"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан"

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан"

"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан"

НЭМЭЛТ:

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Нөөцийн мах бүрдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлэх нөхцөл бүрдүүлээд байна. Арилжааны банкуудаас өгсөн мэдээллээр 81 тэрбум төгрөгийн зээл судлагдаад мах бэлтгэлийн компаниудад олгосон байна. Одоо судлагдаж байгаа 19 тэрбум төгрөгийн зээл ойрын хугацаанд шийдэнэ. Ирэх оны нөөцөд 5.5 мянган тонн мах бэлтгэгдсэн. Үүнээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгож, зах зээлийн өрсөлдөөнт зарчмаар ирэх оны суурин газрын махны хэрэглээг тогтвортой байлгах зорилгоор мах бэлтгэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд ирэх долоо хоногийн хуралдаанаар ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгох шийдвэрийг гаргуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ өвлийн идэшт зориулж нийслэлд 31 мах борлуулах цэг байгуулна.

Эхний ээлжид долоон цэгийн байршлыг тогтоосон. Мөн 1000 машины зогсоол, Төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа явуулахаар боллоо. Махыг аль болох орон нутгийн иргэдээс нийслэл рүү буюу дундын оролцоогүйгээр явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хархорин зах, Саруул, Лавай, Фермер зах, Тэнгэр, Амгалангийн захад тогтмол мах худалдана. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын тухайд 79 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихрийн захиалгыг ЗТХЯ, ГХЯ-аар дамжуулан өгөөд байгаа. Одоогийн байдлаар 16 вагон гол нэрийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн. 37 вагон ачигдаж байна. Энэ сардаа багтаад 106 вагон бараа ачигдаж орж ирнэ. Хүнсний нарийн ногоо импортлох 60 вагон захиалснаас уржигдар долоо нь орж ирсэн. Зургаан вагонд ногоо ачигдаж байна. Цаашдаа бид гол нэрийн хүнс, нарийн ногоог төмөр замаар импортлох ажлаа тогтворжуулна. Хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногоо импортоор орж ирснээр үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бодитоор буурсан. Гашуунсухайт, Ханги боомт дээр мэргэжлийн хяналтын лабораторийг байгууллаа. Аж ахуй нэгжүүд эдгээр боомтоор хүнс болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн.

НЭМЭЛТ:

Сангийн сайд Б.Жавхлан:
-Сангийн яамны зүгээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Засгийн газарт төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх санал орууллаа. Хавраас хойш төрийн өмчийн үйлдвэрийн газрууд Засгийн газрын оролцоотой аж ахуй нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө гаргаж, судалгаа болон үнэлгээний ажлууд дуусах дөхөж байна. Бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх санал оруулсан. Гурван чиглэлээр төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
Нэгдүгээрт, стратегийн хувьд зуун хувь төрийн өмчит байх шаардлагатай. Хувьцаат компани байх хэлбэрээр бирж рүү олон нийтийн хяналтад оруулж тухайн компанийг засаглалын хувьд үр өгөөжийг сайжруулж болох юм. Мөн цаашдаа төрийн өмчит байх шаардлагагүй гэсэн ангиллаар бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна. Өнөөдөр дээрх бүтцийн өөрчлөлтөөр стратегийн хувьд чухал ач холбогдолтой улсад зуун хувь байх шаардлагатай аж ахуй нэгжүүдийг зарлаж, тогтвортой бодлогоор дэмжье гэж ярьж байна.
Удахгүй хоёр, гурав дах хэлбэрээр ангилж бүтцийн өөрчлөлт хийх компаниудыг танилцуулах болно. Өнөөдрийн хувьд 30 гаруй компани байна. Танилцуулгын явцад Засгийн газрын гишүүд яамдууд тухайлан санал гаргаж, эдгээр жагсаалтууд нэмэгдэх байх. “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюутолгой”," Улаанбаатар дулааны сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, "Дархан дулааны сүлжээ", "Диспетчерийн үндэсний төв", "Газрын тос боловсруулах үйлдвэр", "Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал", ДЦС-3, ДЦС-4, "Дарханы ДЦС", "Эрдэнэтийн ДЦС", "Даланзадгадын ДЦС", "Багануурын ДЦС", Налайх, Хөсвгөл, Ховд тус бүрийн ДЦС, "Дулаан шарын гол"," Улаангомын хоёрдугаар станц", "Амгалан дулааны цахилгаан станц", "Эгийн голын УЦС", "Дипломат албаны үйлчилгээ эрхлэх газар", "Авто тээврийн үндэсний төв", "Барилгын хөгжлийн төв", "ТОСК"," Монголын төмөр зам", "УБТЗ", Хөгжлийн банк, Эрчим хүчний тухай хуулийн 14.4-т заасны дагуу дамжуулах дэд станц эзэмшиж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдүүд, мөн үүн дээр орон нутгийн АЦЦ компаниуд болон дулааны болон цахилгааны түгээх компаниудыг төрийн өмчит байлгаж, цааш нь бодлогоор дэмжиж ажиллах тухай чиглэлийн яамд өгсөн. Удахгүй дээрх тогтоол эцэслэн гарна.
Даатгалын зах зээл нь хувийн хэвшлээрээ явах нь зөв. Даатгалын компаниудын нөхөн төлбөр учир дутагдалтай юм уу ямар нэг асуудал байлаа ч төр заавал оролцохг албагүй. Хувийн хэвшлийн даатгал эрхэлж байгаа компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, нөхөн төлбөрийг нь тодорхой хэмжээгээр хүртээмжтэй болгох тал дээр СЗХ-ноос зохицуулалт хийгээд явж болно. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Хуулийн зохицуулалт дээрээ хувийн хэвшлээ түлхүү оруулж, дэмжих нь зүйтэй гэдэг саналаа хүргүүлсэн байгаа.
"ХИЙН ХООЛОЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ УРАГШИЛЖ БАЙНА"
НЭМЭЛТ:

