Америкийн нэгдсэн улсын нисэх онгоцны буудлууд Даваа гаригт (2021.11.8) баяр хөөр болсон зорчигчдын хөлд дарагдлаа. Хятадад цар тахал гарч, олон улсад дэлгэрснээр АНУ нь хилээ хаагаад 18 сар гаруйн хугацааг үдсэний эцэст ийнхүү хилээ нээв. “АНУ-ын аялал жуулчлалын салбарын нэрийн өмнөөс: ТАВТАЙ МОРИЛ. Өнөөдөр бол удаан хүлээсэн аялагчид, биесээ санагалзсан найз нөхөд, гэр бүлүүдийн хувьд аюулгүйгээр эргэн уулзах дурсгалт өдөр юм” хэмээн тус улсын аялал жуулчлалын ассоциаци жиргэжээ. Мөн (American Airlines) Америкийн агаарын тээврийн компанийн ерөнхийлөгч Николас Е.Калио “Өнөөдөр дэлхий даяар цар тахлын хямралаас сэргэж буй үйл явдалд чухал өдөр боллоо” хэмээн жиргэжээ.
АНУ нь хилээ нээж, 33 орны иргэдийг хүлээн авч эхэлснээр цар тахлын улмаас амь тавих дөхсөн аялал жуулчлалын салбарынхан ийнхүү Даваа гаригийг баярын өдөр болгон тэмдэглэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн есдүгээр сард хил нээх тухай мэдэгдсэн. Түүний мэдэгдлийн дараа олон улсын нислэгийн захиалга 450 хувиар өсчээ. Тухайлбал, “American Airlines” компанийн Лондоны Хитроу нисэх онгоцны буудал болон Бразил улсаас хийсэн нислэгийн захиалга нь долоо хоногийн дотор 70 орчим хувиар нэмэгдсэн байна. Мөн “United Airlines” компанийн энэ арваннэгдүгээр сард хийгдэх нислэгийн захиалга цар тахлын өмнөх 2019 оны үеийг давжээ.
Нөгөө талд Зул сарын баярын өмнө дотоодын аялагчдын урсгал идэвхжсэн дээр гадаадын зорчигчдын захиалгыг авч эхэлсэн нь АНУ-ын агаарын тээврийн компаниудын ачааллыг огцом нэмэгдүүлж, хүн хүчний хомсдолд ороход хүргэсэн байна. Цар тахлын хугацаанд агаарын тээврийн компаниуд алдагдалд орж, ажилчдаа цомхотгох арга хэмжээ авсан билээ. Тухайлбал, энэ сарын эхээр (American Airlines) Америкийн агаарын тээврийн компани Даллас-Форт Уорт олон улсын нисэх буудалд ажиллах хүчний хомсдол болон цаг агаараас шалтгаалан 2000 орчим нислэгээ цуцалж байв. Түүнчлэн “Southwest Airlines” компани өнгөрсөн аравдугаар сард 2000 гаруй нислэгээ цуцалснаас болж 75 сая ам.долларын хохирол хүлээжээ.
АНУ-д өнгөрсөн зунаас хойш зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэж эхэлсэн ч агаарын тээврийн компаниуд цар тахлын халдвараас сэргийлэх журмыг мөрдөж эхэлсэн. Тодруулбал, зорчигчдын вакцинжуулалтын байдал, шинжилгээний сөрөг хариуг шалгаж, баталгаажуулах зэргээр нэмэлт үүргийг хүлээх болсноор агаарын тээврийн компаниудад нэмэлт ачаалал үүсч, ажиллах хүний тоог нэмэх шаардлагатай болжээ.
АНУ-ын агаарын тээврийн олонх компани зорчигчдын ая тухыг хангаж, албаны журмыг биелүүлэхийн тулд нисэх буудал дээр шинжилгээний цэг нээсэн байв.
Агаарын тээврийн салбарын судалгааны “Atmosphere Research Group” группын шинжээч Хэнри Хартевелдт хэлэхдээ “Нисэх компаниуд олон улсын зорчигчдын өсөлтийг хүндрэл багатай зохицуулах боломжтой. Тэдэнд сургасан нисгэгчид, онгоцны үйлчлэгчид, хүлээгдэж буй боловсон хүчин бий. Гол нь агаарын тээврийнхэн холын зайн чиглэлд хэт их нислэг төлөвлөхгүй, ачааллаа зохицуулах шаардлагатай” гэжээ.
Харин АНУ-ын гааль, хилийн хамгаалалын албаныхан олон улсын зорчигчдын өсөлтийг зохицуулахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч, гол боомтуудад ажилчдынхаа тоог нэмэгдүүлжээ. Тус агентлагийн тооцоолсноор олон улсын зорчигчдын ачаалал, дараалал эхний долоо хоногт өндөр байх ч аажмаар хэвийн байдалдаа орох гэнэ.
Хил нээсэн журмын дагуу Европ, Хятад, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг олон орны иргэд вакцинжуулалтын баримт, сөрөг хариу бүхий шинжилгээний бичгээ үзүүлээд чөлөөтэй АНУ-д нэвтэрч болно.
Харин 18-аас доош насны хүүхдүүдээс вакцинжуулалтын баримт шаардахгүй бөгөөд онгоцонд суухынхаа өмнө шинжилгээ өгсөн байх ёстой. Хил нээхээс өмнө АНУ-ын захиргаанаас олон улсын аялагчдыг цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан баримтыг шаардах журам баталсан. Ингэхдээ дээрх 33 орны иргэдэд ДЭМБ-аас зөвшөөрсөн вакциныг тариулсан байх шаардлагыг тавьж байна. Албаны мэдэгдэлд дурдсанаар вакцин нь АНУ-ын хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрсөн, ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх заалтад багтсан байх ёстой аж.
Гэхдээ ДЭМБ-аас хараахан зөвшөөрөөгүй Оросын Спутник-V, Хятадын “CanSino” гэх мэт вакциныг тариулсан гадаадын иргэдийн хувьд Файзер, Модерна вакцины нэмэлт тунг тариулсан бол АНУ-д нэвтрэх боломжтой.
Холбоотой мэдээ