Соёлын яам урлагийн бүтээлээ экспортлох боломжтойг нотолчихов уу? | News.MN

Соёлын яам урлагийн бүтээлээ экспортлох боломжтойг нотолчихов уу?

Соёлын яам урлагийн бүтээлээ экспортлох боломжтойг нотолчихов уу?

Соёлын яам урлагийн бүтээлээ экспортлох боломжтойг нотолчихов уу?

Соёлын яамнаас  өчигдөр зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээлийн дижитал хувилбарыг бүтээлгэж 350 орчим сая төгрөгөөр борлуулснаа зарлаж, дижитал хувилбарыг нь сонирхуулсан нь олны анхаарлыг татаж байна. Соёлын сайд  бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлнэ гэж зүгээр ч нэг мэдэгдээгүй бололтой. Ч.Номин сайд яамныхаа энэ бодлогын хүрээнд “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж ажилласан гэнэ.  Зургийг Mongol NFT компани дижитал хэлбэрт оруулсан юм байна. Дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсэг нь 350 орчим сая төгрөгт хүрчээ. Ингэснээр монгол бүтээлчдийн бүтээл дижитал орчинд үнэ хүрч, олон улсын зах зээлээс мөнгө босгох боломж бүрдэж байгаа аж.

“Mongol NFT” компанийн гүйцэтгэх захирал Б.Адъяа “Монгол сонирхох түүхтэй орон. Их хаадын түүх, Занабазар, шашин, уртын дуу, морин хуур гээд дэлхийд гарах, дэлхийгээс доллар татах боломж өчнөөн бий. Занабазарын Ногоон дарь эх, Хубилай хааны алтан сэлмийг Эрмитаж шиг дэлхийд гаргаад зарвал авах хүн олон байгаа.  Дахиад хэлэхэд энэ бүтээлүүдийг биет биш дижитал хэлбэрээр зарна. Жуулчид ирэхээрээ Богдын музей, Гандантэгчинлэнгээр ордог. Одоо тэр хүмүүс гэртээ сууцгааж байна. Манай үүсгэсэн платформоор дамжаад гэрээсээ музей үзэх боломжтой. Наадам, цагаан сарыг виртуалаар хийвэл маш олон хүн сонирхоно. Товчхондоо  дэлхийд Монголынхоо соёл, түүхийг  шууд зарна гэсэн үг. Эхлээд түүх, соёлынхоо бүтээл өвийг гаргаад дараа нь авьяастай шинэ хүмүүсээ гаргая гээд зорьсон зүйл их бий. Ингэснээр соёл урлаг, зураг хөгжинө, бүтээлч хүмүүсийн үнэлэмж өснө” хэмээн онцлов. Монголчилбол цорын ганц давтагдашгүй юмсын төлөөлөл гэсэн утгаар бууж байна.  Энэ он гарсаар дэлхий даяар маш олон уран бүтээлч өөрсдийнхөө дижитал арт бүтээлийг интернэт ашиглан худалдаалаад эхэлсэн гэх мэдээлэл бий. “Mongol NFT” компанийн бүрдүүлсэн орчин технологийн хувьд блокчейн дээр үндэслэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл блокчейн дээр хүлээгдэж байсан зүйлс амьдралд нэвтэрч эхэлсний нэг нь NFT юм байна.

Төгсгөлд нь онцлоход NFT орчинд зөвхөн уран бүтээлчдийн уран зураг, уламжлалт урлаг гэх мэт бүтээлээс гадна цорын ганц давтагдашгүй юм бүхнийг бүртгэж арилжаалж болох нь. “Твиттер”-ийн үүсгэн байгуулагчийн анхны жиргээний скрийншот бараг л гурван сая ам.доллар хүрч байж. Уран зургийн хувьд дээд тал нь  69 сая доллараар зарагдсан кейс ч дуулдаж байна.

Энэ мэтчилэн NFT тойрсон шуугиантай мэдээлэл дэлхийд өрнөж буй цагт монгол зураачийн бүтээл уг орчинд үнэлэгдсэн нь нэг том олзуурхал дагуулж байна. Уул уурхай гэх мэт цөөн салбараас гадна уран бүтээлчдийн бүтээлүүдээ цахим орчныг ашиглан экспортолж дэлхийгээс доллар татах боломж нээгдснийг энэ удаагийн үйл явдал нотолчих шиг боллоо. Дашрамд дурдахад цорын ганц дижитал хувилбарууд нь зарагдсан уран бүтээлийн эх хувь нь Монголдоо үлдэх юм.

Б.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-11-09 66.181.179.164

Bravo!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж