Элон Маск дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Элон Маск дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэж чадах уу?

Элон Маск дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэж чадах уу?

Нэгдсэн үндэстний байгууллага дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэж чадахаа баталбал АНУ-ын тэрбумтан Элон Маск өөрийн хөрөнгөөс зургаан тэрбум ам.долларыг хандивлахад бэлэн гэж өнгөрсөн аравдугаар сарын 31-нд мэдэгдсэн. Магадгүй тэр үүнийг шоглоом маягаар хэлсэн байх.

Харин НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн дарга Дэвид Бисли тэрбумтан Жефф Безос болон Элон Маск нарыг дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэхэд нэг удаа гараа сунган туслахыг уриалан лоббиджээ. Тэрбээр хэлэхдээ “Бид туслахгүй л бол өлсөж үхэхийн ирмэгт байгаа 42 сая хүнд зургаан тэрбум ам.доллараар тусалж болно. Энэ тийм ч адармаатай хэрэг биш” гэж CNN телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан аж. Тэдний ийнхүү нэгнээ егөөдөж, өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Элон Маск энэ оны эхээр тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж дэлхийн хамгийн баян хүн гэгдэх болсон. Харин НҮБ-ын Хүнсний хөтөлбөр нь өнгөрсөн 2020 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн. Тэдний  бодож сэтгэж, бүтээж байгаа нь ч тэс өөр учраас зарим зөрчил байх нь ойлгомжтой. Элон Маск хувь хүний хөгжил, инновацийг голчлон анхаардаг бол НҮБ бол олон улсад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг дипломат байгууллага. Дэвид Бисли өмнө нь Трампын захиргааны үед Өмнөд Каролина мужийн захирагчаар ажиллаж байгаад НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийг даргалах болсон. Дэвид Бисли болон Элон Маск нарын энэхүү сөргөлдөөн нь хоёр өөр ертөнцийн хоорондох тэмцлийг илэрхийлж байгаа ч хүн төрөлхтний нийтлэг асуудал болох өлсгөлөнг зохицуулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой.

Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын 10 орчим хувь нь  хүнс тэжээлийн дутагдалд орсон ба энэ нь 2019 оныхоос 118 сая хүнээр огцом нэмэгдсэн үзүүлэлт. Уг нь дэлхий дээр хүн бүрийг тэжээхэд хүрэлцэхүйц хүнс байгаа. Олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь олон улсад хүнсний бүтээгдэхүүн ургуулах боломжгүй байгаатай холбоотой юм. Үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үер, түймэр, хэт халалт, хар шуурга гэх мэт байгалийн гамшиг үзэгдлүүд нөлөөлж буй. Түүнчлэн улс төрийн зөрчил, дэд бүтэц хөгжөөгүй эсвэл муу хөгжсөн, баялгын тэгш бус хуваарилалт, ядуурал зэргээс шалтгаалан өлсгөлөн хүндэрч байна. Тухайлбал, Йеменд таван жил үргэлжилсэн зөрчлийн улмаас таван сая гаруй хүн өлбөрөхийн ирмэгт очсон. Мөн Сирид 10 дахь жилдээ үргэлжилж буй дайнаас болж 12.4 сая хүн буюу хүн амын 60 гаруй хувь нь хүнсний хомсдолд оржээ.

Элон Маскийн хувьд НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийг чалленжэд дуудсан нь илүү үр дүнтэй төлөвлөгөө боловсруулахад түлхэц өгнө гэж ажиглагчид дүгнэж байна. НҮБ-ын Хүсний хөтөлбөр 1961 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн өлсгөлөнг зогсоохоор ажиллаж буй. Тус хөтөлбөр зөвхөн 2020 онд гэхэд 8.4 тэрбум ам.долларыг улс орнуудын сайн дурын дэмжлэг, хувь хүмүүсийн хандив, бэлгээс цуглуулжээ. Гэсэн ч ахиад 6.6 тэрбум ам.долларыг жил бүрийн төсөвт суулгах шаардлагатай гэж мэдэгдсэн. Мэдээж дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэхдээ л боломжгүй зүйл биш. Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь эрүүл хооллолтын дэглэмийг сахиж чадахгүй байна. Онолын дагуу дэлхийн баячууд нэгдэн өлсгөлөнгийн эсрэг тэмцвэл хэдхэн жилийн дотор асуудлыг шийдвэрлэж чадна гэж тус хөтөлбөрөөс мэдэгдсэн. Тухайлбал, 2020 оны байдлаар АНУ-ын баячуудын цэвэр хөрөнгө нийлээд 34.2 их наяд ам.доллар болжээ. Гэхдээ бодит байдал дээр баячууд гараа сунгасан ч зөвхөн мөнгөөр өлсгөлөнг шийдвэрлэхгүй. Үүний тулд засгийн газрууд дэд бүтцээ хөгжүүлэх бодлого барьж, нийгмийн нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, олон улсын хооронд зөрчлийг бууруулах, бодлогоо өөрчлөх шаардлагатай.

Баячуудаас хамгийн үр дүнтэй хандив тусламжийг үзүүлж буй нь Билл Гейтсийн гэр бүлийн сан юм. Билл, Мелинда Гейтс сангаас сүүлийн 20 жилийн хугацаанд 50 тэрбум ам.долларыг хандивыг малариа, ХДХВ/ДОХ, сүрьеэ зэрэг халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан. Үүний ачаар ДОХ өвчний эм, эмчилгээ сайжирч, малариа өвчний эсрэг вакцин гаргах зэргээр тодорхой үр дүнд хүрсэн. Гэсэн ч жил бүр 400 мянга гаруй хүн малариа өвчнөөр нас барж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж