Сурвалжлага: Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ бага зэрэг буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ бага зэрэг буурчээ

Сурвалжлага: Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ бага зэрэг буурчээ

Эрээн хотод Сovid-19-ийн халдвар бүртгэгдэж, сар гаруйн хугацаанд хил хаалттай байна. Үүний улмаас нарийн ногооны үнэ тэнгэрт хадаж, наймаачид зогсонги байдалд орж, дэлгүүрийн нарийн ногооны лангуу хоосорч эхлэв. Иймд Хятадаас татан авалт хийдэг жимс, нарийн ногооны нөөц, үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

Жимс, хүнсний ногооны бөөний “Барс” худалдааны төвийг зорив. Үүдээр ороход нарийн ногоо худалдаалдаг лангууныхан тун завгүй байв. Тэд өчигдөр орой вагоноор захисан нарийн ногоогоо авлаа гэж ярилцан, ногоогоо хайрцгаас нь гаргаж зогсоно. Нэг үеэ бодвол хоосон байсан лангуунууд эхнээсээ дүүрээд эхэлжээ. Хил хаахаас өмнө нарийн ногооны үнэ тогтвортой байсан ч хил хаагдах сургаар чинжүү 18 мянга, брокли 20-23 мянга, салатны навч 20 мянга, өргөст хэмх 16 мянга, үрлэн лооль 22 мянган төгрөг болтлоо нэмэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, нарийн ногооны үнэ хоёр дахин нугарсан гэж болно. Гэхдээ хүний хөдөлгөөн бараг байхгүй шахам гэхэд хилсдэхгүй. Ганц нэгээр холхих хүмүүс, нэг тор хүрэхтэй үгүйтэй худалдан авалт хийжээ.

 Засгийн газраас арга хэмжээ авч татан авалтыг нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдэж байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж, салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгуудыг нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний шөнө 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буусан байна. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляци буурна гэж албаныхан үзэж байна.

Ийнхүү нарийн ногоо наймаачдын гар дээр ирж нарийн  ногооны үнэ бага зэрэг буурчээ. Тус худалдааны төвд цэцэгт байцай 13-15 мянга, чинжүү 12-15 мянга, салатны навч 13-15 мянга, бор мөөг 13-15 мянга, өргөст хэмх 10-12 мянга, улаан лооль 10-13 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Оросоос жимс жимсгэнэ татаж үзсэн. Гэхдээ тээврийн зардал өндөр, цаг хугацаа их ордог учраас түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн авах авах нь хохиролтой гэдгийг ярьж байна. Харин нарийн ногоо урд хөршөөс  хилээр орж ирсэн ч үнэ яагаад буурахгүй байгааг тайлбарлахдаа  “Дотооддоо халдварын тохиолдол, хорио цээрийн дэглэмээс болж Хятадууд хүнсээ нөөцлөөд эхэлсэн. Иймээс бидний авдаг байсан ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ вагоноор орж ирж буй учраас тээврийн зардал харьцангуй бага байгаа” гэлээ.

“НАРИЙН НОГООНЫ ҮНЭ ХЯТАДАД ӨСЧИХСӨН УЧРААС, ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН”

Тус худалдааны төвд худалдаа эрхлэгчтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд, нэг үеэ бодвол нарийн ногооны нөөцтэй болсныг хэлж байна.

-Урд хөршөөс вагоноор ирсэн нарийн ногоо өчигдрөөс наймаачдын гар дээр ирсэн байна. Үнийн хувьд өөрчлөлт оров уу. Нөөц ямар байна вэ?

-Эрээн боомтод өвчлөл гараад сар боллоо. Хил аравдугаар сарын 13-нд хаасан. Хоёр улсын Засгийн газар хоорондоо тохиролцсоны дүнд төмөр замаар нарийн ногоог оруулж ирэх асуудал яригдаж, гарц харагдаж эхэлсэн. Эрээнээс захисан ногоо өчигдрөөс ирж байна. Эхний ээлжийн долоон вагон орж ирсэн. Нийтдээ 200 гаруй тонн нарийн ногоо орж ирсэн. Зууны 90 хувь нь нарийн ногоо байсан.

Одоогийн байдлаар хүмүүсийн ханшийг харахад тээврийн зардал төмөр замаар орж ирэхэд харьцангуй бага байгааг хэлж байна. Хамгийн гол нь нийлүүлэгч Хятад улсад цар тахал, халдварын тохиолдол нэмэгдэж, тээвэр асуудалтай байна. Тиймээс өмнө авч байсан барааны үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Өмнө нь нэг хайрцаг чинжүү 70-80 юанн байсан бол одоо 160 юань болсон байна. Үүнийг дагаад манай дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй болохоос биш тээврийн зардал харьцангуй бага байгаа.

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Нөөц нь бүрдээд эхэлбэл үнэ буурах байх?

-Аравдугаар сарын 13-наас өмнөх бидний бараа таталт нэг хайрцаг чинжүүний үнэ 70-80 юаньтай байсан. Гэтэл Хятадад байдал хүндэрч, дэглэм хорио цээрийн шалтгаанаас үүдэж, мөн Өвөр Монголын нутгуудад цас орсон байгаа.  Үүнээс улбаалан дотооддоо нөөцөө бэлтгээрэй гэх мэдээлэл өгөөд байгаа юм байна лээ.

Тээврийн зардлын тухайд Эрээн рүү ганц хоёрхон машин, жолооч нар нэвтэрдэг байхад өндөрбайсан. Харин одоо вагоноор хурдан шуурхай ирж байна. Зардал нь ч бага байна. Барааны үнэ өндөр байгаа шалтгаан нь Хятадад өсчихсөн байна. Үүнийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй.

Бид сая хил хаалттай үеэр хойд боомтоор татаж үзсэн. Тэгтэл бараа бүтээгдэхүүн маш холоос татагддаг. Нарийн ногоо огурцы, помидор тодорхой температуртай, хугацаа заадаг, хялбар мууддаг бүтээгдэхүүн учраас чанарын асуудал хүндрэлтэй, хэрэглэгчдэд цоо шинэ бүтээгдэхүүн хүргэхэд асуудалтай байлаа.

7-10 хоногт өдөрт тасралтгүй 50-60 вагон ороод ирвэл нөөц нь хангалттай бүрдэнэ.

ӨӨРСДӨӨ НАРИЙН НОГООГОО ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ

Иргэдийн хувьд нарийн ногооны үнийн өсөлт тэдний түрүүчвийг тэмтэрч нэлээдгүй бухимдуулаад байгаа. Зөвхөн нарийн ногоо гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа юм. Иймд иргэдийн байр суурийг сонсоноо хүргэе.

Б.Лхагважав: Заавал нарийн ногоо хэрэглэхгүйгээр байх боломжтой шүү дээ. Илүү хэрэглээнээс татгалзчихмаар юм байна. Ард түмэнд уриалмаар байна. Өөрсдөө ногоогоо тариад ид л дээ.  Хөрс шороо нь байна. Ногоог заавал Хятадаас экспортлоод авах шаардлага байгаа бил үү. Нэг үеэ бодвол манайх ногоогоо тариад сурчхаж. Заавал нарийн ногоог гаднаас аваад мөнгө төгрөгөө үрээд байх шаардлага байгаа юм болов уу даа.

Э.Энхманлай:Үнийн хувьд бага зэрэг буурсан байна лээ. 500-1000 төгрөгийн өөрчлөлт гарсан байсан.

Н.Оюундарь: Нарийн ногооны үнэ асар их өссөн байна лээ. Нэг кг чинжүү 27 мянгатай болчихсон байсан. Гаднаас оруулж ирж буй ногоог ийм өндөр үнээр авах хэрэгтэй ч юм уу. Авахгүй байхад үнэ нь буурна шүү дээ. Үндсэн өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байхад бүх юм болно. Махны үнэ одоогоор гайгүй байна. Мах гурилын үнэ гайгүй байхад бусад нь болох байх.

Хил хаалттай ганцхан сарын хугацаанд бид урд хөршөөс хараат гэдгээ дэлгүүрийн  хоосон лангуу, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс мэдэрч буй. Цаашид хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй  ч урт хугацаанд хил хаалттай байвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гарцаагүй болж байна. Харин нарийн ногооны хувьд албаны хүмүүс нөөцийг бүрдүүлж, татан авалтыг шуурхай зохион байгуулна гэж мэдээлж буй. Гэвч бодит байдалд бид урд хөршөөс ногоо татан авдгаа болих хэрэгтэй гэж улиг болгон ярихаас илүүтэй Монгол орны байгаль цаг уурт таарсан хүлэмжтэй, дотоодоо тариалдаг болох цаг үе ирснийг сануулж буй юм. Бид хэрэглэгч орон биш үйлдвэрлэгч орон болох нь энэ цаг үед хамгийн хэрэгтэй шийдэл гэдгийг иргэд хэлж байна.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж