Төсвөөс биш түүхээс бүтсэн “Тэнгэрийн андлал” | News.MN

Төсвөөс биш түүхээс бүтсэн “Тэнгэрийн андлал”

Төсвөөс биш түүхээс бүтсэн “Тэнгэрийн андлал”

Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн нутаг Хөхүүрийн талын хоймор Дэлгэр-Өлзий хайрханы зүүн суганд байрлах энгэр ээвэр, нөмөр нөөлөг газрыг түшиглэн ”Тэнгэр андгай” хөшөө цогцолбор сүндэрлэн босч байна.

Энэхүү цогцолборын голд байрлах уран барималч А.Очирболдын ”Тэнгэрийн андлал” нэртэй уран баримал нь тал нутгийн хоёр залуу баатар эрс бие биедээ агсрага бүсээ өгч, андгай тангараг тавих үеийн агшинг тэнгэрийн салхины эрчлээсэнд бие биеэ нэвт цоргин, төв, гүн хүндэтгэлтэй харж буйгаар дүрсэлсэн хүрэл цутгуур баримал юм.

Монголын Нууц Товчоонд энэхүү Хөхүүрийн талд Тэмүжин Боорч хоёр анх танилцан, тангараг өргөж, улмаар хулгайд алдсан найман шарга морио буцаан авсан тухай түүхэн баримт бий. Үүнээс үзвэл:

  • Тэмүжин нэгэн насны салшгүй анд Боорч лугаа учирсан
  • Андгай тангараг тавьсан
  • Хамгийн анхны ялалтаа байгуулсан
  • Тал нутгийн нүүдэлчдийн гол амин зуулга нь морь учир найман шарга морио олсноор эдийн засгийн эрх чөлөөгөө олсон… зэрэг хэд хэдэн түүхэн үйл явдлын халуун мөр энэхүү Хөхүүрийн талд шингэн үлджээ.

Тийм ч учраас ”Тэнгэр андгай” хөшөө цогцолбор нь агуулга болоод хэлбэр талаасаа зөвхөн Чингис хааны намтартай холбоо бүхий түүхт газраас гадна андгай тангарагаар биежин бүтэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн оронзай юм. Тэнгэрээс харвал Чингис хааны тамгаар тамгалагдсан мэт огторгуйн геометрийн дүрслэл бүхий энэ цогцолбор хөшөө нь гол хэсэгтээ дотоод тойрог болоод гадаад тойрог гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

 

Дотоод тойргийн төв хэсэгт ”Тэнгэрийн андлал” уран баримал түүний 3 талд гурван бичээс бүхий боржин чулуун хөшөө байна.

Тангарагын бичээс

Нар сараан барин тангараглая

Няцаж буцснаан харван алья

Нэгэн эцгийн хөвгүүд мэт

Найртай сайхан явцгаая

Хураая хураая хураая

Авсан амнаасаа буцаж

Тавьсан тангарагаасаа няцвал

Атга яс минь хэмхрэг

Аяга цус минь асгараг

Хураая хураая хураая

Энэхүү монгол цэргийн тангарагийг Хатанбаатар Магсаржавын цэргүүдийн өргөсөн цусан тангараг болоод Дээд Монголын хошууд нарын дотор амаар үлдсэн цэргийн тангараг зэргээс эмхлэн ”Хураалан” буюу дайны уухай түрлэг болох ”Хураая” хэмээх уриа дуудлагыг сэргээн, монгол хаадын захидлын монгол бичгийн тигээр бичиж боржин чулуун хөшөөнд сийлэн босголоо. Энэ бол хамгийн хатуу тангараг бөгөөд уг хөшөө цогцолборт очсон хүмүүс арай хөнгөн андын тангараг, тал болох, хүж барилдах, эгч дүүс болох бусад тангарагийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу тавих боломжтой юм.

                                    ”Тэнгэрийн салхи” дууны хөшөө

Тэнгэрийн салхи нь

Тэгш үгүй

Төрсөн бие минь

Мөнх үгүй

Мөнхийн рашааныг хэн маань ч уулаа

Мөнөөхөн чөлөөндөө цэнгэн жаргая

Огторгуйн салхи нь

Оосор үгүй

Олдсон бие минь

Мөнх үгүй

Мөнхийн рашааныг хэн маань ч уулаа

Мөнөөхөн чөлөөндөө цэнгэн жаргая

Хубилай хааны өрлөг жанжин Баарины Баян чинсан Өмнөд Сүн улсыг эзлэхээр 17 жилийн урт удаан аян дайн хийх цагт зохиогдсон төдийгүй улмаар 800 шахам жилийн цаг хугацааг туулж дуулагдаж ирсэн монгол цэргийн дуу. Энэ дууг одоо ч Өвөр Монголын Харчин,  Хорчин аймгийнхан дуулсаар байна. ”Тэнгэр андгай” цогцолборт ирэх хавар энэхүү хөшөө сүндэрлэн босох бөгөөд өвөр монголчуудын ирэх хамгийн дуртай газар болох болно.

 “Эзэн сан”-ийн хөшөө

Чингис хааны тайлга тахилгын хамгийн их өргөн дэлгэр тархсан, нэг ая дан, дуулах хөгжөөх хэв намбаар өнөөг хүртэл тасралтгүй уламжлагдаж ирсэн ”Эзэн сан”-г монгол бичиг болоод крилл үсгээр боржин чулуунаа сийлж, ирэх хавар сүндэрлүүлэх болно. Ингэснээр тус хөшөө цогцолборыг зорин андгай тангараг өргөх, Чингис хааны аялал жуулчлалын шугамаар ирсэн монголчууд энэхүү санг унших, урих, бясалгах зан үйлийг өөрийн сонголтоор хийх боломжтой юм.

Гадаад тойрогт ”Найман шарга”-д зориулсан 8 боржин чулуун морины уяа болоод 8 ерөөл бичсэн боржин чулуун бичээс 8 зовхист нь сүндэрлэн босох болно.

  1. Өндгөн сүргийн тахилгын уяа. Гүүний үрсү гаргах ёслол хийдэг.
  2. Азарганы уяа. Азарга тавих ёслол хийдэг.
  3. Сэтэрийн уяа. Олон жил унаж эдэлсэн, хурдалсан морио дахиж, унаж эдлэхгүй онголох зан үйл үйлддэг.
  4. Үрээ хайрах уяа. Засах зан үйл хийхийн өмнө уяж, ерөөж, магтдаг.
  5. Түмэн эхийн уяа. Олон жил хурдалсан түрүүлсэн морийг уяах.
  6. Ажнай хүлгийн уяа. Эчнээ далдыг мэддэг эрдэмт мэргэн хүлэг морь.
  7. Ганзагны сан унших уяа. Ан гөрөө, аян жинд зориулсан.
  8. Эр хоёр загалын уяа. Холоос нутаг гүйсэн морины уяа.

”Тэнгэр андгай” хөшөө цогцолбор нь Монгол улсад Чингис хааны тайлга тахилгыг сэргээх болоод Чингис хааны аялал жуулчлал, монголчуудын адгуулах соёлын томоохон төв болон хөгжих зорилготой юм.

Энэхүү хөшөө цогцолборыг түшиглэн аялал жуулчлалын төв, зочид буудал, морин спортын сургууль, морин уралдаан зохион байгуулах орчин үеийн цогцолбор байгуулагдах бөгөөд жилийн дөрвөн улиралын турш байнгын үйл ажиллагаатай монголчуудын болон монголд ирсэн жуулчдын очих хамгийн дуртай газар болох болно.

Хамгийн чухал нь Чингис хааны тайлга тахилга Монгол орон даяар түгэн дэлгэрэхэд жишиг бааз суурь болгох зорилготой юм. Энэхүү цогцолборын жишгээр далай мэт өргөн уудам Монгол орны өнцөг булан бүрт ялангуяа Чингис хааны тахилгын уламжлал бүхий газруудад сэргээхэд чиглэсэн угсаатны зүй, монгол судлалын судалгааны үр дүнд түшиглэсэн судалгааны төв ажиллах бөгөөд сургалт аргазүйн зөвлөмж, гарын авлага, видео контентууд бэлтгэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа тасралтгүй явуулахыг зорьж байна.

”Тэнгэр андгай” хөшөө цогцолборыг барьж бүтээх үйлсийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, иргэдийн хандив, сайн дурын идэвх санаачлагын үндсэн дээр бүтээж байгаа бөгөөд бүрэн хийж гүйцэтгэсний дараа Соёлын яамны соёлын өвийн жагсаалтанд бүртгүүлэх, улмаар дараа дараагийн төслүүд салбарлан гарах ирээдүйтэй бүтээн байгуулалт болж байгаа юм.

Энэ бүхнийг цогцлоон бүтээхэд монгол ахан дүүс та бүгдийн халуун сэтгэлийн дэмжлэг юу юунаас илүү чухал хэрэгтэй билээ.

                  Чингис хааны яруу алдар ямагт мандан бадартугай

                                          Судлаач Г.Ням-Очир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж