Эрх баригчдын ивээлийг хүртсэн рецидивүүдээс эмээхийн учир!

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын ивээлийг хүртсэн рецидивүүдээс эмээхийн учир!

Эрх баригчдын ивээлийг хүртсэн рецидивүүдээс эмээхийн учир!

-Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

-Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Японы сүмогийн их аварга Асашёрюү  Д.Дагвадорж агсам тавьжээ. Халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнийг тэрбээр  ална хядна гэж олон нийтийн сүлжээнд ил тод заналхийлээд зогсохгүй, аймаг, сум, яс үндэс, угсаа гарвалаар нь иргэдээ ялгаварлан гадуурхав.  Энэ бол аварга хүнд байж боломгүй зохисгүй үйлдэл бөгөөд хэрэвзээ Монголд  “гахай илүү эрхтэй” байдаггүйсэн бол Асашёрюүд  хариуцлага тооцох ёстой үг, үйлдэл мөн.  Олны хайр хүндлэлийг хүлээсэн аварга хүний хувьд хамгийн ёс зүйгүй авир хандлага байлаа.

Гэвч, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай, хотын дарга Д.Сумъяабазарын төрсөн дүү болохоор түүнтэй хариуцлага тооцох хүн байсангүй. Хариуцлага тооцвол харин ч эсрэгээрээ Асашёрюүд  алуулж мэднэ. Энгийн иргэн ийнхүү авирласан бол манай хууль шүүхийнхэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж, аль хэдийнэ “төрийн түшээгийн амь насанд заналхийлсэн” гэх асуудлаар шоронд суулгачих байлаа.

 Хаан банкны хувьчлалд гадаадынхан оролцсон байж болзошгүй, хэрэглэгчдийн тоо активын хэмжээгээрээ  Монголдоо топод ордог банкны хувьчлалыг сайтар шалгах хэрэгтэй гэсний төлөө Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Асашёрюүд алахаас сийхгүй аашилсан хэрэг.  Нэгэн цагт, 280 сая ам.доллараар барьсан “овоолсон шороо”-нд аудит оруулна гэснийхээ төлөө М.Энхсайхан Асашёрюүд элдвээр доромжлуулсан төдийгүй, түүнийг дараа нь заналтайгаар шоронд суулгасан бий.

Асашёрюү ганцхан Ч.Хүрэлбаатарыг занасан юм биш.  Улсын циркийг нурааж балгас болгосныг илчилсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийг бас сүрдүүлжээ.  Удахгүй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан төрийн мөнгөө нэхсэн Сангийн сайд Б.Жавхланг ална тална гэж айлгаж мэднэ.

“Чингис хаан банк нь 2021 оны эхний хагас жилд 3.9 тэрбум төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2020 онд 12.2 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэрнээ  НДС, ЭМДС, төрийн болон өмчит хуулийн этгээдийн чөлөөт эх үүсвэрийг гаргаж өгөхгүй байгаа”-г Сангийн сайд өчигдөрхөн анхааруулсан. Энэ бол ганцхан Асашёрюүгийн гаргаж үг, үйлдэл биш л дээ. Сүүлийн үед ардаа том хамгаалалттай, улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, гар хөлүүд  утсаар болон сошиалаар бусдыг дарамтлах, бүр хэвлэлийн бага хурал хийж бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлэх нь хэвийн үзэгдэл болсон. Товчхондоо рецидевүүд нь төрийн толгой дээр гарчхаад энгийн иргэдээ айлгаж дарамтлаж, эд хөрөнгийг нь ил цагаан дээрэмддэг болсон байна.

 Бусдын хүүхдийг хээр аваачаад буудан амь насыг нь хөнөөж 25 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа суллагдсан Хонхэрэйдийн Б.Энхбат гэгч сав л хийвэл хэвлэлийн хурал зарлаж, олон нийтийн өмнө бусдын амь насанд заналхийлэх болсон ч хууль шүүхийнхэн харсан ч хараагүй юм шиг царайлах болсон. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард хийсэн хэвлэлийн бага хурлаараа “Би бол эрүүгийн элемент, гэмт хэрэгтэн намтартай хүн.Би амьдралдаа маш олон удаа Монголын төрийн цагдаад гавлуулж, баригдаж явсан. Гэхдээ нэг удаа ч төрийн цагдаагийн өөдөөс салаавч өгч үзээгүй. Гэтэл сүүлийн үед цагдаа, иргэдийг муудалцуулах гэж гадны хөрөнгөөр санхүүжсэн хөдөлгөөнүүд, янз бүрийн иргэд элдвийн башир аргаар сошиал ертөнцөөр өөрсдийгөө сурталчилах боллоо. Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байгаа мэт жүжиг тавьж буй залуучуудтай хатуу хариуцлага тооцох ёстой” гэсэн нь үнэндээ түүний үг биш цэрэг, цагдаагийнхны сүрдүүлэг болж сонсогдов. Өөрөөр хэлбэл, хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнээр иргэдээ айлгаж ичээх нь хэний зүгээс өгч буй анхааруулга болоод юуны тулд вэ?.

Энэ байдлаараа эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөн, хэн нэгний амь нас эрүүл мэндэд халдвал энгийн иргэний хохь болоод үлдэх үү. Энэ оны дөрөвдүгээр сард олимпийн аварга Н.Түвшинбаяр бусдыг санаатайгаар зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн агаад одоогор сул чөлөөтэй яваа. Тэрбээр сайн найз, Улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулсан боловч, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай дүү тул хэдхэн хоног хорьсан дүр үзүүлээд сулласан.

Хэрэг болсны орой цагдаа нар Н.Түвшинбаярыг суллаж явуулсан төдийгүй, эмнэлэгт жүжиг тоглоод хэвтэж байсан түүнийг манай цагдаа нар манаад, хамгаалаад зогсож байсан нь худлаа юу. Эрх мэдэлтнүүдийн найз, танил Н.Түвшинбаяраас өөр энгийн Түвшинбаяр байсан бол аль хэдийнэ шоронд суулгачих байсан нь өчиггүй үнэн.

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга амийг санаатайгаар хөнөөсөн Б.Махбалыг мөн нь Х.Баттулгын ойрын хүн гэдэг.  Тиймээс Ерөнхийлөгчийнхөө суудлаас буухаас нэг өдрийн өмнө Х.Баттулга зарлиг гарган түүнд уучлал үзүүлж, эдлэх ялыг нь 2.5 жилээр багасгасан юм.

Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 9-нд  хамт ажиллаж байсан нөхрөө ажил, албаа өгсөнгүй хэмээн дарамтлан зодож хөнөөсөн хэрэгтээ 11 жилийн ял авсан.  Үүнээс 2.5 жилийн ялыг нь уучлалаар хөнгөрүүлчхээр Б.Махбал нь удахгүй суллагдахаар болж байна.  Энэ бол манай эрх мэдэлтнүүдийн “эх оронч” улстөрчдийн бидэндээ амалдаг “шударга ёс”-ных нь илрэл. Товчхондоо, хүний нөөцгүй хулгайчийн нөөцтэй гэгдэж байсан Х.Баттулгынхан өдгөө хүн алахаас айхгүй ичихгүй болжээ. Энэ бүгдээс харахад МАН-ынхан ядарснаа яг хамгааллаа юу!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
БурууБуруу
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж