Дарь эхийг амьтай бүхнийг хайрласан бурхдын энэрэнгүй харцыг тээгч Мэгжид Жанрайсагийн нулимсаас төрсөн, түүний бүсгүй дүр гэх домог бий. Нэг маани уншихад түм болж арвиждаг цагаан тахиа хэмээх энэ өдөр (2021.11.09) 21 дарь эхийн бүтээлийг анх удаа олны хүртээл болгов.
Дарь эх цагаан, ногоон, улаан, хөх, шар таван өнгө, 108 ялгаатай дүрээр тодордог гэдэг. Түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох 21 дарь эхийг тусгай журмаар зөөвөрлөж, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд байрлуулсан нь энэ.
Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ эмэгтэй хүний дүр төрхийг буддын шашны лагшинд шингээн урласан бөгөөд өв уламжлал, гоо зүй, урлагийн дахин давтагдашгүй сор бүтээлүүд юм.
"СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ"
Соёлын яамнаас "Соёлын бүтээлч сар" аянг энэ сард өрнүүлж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин ярихдаа "Монгол шавхагдашгүй их өв соёлтой улс. Хамгийн гол нь энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах хэрэгтэй. Соёлын яамны гол чиг үүрэг бол энэ юм. Энэ хүрээндээ Соёлын яамнаас арваннэгдүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” аян өрнүүлж байна.
Энэ ажлын хүрээнд 150 гаруй төр, хувийн хэвшлийн хамтарсан арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ аяны гол арга хэмжээ нь өнөөдрийн 21 дарь эхийн чуулбар үзэсгэлэн юм. Энэ үзэсгэлэнг зохион байгуулахаар Богд хааны ордон музей, Занабазарын музей, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Соёлын өвийн үндэсний төв, Соёлын яамны Соёлын өвийн газар гээд олон байгууллагын хамтран ажилласан.
Бид хосгүй үнэт өвийг хадгалж, далд байлгаснаар түүх болж үлдэхгүй. Тиймээс үр хойч үедээ танилцуулж, дэлхийд гайхашруулах үнэт өв бүтээсэн юм шүү гэдгийг харуулж, хамгийн гол нь энэ өвөө эргэлтэд оруулж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой" гэв.
Тусгай үзэсгэлэнд дэлгэсэн 21 дарь эхийн хосгүй үнэт бүтээлийг бичлэг хэлбэрээр авч, виртуал үзмэр хийх аж. Үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш зохион байгуулах бөгөөд Соёлын өвийн зөөж, тээвэрлэх журмын дагуу зан үйл хийж, нэгдсэн байдлаар зөөвөрлөнө гэж албаныхан хэлсэн юм.
"СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ОЛОН НИЙТЭД АНХ УДАА ДЭЛГЭХДЭЭ ШИЛЭН ХОРГОНД БАЙРЛУУЛААГҮЙ"
Соёлын өвийн газрын дарга Б.ДАВААЦЭРЭН:
-Монголын соёлын өвийн сан хөмрөгт ямар үнэ цэнэтэй бүтээлүүд байдаг вэ гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй. Ингэснээр соёлын өвөө хайрлан хамгаалах, хүндэтгэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ёстой. Анх удаа 21 дарь эхийг нэг дор чуулуулж, тусгай үзэсгэлэн зохион байгуулж байгаагаараа онцлогтой түүхэн үзэсгэлэн. Эдгээр сор бүтээлүүдийг олон нийтэд анх удаа дэлгэхдээ шилэн хоргод байрлуулаагүй. Ингэснээр хосгүй үнэт бүтээлийг ойроос мэдрэх боломжтой. Мэдээж хэрэг олон түвшинд аюулгүй байдлыг хангах шаардлага үүсдэг.
"ХҮНИЙ БОДИТ БИЕИЙН ХЭМЖЭЭГ БУРХНЫ ШАШНЫ ТЭГТЭЙ ХОСЛУУЛЖ БҮТЭЭСНЭЭР ДАХИН ДАВТАГДАШГҮЙ"
Дүрслэх урлагийн музейн захирал П.БАЙГАЛМАА:
-Манай музей 1966 оны долдугаар сарын 23-нд ард түмэнд үүд хаалгаа нээсэн. Тэр үеэс Цагаан дарь эхийн бүтээл музейд хадгалагдаж, өнөөг хүрсэн. Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бусад ногоон дарь эхийн бүтээлүүд Богд хааны ордон музейд хадгалагддаг. Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүд анх удаа нэг дор чуулж байгаа нь маш ач холбогдолтой. Дүрслэх урлагийн энэ бүтээлийг ямар гайхамшигтай бүтээснийг эндээс харж болно. Хүний бодит биеийн хэмжээг бурхны шашны тэгтэй хослуулж гаргаснаараа гайхамшигтай, дахин давтагдашгүй юм. Өндөр гэгээний бүтээлүүд өнөө цагт хүртэлээ маш их зовлон бэрхшээл туулж ирсэн.
Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