Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж гэмтээсэн осол сүүлийн гурван жилд 45 бүртгэгджээ. Үүний арав нь санаатай үйлдэл болох нь тогтоогдсон байна. Эдгээр жолооч нарын дийлэнх нь гар утас ашиглаж яваад, мөн санамсар болгоомжгүйн улмаас осол гаргасан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус газраас энэ сарын 7-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн осолд хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ. Тухайн үед осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж.
Жолооч нарын хувьд 80-90 хувь нь замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигладаг, анхаарал болгоомжгүй зорчдог, энэ нь осол гаргах шалтгаан болсныг цагдаагийн албан хаагчид сануулав. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярьж, гэрлэн дохио зөрчдөг. Улмаар гарцаар явган зорчигч мөргөж гэмтээх, автомашинтай мөргөлдөх зэрэг осол гардаг. Хамгийн гол нь техникийн бүрэн байдлыг хангах шаардлагатай байна. Гэрэл дохиогүй, номергүй зэрэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох тохиолдол маш их байна” гэлээ.
Тээврийн цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгджээ. Үүний 392 нь ослын шинжтэй байсан аж. Ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.
Холбоотой мэдээ