Нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Энэ бол жолоочдын нийтлэг төрх. Замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамлах ажил олон жил дамжин хэрүүл уруултай үргэлжилж байна. Гэвч одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд төрийн байгууллагын зохицуулалт алга гэж албаныхан үзээд нэгэн мэргэн санааг бодож олжээ.
Тэр нь товчхондоо иргэдийнхээ халаасыг тэмтэрч торгууль нэмж ногдуулж төсвийн цоорхойг нөхөх.
Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон талаар өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дуулдах болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор олон нийтийн байцаагч гэх шинэ мест гаргажээ. Эдгээр хүмүүс нь нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгийн торгууль тавина. “Үлгэр” ингээд дуусаагүй. Жолооч нарыг Зөрчлийн тухай хуулиар торгосон мөнгө төрд төвлөрнө. Ер нь бол машин ачилтын үйлчилгээг төр хамтарсан байдлаар ажиллуулах гэнэ.
Олон нийтийн байцаагч торгууль тавихдаа жолооч руу утасдах бөгөөд тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачина. Эдгээр зохицуулалтыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгосон байна.
Өөрөөр хэлбэл, жолооч автомашинаа амжиж аваагүй тохиолдолд нэг зөрчилд хоёр торгууль буюу нийт 80 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг. Жолооч нар “Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлох” гэгчээр улам дордсон зохицуулалт болсон гэдгийг шүүмжилж буй.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 14 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж. Ингэхдээ ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг нийслэлд өгөхөөр болсон байна.
ЗОГСООЛГҮЙ ГАЗАР НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙНА УУ ?
Нийслэлийн хэмжээнд 632 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцдог. Гэтэл нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч ойр орчмынх нь байгууллагын ажилчдын машин зогсоод л таарна. Зоогийн газар орж хоол идэх, дэлгүүрээс хэрэгцээт зүйлээ худалдаж авахдаа машинтай явбал зогсох газар бараг л байхгүй. Сүүлчийн ганц арга нь нэгдүгээр эгнээнд машинаа тавих. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголт үлдэхгүй болж байгаа юм.
Хотын удирдлагууд зогсоол барих ажлаа яаравчлаагүй байж нэгдүгээр эгнээ тагласан автомашиныг журамлах нь өнөөгийн Nodoublestandart болчхоод байна.
“Өнөөдрийн байдлаар олон нийтийн зогсоол 36.907, албан байгууллагын зогсоол 11.297, орон сууцны гаднах зогсоол 22.450 байгаа” гэх мэдээллийг албаныхан өгч байна. Байгууллагын зогсоол зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Харин орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байдаг нь нууц биш. Үндсэндээ машин авч унаад зогсох газар ч алга. Ер нь зогсоолгүй газар нэгдүгээр эгнээнээс өөр сонголт байна уу ?
ТӨРИЙН “ДЭЭРЭМ”
Энэ жил авто салбарын “мэнгэ нь голлож” байна. Тухайлбал, жолоочийн албан журмын даатгалыг төрд авах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэж байна. Мөн машин ачилтын үйлчилгээг төр хамтарч хийхээр хувийн хэвшилтэй ярилцаж буй. Жолоочийн албан журмын даатгал 2012 онд батлагдахдаа В ангиллын тээврийн хэрэгсэл 33 мянган байна гэж заасан. Сүүлийн арван жилийн хугацаанд даатгалын хураамжид ямар ч өөрчлөлт ороогүй. Харин эрх баригч намын хувьд энэхүү хураамжийг нэмэх саналтай байгаа бөгөөд улмаар төрд орж ирсэн мөнгөөр нь төсвийн цоорхойгоо нөхнө гэх.
Энэ жишгээр явбал бүх бизнесийг төр авч, 1990 онд улсаараа татгалзсан коммунизм руу буцаж орох нь. Ердөө хоёрхон сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр хувийн хэвшлийн өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгоно” гэж мэдэгдэж байв. Гэвч бодит байдал дээр монголын төр хувийн хэвшилтэй ийнхүү тэрсэлдээд эхэллээ. Улсын хөгжлийг улстөрчид бус хувийн хэвшил нь тодорхойлдог. Харин үүнийг бий болгох “эрх чөлөө”-г нь бизнес эрхлэгчдэд төр засаг хангалттай олгосон уу гэдэг асуултыг танд үлдээе.
Холбоотой мэдээ