Санхүүгийн зохицуулах хороо койн зохицуулах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зохицуулах хороо койн зохицуулах эрхгүй

Санхүүгийн зохицуулах хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдтал шинэ койн гаргахыг хориглоод буй. Тус хорооноос өмнө нь мэдээлэл өгөхдөө койн, криптовалют, виртуал хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр арилжааны платформын үйл ажиллагааг хянаж, шалгах ямар ч боломжгүй. Хохирсон иргэдийн санал гомдлыг ч хүлээн авах боломжгүйг гэдгийг мэдэгдэж байв.

Гэтэл өнөөдөр төрийн байгууллагаас тодорхой зохицуулалт хийж болно гэдэг тайлбар мэдээллийг өгч байгаа нь сонирхол татав. Хуулийн хүрээнд хяналт тавьж, зохицуулах, хориглох ямар ч аргагүй гэсэн ч гэнэт л шинэ койн гаргахыг хориглох шийдвэр гаргаж буй нь эргэлзээ дагуулж байна. 

Энэ талаар тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Одоо шинээр зах зээлд гарах гэж буй 27 койн байна. Санхүүгийн зах зээлд бүх нийтийг хамарсан сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй учраас тодорхой хэмжээнд хязгаарлах эрх төрийн байгууллагад бий. Бид хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль батлагдтал тодорхой хязгаарлалт тавихаар болсон. Ихэнх хэрэглэгч учраа олохгүй уралдаж, койн худалдан авч байна. Тэр хөрөнгө нь эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс шинээр батлагдах Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд шинээр зах зээлд гарах койныг бүртгэж авахаар тусгасан” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 он гарснаас хойш 14 удаагийн мэдэгдэл гаргасан. Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг анх өргөн барихад Монголын зах зээлд ганцхан койн байсан. Тэрнээс хойш 12 болж нэмэгдсэн байна.

Монголд өнөөдөр дөрвөн крипто бирж үйл ажиллагаа явуулж байна.

  • Үүнээс хамгийн их хэрэглэгчтэй нь, бас хамгийн том мөнгөн дүнтэй арилжаа хийсэн нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн DAX. Энэ оны хагас жилийн байдлаар арилжааны дүн нь 1.2 их наяд. Хэрэглэгчийн тоо нь 500 гаруй мянга.
  • Дараагийнх нь “Ай си ти” группийн TRADE. Хэрэглэгчийн тоо нь 173 мянга. Арилжааны дүн нь хагас жилийнхээр 554 тэрбум.
  • Гуравт, “Инфинит Солюшнз”-ийн COMPlEX. Хэрэглэгчийн тоо нь 120 мянга, арилжааны дүн нь 19 тэрбум.
  • “Интелмайнд”-ын “COINHUB”-ийн хэрэглэгчид 14 мянга, арилжааны дүн нь 43 тэрбум.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж