үгийг хамаагүй хэрэглэх, өөр өөрийн дураар орчуулах хандлага дэн-дэж байна даа. Аливаа хэлний үгийн сан баяжих гурван арга зам бий. Хамгийн гол нь эх хэлнийхээ үг бүтэх ёсыг эвдэлгүй шинэ үг бүтээх чухал. Шинжлэх ухааны олон салаа салбар хөгжихийн хэрээр нэр томьёог зөв орчуулах том ажил буй. Үүнийг тухайн мэргэжлийн хүн, монгол хэлний мэргэжлийн хүн хоёр хамтарч, ярилцаж буй болгох нь их чухал юм билээ. Мэргэжлийн хүн болохоор нөгөө юмныхаа бүх утга агуулгыг багтаасан ганц үг олох гэж боддог. Нэр томьёог орчуулахад хоёроос илүү үг хэрэглэвэл тайлбар болчихдог, олон нийтэд хэвшдэггүй. Эх хэлний зүй тогтолд нийцэхээс гадна хэвших нь чухал юм. Энд нэг хууч ярья. 1950-аад онд академич Б.Ринчен гуайг МУИС-д багшилж байхад, химийн багш нар “катализатор” гэдгийг Б.Ринчен гуай “хурдасгуур” гэж орчуулсныг ярилцаад, бодисын урвалыг хурдасгахаас гадна удаашруулдаг бас нэг онцлог байдгийг маргааш Ринчен гуайд хэлье гээд, маргааш өглөө нь тэд уулзалдаад, учрыг тайлбарлажээ. Ринчен гуай дуугүй алхаж очоод хананд байх унтраалгыг заагаад “Үүнийг юу гэдэг вэ?” гэхэд бүгд “Унтраалга” гэж хариулсанд, “Энэ чинь бас асаадаг биз дээ” гээд явчихжээ. Багш нар ч дуугүй хоцорчээ. “Асаалга” гэдэггүй, “унтраалга” гээд л хэвшчихсэн хэрэг. Үүний сургамж нь, аль нэг гол шинжээр нь нэрлээд, хэвшчихвэл нэр томьёо тогтдог ажээ. Үгийн сан баяжих тааруухан арга бол харь хэлний үгийг шууд авч хэрэглэх юм.
Монголчууд чинь аман зохиолын арвин баян сан хөмрөгтэй, бас 900 шахам жилийн тэртээгээс уламжилсан бичгийн зохиолын нэн их өвтэй улс. Тэрхүү судар шастирын сайхан монгол үг хэллэг мартагдаж, зөвхөн цөөн хэдэн судлаач нар л мөшгих боллоо. Газрын хөрсөн дор он удсан археологийн олдворыг хайрлан хамгаалах тухай ярих мөртөө дээдэс мэргэдийн бодож тунгаасан үг хэллэгийг мартагдан балрахад огт санаа зовохгүй, харин ойлгогдохгүй байна, хялбарчил гэх хүмүүс олон болжээ.
Бичгийн хэл, ярианы хэл хоёрын зааг ялгаа их бүдгэрч байна. Жишээ нь, ярих-өгүүлэх, хийх-үйлдэх, яах-хэрхэх, явах-одох, морилох, хэмжээгүй-цаглашгүй, дуусах-төгсөх, ядрах-чилэх, анхан-тэргүүн, үргэлжид-насад, хуурмаг-омтгой, боол-зардас, гээх-огоорох, тушаах-хатангатгах, ашид-өнөд гэх мэт.
Монгол хүний сэтгэлгээний гол онцлог нь хэлц үг, зүйр цэцэн үг, оньсого зэрэгт илүү туссан байдаг. Ийм үгсийг бага наснаас зааж өгч, монгол хэлний сурах бичигт оруулах нь чухал. Одоогийн хэрэглэж байгаа 2-р ангийн “Монгол хэлний сурах бичиг”-т “2-оос 3 насны дөнгөж явж сурч байгаа 100 хүүхэд…” гэж нэг үлгэрт бичжээ. Монголчууд чинь хэлд орох, хөлд орох гэдэг биз дээ. Нөгөө л орчуулгын нөлөө болов уу. “Дөнгөж хөлд орж байгаа” л гэж хэлнэ шүү дээ.
Жич тэмдэглэхэд, Боловсролын яамны нэр ядмаг үг. Гэгээрлийн яам гэдэг хуучин нэр өргөн утгатай, сайхан үг шүү. Гэгээрэл дотор сурч боловсрох, хүмүүжих, дотоод сэтгэлийн төлөвшил, ёс суртахууны асуудал бүгд багтана.
-Даяаршлын энэ эринд монгол хүүхдийг “дэлхийн хүн” болгох тухай их ярих боллоо. Үүнээс шалтгаалаад хүүхэд залуус “гадааджиж” байна ч гэх болсон. Таны бодлоор, даяаршсан монгол гэж хэнийг хэлэх вэ?
-Даяаршил гэж дагаж дарвиад байх сайн юм биш. Нөгөө талаас дэлхийн улс орнууд олон талаараа бие биеэсээ хамааралтай болчихжээ. Гэхдээ сүүлийн үед дэлхийн улс орнууд аль болох өөрийн онцлогоо хадгалах, биеэ даахыг эрмэлзэх болсныг анхаарууштай. Даяаршил бол дэлхийд нөлөөгөө тогтоох гэсэн том гүрнүүдийн эрх ашигт нийцдэг зүйл. Манайх шиг цөөн хүн амтай, асар уудам нутагтай, байгалийн баялаг их улсад бол гай тарихаас бус, гавьяа байгуулах зүйл биш. Ялангуяа Монгол Улсын тусгаар тогтнолд, ирээдүйн Монгол Улсад тун аюултай. Манайхны нэлээд нь даяаршил, глобалчлал юм чинь тэгэлгүй яах вэ, ингэлгүй яах вэ гээд алга ташин дэмжих маягтай. Энэ олон зурагт радио, цахим орчин хүүхдийг хэлд орохоос нь даяаршуулж, харийн орны амьдрал ахуйд дасгаж байна. Харин хөдөө гарвал мал хараад айдаг хүүхдүүд олширчээ.
Монгол хүүхдийг “дэлхийн хүн” болгох гэдэг их ойлгомжгүй зүйл байна. Монгол хүүхдийг дэлхийн тэргүүлэх орнуудын хүүхдийн мэдлэг, чадвартай адил түвшинд хүртэл Монголдоо сургаж хүмүүжүүлнэ гэж зорьж байгаа юм болов уу. Тийм бол зөв л зорилт. Гэхдээ тэр зорилтыг Монголдоо л хэрэгжүүлэх ёстой. Гадаадад хүүхэд залуусыг явуулж сургах гэдэг бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцүүштэй асуудал шүү.
Хүүхэд залуус “гадааджиж” байна гэдэгтэй санал нэг байна. Түүгээрээ гайхуулах өнгө аяс ч байдаг бололтой. Даяаршил гэдгийг хүүхэд залууст тун зөв ойлгуулах нь ирээдүйн Монгол Улсад ач тусаа өгөх болно. Нөмрөөд ирж байгаа даяаршил хэмээгчийн үед яаж монголоороо тэсэж үлдэх вэ, юуг нь авч, алийг нь гээж, алинаас нь зайлсхийх вэ гэдгийг их л сайн бодох учиртай.
Эрхбиш монгол хүний заяа түших байлгүй. Төр засаг ч болгоох буй заа.
-Манай сэтгүүлийн хойморт морилон саатсан танд баярлалаа. Ярилцлагын эцэст боловсролын салбарынханд хандан хэлэх үгс буй л байх?
-Нийт сурган хүмүүжүүлэгч нартаа орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Удирдсан байгууллага тань ухаан далайн сан болтугай, сургасан шавь тань суу алдрын эзэд болтугай, мэдлэг эрдэмд шамдагч бүхэн мэргэдийн суудлыг эзлэх болтугай.
Ярилцлага хийсэн П.НОМИНБИЛЭГ
Холбоотой мэдээ