Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй

Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татахыг эсэргүүцэн “Халдвар авчирах гэлээ”, “Наана нь үлдээ” гэхчилэн хүний мөсгүй авирласан монголчууд өдгөө өөрсдөө Монголоос явахын түүс болжээ. Тусгай үүргийн нислэгт багтаагүй жирэмсэн эмэгтэй шалан дээр хонож, даргын хүүхэд оочер дайрсан тэр мөчид л Монголд энгийн иргэн хэн ч биш гэдэг нь тодорхой болсон юм. Нааш тэмүүлэгсдийн олонх нь энд үлдээсэн эх, эцэг, үр хүүхдэдээ санаа зовсондоо нутгаадаа тэмүүлсэн юм. Харин тэднийг ирэнгүүт нь 8 сая төгрөгөөр тусгаарлаж, хүний нутагт хөлсөө урсган олсон хэдээс нь төр “цусалсан” билээ. Гээд гадаадад байгаа монголчууд бултаараа ирчихсэн юм биш.

…Сүүгээ өргөн, амандаа залбирах эмээгийн хажууд зогсох хүү эвшээлгэн дурамжхан зогсоно. Эмээ дээжээ өргөж дуусахад тэр хоёр албандаа явах юм. Дуусмагцаа цацлын халбага, аягаа хүүдийлээд эмээ хүүгээ хөтөлсөөр албандаа майжигнана…

Хүүгийн эцэг, эх Солонгосыг зориход ингээд үдээд үлдсэн юм. Түүнээс хойш хоёр жил өнгөрчээ. Ирье гэхнээ энд ажилгүй. Эргээд буцах боломжгүй учраас энэ гэр бүлийн амьдын хагацалд учирсан билээ. Ирэх жил хүү сургуульд орно. Хааяа ачаа бүлтийтэл нь гоёчихсон, нөгөөх нь гартаа чихэр, тоглоом барин маадгар алхах бол эмээ ч түүнээс дутахааргүй инээчихсэн, алхаа, гишгээ нь хөнгөн болсныг ажиглавал гадаадаас илгээмж ирсэн нь илт. Ингэж л эмээ, хүү хоёр бөмбөрцөгийн бөөрөнд бор хоног, шар өдрүүдийг үдэн үлджээ.

Дунд сургуулийн багшийн хэлснээр, 33 хүүхэдтэй ангийн сурагчдын гурвынх нь ээж, хоёрынх нь аав гадаад буюу БНСУ-д ажилладаг аж. Үлдсэн 27 хүүхдийн хэдийнх нь эцэг, эх боломж олдвол бушуухан гарах хүсэлтэйг хэлж мэдэхгүй ч зуны гурван сард Солонгос явж ажил хийх сонирхол багш нарын дунд ч газар авсныг нуусангүй…
Өнөөдөр хэн хүнгүй Монголоос л явж байвал хаашаа ч хамаагүй гарах хүсэлтэй нь олширчээ. Боломж олдвол бушуухан гарах хүсэлтэй байгааг эргэн тойрны хэнээс ч сонсож болно.

Манай Монгол бүтэхгүй

Боломж улам бүр хумигдаж буйг “Манай Монгол бүтэхгүй ээ, тээ. Бүтэхгүй ээ” гэж хэлсэн хижээл насны эмэгтэйн үг сошиал ертөнцийн төрийн бодлогыг шүүмжлэх хамгийн сонгодог эшлэл болжээ. Та бидний ичнээ танил эмэгтэй маань News agency иргэдийн байр суурийг хүргэх үеэр ийн хэлсэн юм. Энгийн хэр нь үнэнийг элдэв уянгагүй хэлчихсэн болохоор ихэд таалагдсан нь тэр. Нээрээ л, Монголд болж бүтэж байгаа нь тун чиг ховор.

Өнөөдөр Монголын төрийн албанаас бусад салбарт ажлын байр хумигдаж байна. Засгийн тэргүүн үүнийг анзаарах сөхөөгүй өөр цаг үеийг өгүүлэн суугаа хойно, хаанаас нарийн судалгаа байх билээ. Гэхдээ арван жилийн өмнөхөөс энэ алба ямар хэмжээгээр эгнээгээ зузаатгасныг Хүн ам, орон сууцны тооллогоос харж болох аж. 2010 оны тооллогоор цалин хөлстэй ажиллагч нийт ажил эрхэлдэг хүн амын 56.2 хувийг эзэлж байсан бол 2020 онд 66.9 хувь болж 10.7 пунктээр өсчээ. Энэ жилийн яаж өөрчлөгдсөнийг ирэх оны статистикаар танилцуулах нь дамжиггүй. Харин ажил олгогчийн эзлэх хувь 0.6 болж өмнөх тооллоготой харьцуулахад 1.9 пунктээр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувь 26.6 болж 1.1 пунктээр тус тус буурчээ. Монголд бизнес хийх боломж улам бүр хомс болж буйн жишээ энэ. Цаашид улам хумихаар Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл зэргээс тод харагдана. Албан даатгалыг “Шадав нь авна уу, Готов нь авна уу, хамаагүй”. Гол нь иргэд хүчиндүүлж, албадуулж төлж байгаад л учир бий. Монголын ирэх оны төсөв урьд өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн. Түүнийг дагаад зарлага бас өссөн. Өссөн зарлагын нөхөөс нь татвар. Тэрхүү татварын дарамт эцсийн бүлэгт иргэдийн нуруун дээр ирнэ.