Шадар сайд С.Амарсайхан:

-Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар 2020 оны наймдугаар сард тусгай зориулалтын компани байгуулж төслийн бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ хийх явц эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй ярьж байна. Хийн хоолойн төсөл амжилттай урагшилж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. Энэ хүрээнд хоёр улс хамтран хэрэгжүүлэх, томоохон төслийн нэг. Түүхэн бөгөөд эдийн засгийн өгөөжтэй, Ази Европыг холбосон төсөл болж буй онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайдтай хоёр улсын Засгийн газар хоорондын төлөвлөгөөний дагуу утсаар ярилцаж, мэдээлэл солилцсон. Энэ ажилтай холбоотой зарим ажлыг эрчимжүүлэх үүргийг сайд нарт өгсөн.

Хийн хоолойн төсөлтэй холбоотой тусгай зориулалтын компани байгуулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард байгуулж, инженер техникийн алба хаагчид нь Монгол Улсад байршиж техник эдийн засгийн үнэлгээ хийж байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 12-ны өдөр "Газформ"компанийн төлөөлөн удирдах зөвлөл Монгол Улсад хүрэлцэн ирж төр засгийн албан хаагчидтай уулзсан. Үүний дараа ТЭЗҮ-г бодитоор хийж, хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. Хятадын Эрээн хот Замын-Үүд хүртэлх 960.5 км хийн хоолой татна гэж ойлгож болно. Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээр орж ирнэ. ТЭЗҮ өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна. Энэ онд ТЭЗҮ дуусна. Хийн хоолой татах стандартыг батлах ажлыг хийж байна. ТЭЗҮ боловсруулах ажил дууссанаар цаашдаа инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно.

Бэлтгэл ажил хоёр жил үргэлжилнэ. Зураг төсөл боловсруулж эхэлсний дараа төсөл албан ёсоор эхлэх боломж бүрдэнэ. Мөн Засгийн газрын хэлэлцээр рүү орно. Энэ хэлэлцээрээр үнэ тариф, ямар үүрэгтэйгээр оролцох, хэн ямар үүрэг хүлээх вэ гэдгийг нарийн үүрэг хариуцлага тодорхой болно. Манай талаас байгалийн хийн хоолойтой холбоотой хуулийн төсөл боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн тухай гурван улсын Засгийн газрын хэлэлцээрт үндэслэж, ямар хугацаанд хэрэгжүүлэх, гүйцэтгэх барилгын ажил явуулах уу гэдэг төлөвлөгөө гаргана.

НЭМЭЛТ:

Автозамын түгжрэлийг бууруулах хувилбар: Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах. Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно. Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын нэг хувь татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, ирэх 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ, Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг 24 асуудал хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж