Гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэх
монгол үг нь үнэн хэрэгтээ нохойны тухай яриа биш, ажил хийх гэж байгаа
хүнд хийхгүй нь саад бүү хий гэсэн гүн утгат хэллэг юм. Өөрөө ажиллах
дургүй байх нь дүүрч, ажиллаж байгаадаа хэзээ ч битгий садаа хий.
Хийхийн төлөө хичээж байгаа хүмүүст хийхгүйчүүдийн учруулах саад
мундахгүй. Хийж байгаа хүнийг хараад хэл амаа билүүдэн, үйл ажилд нь үг
хэлээрээ садаа хийгсэд хорлонтой. Хийж байгаа хүмүүсийг хэнхэг гэж
шоолно, өөрөө хийхгүй мөртлөө өрөөлийн хийснийг өөлж голж муучилна.
Хорон үгээр булж, хорыг маажин цаашлуулна. Хорт сумаар нэгийг онодог бол
хорон үгээр олныг онодогоороо хорлол нь их. Хийе бүтээе гэх өөдрөг
сэтгэлийг нь болохгүй бүтэхгүй гэх уруу үгээр жадлан эсэргүүцнэ. Үг нь
их, үйл нь бага хүмүүс хийх бүтээх замд хэзээд л хөндөлсөн саад болдог.
Хийх хүнд хийхгүй хүн садаа
Нацагийн Багабанди