Явах шалтгаан

Бидний явах шалтгааны хамгийн гол хүчин зүйл нь тэгш бус байдал. Монголд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох боломж туйлын хомс болжээ.

Үүнийг дагаад бидний хэмжүүр ч өөрчлөгдөж байна. Уг нь хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй хүн жирийн монгол хүний дундаж үнэлэмж байсан бол одоо дээгүүр тооцогдох болжээ. Эсрэгээрээ тэднийг “мангар” гэж тодорхойлох үнэлэмж нийгэмд газар авчихлаа. Улс орныг удирдах улстөрчийг хэмжих хэмжүүр нь нэр, гар цэвэр болчиж. Уг үндсээр нь аваад үзвэл ийм улстөрч хаа сайгүй л дэвшиж байдаг гоц гойд нэгэн биш байх ёстой билээ.

Гэтэл халаасны хулгай багассан ч төсвийн хулгай гаарсан энэ үед ийм түшээ нэн ховор агаад шилэгдэн сонгогдож буй 76 дотор ч цөөнх билээ.

Тиймээс төрийн албанд шургалаагүй, тендер аваад өгчих ойр дотны хүнгүй бол “Явсан нохой яс зууна” гэгчээр явах шалтгаан болно. Нэгэнтээ нийгэмд тэгш бус байдал газар аваад эхлэхээр үүнээс дайжихыг хар аяндаа хүсэх нь ойлгомжтой.

Зарим нь ийм завхарсан байдлыг эсэргүүцэн төв талбайд жагсаад баригдаж байна. Тахлын үед “хариуцлага” гэх үгийг хамгийн их хэрэглэсэн Шадар сайдын ойр тойрныхонд огт үйлчилдэггүй хууль, дүрэм, энгийн иргэнд эцгээ эцсийн замд нь үдэх ч эрхгүй өрөөсгөл зохицуулалт, төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, тэнгэр газар шиг ялгаатай алагчлал Монголд амьдрах хүсэлгүй болгожээ. Монголд энэ бүх давхар стандартыг үлдэн хөөж, өөрсдөө үлдэх эсвэл үдүүлэх л хоёр зам бий. Өөрсдөө үлдэхэд нэгдмэл бодолгүйн дээр өнөөдрийн талхны төлөө маргаашаа мартах сэтэхүйн доройтлоосоо эхлээд салах ёстой ажээ. Түүнийг хүлээж насыг барснаас үдүүлсэн нь илүү дээр аж. Иргэдээ үдэхийг Монгол төр туйлаас хүсдэг төдийгүй үе үеийн эрх баригчид гаднынхнаас боломж олдвол визагүй зорчдог болгохыг хүсдэг билээ. Азаар бид цаадуул нь өөрсдийн гэсэн бодлоготойн дээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг эн тэргүүнд тавьдаг ураас хүсэвч хясна.

Иргэдээ эх нутагтаа сайхан амьдрах боломжоор хангахаас илүү гадаад руу чөлөөтэй зорчуулах боломж эрэлхийлсэн нь илүү амар. Тиймээс ийм бодолтой байгаа цагт эндээс явах шалтгаан байсаар л байна. Бид цар тахлаар 2000 илүү хүнээ эцсийн замд үдсэн. Энүүнээс ихийг үдэх аюул байсан гэж Ерөнхий сайд хээв нэг хэлж сууна. Энэ л бидний одох шалтгааныг нэг.

Бидний гэр бүлийн бүтэц юу өгүүлнэ вэ?

Гурав илүү сая монголчуудын өрхийн гишүүдийн бүтцийн хувьд 59.8 хувь нь халуун ам бүлээрээ аж төрж буй ч 22.7 хувь нь нийлмэл 1 ам бүлтэй буюу хоорондоо хамааралтай хэд хэдэн ам бүл хамтран өрх үүсгэн амьдарч байгаа өрх, 15.4 хувь нь ганц бие өрх, 2.2 хувь нь холимог ам бүлтэй буюу ураг төрлийн хамааралтай болон хамааралгүй хүмүүс өрх үүсгэн амьдарч буй гэсэн тооцоо гарчээ. Арван жилийн өмнөхтэй харьцуулбал нийлмэл ам бүлтэй өрх 25.4 мянга буюу 14.3 хувиар, ганц бие өрх 61.9 мянга буюу 81.6 хувиар, холимог ам бүлтэй өрх 5.1 мянга буюу 34.2 хувиар тус тус өссөн байна. Ялангуяа нийлмэл ам бүлтэй өрхийн тоо хотод хөдөөгөөс 3.9 дахин нэмэгджээ. Нийлмэл, холимог өрхийн тоо өсөөд байх тусам гэр бүлийн бүрэн бүтэн байдал алдагдах бол ганц бие өрхүүд нэмэгдэх тусам гадаад руу явахад татлаа түтлээгүй залуус нэмэгдээд байна гэсэн үг. Бидний дорой буурай, дарга ангийн дарамт ихэссэн нь гадаад руу дайжихад хүрч, гэр бүлийн бүтцэд ч нөлөөлөөд эхэлснийг өнгөрсөн жилийн тоо харуулаад байна.

Улс орнууд хилээ хаачихсан тулдаа л залуус аргагүйн эрхэнд эндээ үлджээ. Монголчуудын гэр бүлийн бүтцэд гарсан өөрчлөлт ирээдүйд ямар гай тарихыг бодоход ч бэрх.

Хэд нь явсан бэ?

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэн тоологджээ. Монголын 30 хүн тутмын 1 удаан хугацаагаар гадаадад цагаачилсан гэсэн үг. Тэртээ 2010 онтой харьцуулбал даруй 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэний 34.2 хувь нь сурах гэж яваад “сураг алдарсан” бол 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух, 11.7 хувь нь суурьших, 9.5 хуь нь бусад зорилгоор эх орноосоо явжээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн 72,3 хувь нь  15-44 насныхан байна. Өөрөөр хэлбэл, гадаадад удаан хугацаагаар суугаа хүн амын 10 хүн тутмын 9 нь хөдөлмөрийн насны хүн гэсэн үг. Үүнийг том утгаар нь бодоод үзвэл ажил, амьжиргаагаа бодон хөдөөг эзгүйрүүлэн хот руу нүүдэллэж, хотоос гадаадыг зорьсон нүүдэл ажиглагдана. Үүнийг бичигч биш тооллого харуулаад буй хэрэг. Гадаадад оршин суугаа иргэдийн хувьд Монголд байхдаа 74.5 хувь нь Улаанбаатараас, 4.2 хувь нь Дархан-Уул, 3.4 хувь нь Орхон аймгаас гадаад улсад оршин суухаар явжээ. Хотынхон гадаад руу, хөдөөнийхөн хот руу явжээ.

Явагсдыг үдэгсэд

Аавыгаа гадаад руу явахад үдсэн хөвгүүд ээжтэй, эмээтэйгээ бууриа сахиж үлддэг бөгөөд энэ нь хөвгүүд эмэгтэйлэг болоход ч нөлөөлж буйг сэтгэл судлаачид сануулаад эхэлжээ. Аавын эзгүйд хөвгүүд шоглуулах, цахим гадуурхалд өртөх нь нэмэгддэг бол цэцэг, цэврүү шиг охид аавын нөмөр нөөлгийг, эрэгтэй хүний гэр бүлд эзлэх хувь нэмрийг мэдэхгүй өсөх болжээ. Аавыг алсад амьдардаг, баяраар бэлэг явуулдаг ахаас нэг их ялгахгүй болсон төдийгүй хэзээ ч чин сэтгэлээсээ ярилцаж үзээгүй хүүхдүүд олширчээ. Элэг бүтэн өсч буй ангийн хүүхдийн өдөр тутмын гэнэхэн яриа, аав, ээжийн тухай багшийн санамсаргүй яриа тэдний бяцхан зүрхийг шархлуулж, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөртөө итгэх итгэлгүй болгож буйг сэтгэлзүйчид анхааруулсаар байна.

Ээжийгээ үдсэний эмгэнэл нь хүүхдэд тавих анхаарал сулардаг ажээ. Байгалиас өгөгдсөн чадвар нь эмэгтэйчүүдийг илүү үр хүүхэддээ ойрхон байлгаж, тэдний дотор, гаднах орчинд юу болоод буйг олж мэдэх илүү дөхөм байдаг бол угаас бүдүүн бараг эрчүүд үүнийг тэр болгон анзаардаггүй аж. Удахгүй “цагаачдын хүүхэд” гэх нэр томъёо гарч ирэхийг үгүйсгэхгүй нь. Улстөрчдийн өрсөлдөгчөө намнах шинжлэх ухаанч бус хар цусны шинжлэхүй үүнийг улам бүр бадраах юм. Монголд хэдэн мянгаар тоологдох хүүхдүүд эцэг, эхээсээ алсад өсч байна. Тэд эрүүл саруул өсөж өндийж буй ч сэтгэл зүй, боловсролын хувьд дутуу дулимаг байх нь мэдээж. Хэдэн жилийн дараа тэд нийгмийг авч явах улс. Тэр үед гэр бүл, сэтгэл санааны хувьд хэр тогтвортой бие хүн болсон байх вэ гэдэг өнөөдрийн бидний асуудал болжээ.

Монгол орон үдэх, үлдэхийн гачланд автжээ. Монголдоо үлдэх сонирхол, боломж улам бүр алсарсаар буй бол үдэх шалтгаан улам бүр нэмэгдсээр байхуй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
23
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж