Түгжрэлтэй ч түргэний машинд зам тавьж өгье!

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Түгжрэлтэй ч түргэний машинд зам тавьж өгье!

Түгжрэлтэй ч түргэний машинд зам тавьж өгье!

Их хотын түгжрэл дунд түргэний машин гэрлээ анивчуулж, дуут дохиогоо хангинуулсаар замын бөглөрөлд чамгүй хугацааг алдав. Жолооч нь урд байгаа машинуудыг зай тавьж өгөхийг чанга яригчаар анхааруулах нь сонсогдох. Учир нь хүний амь нас цаг, минутаар хэмжигдэж буй  тул тэд ийнхүү "сандрах"-аас аргагүй.

Цар тахалтай нүүр тулсан хоёр жилийн хугацаанд монголчууд багагүй зүйлд суралцсан. Амны хаалтаа зөв зүүж, гараа тогтмол ариутгаж, зай барьдаг болсон. Тэгвэл одоо түргэний машинд зам тавьж өгөх соёлд суралцъя. Өмнө нь хотын замаар түргэний машины дохио тоотой “хангинадаг” байсан бол цар тахлын улмаас өдөрт хэдэн арваараа сүлжилдэх болжээ. Зарим нь дуут дохиогоо дуугаргаж, түгжрэл дунд гацна. Нийслэлийн  замын түгжрэлээс болж өвчтөн эмнэлэгт хүрэхдээ хугацаа алдах тохиолдол цөөнгүй гардаг байна.

 “Иргэдийн зүгээс гэрийн хаягаа буруу зааж өгөх тохиолдол гардаг. Дүүргийн машинууд тусгай дохио байхгүйгээс замын түгжрэлд хамаг цагаа зарцуулж байна. Зам түгжрээтэй үед яаралтай дуудлагад явахдаа цонхоороо зам тавьж өгөхийг хүсэхэд жолооч нар "хүлээж авдаггүй” тухай резидент эмч ярилцлага өгөх үеэрээ хэлж байсан.

Жилийн өмнө түргэн тусламжийн автомашиныг мөргөсөн ноцтой осол гарч байсан. Тодруулбал, өглөөний 07.40 цагийн орчим Дөлгөөн нуурын зам дээр “Тоёото Акуа” маркийн автомашин Яаралтай түргэн тусламжийн автомашиныг мөргөсөн. Азаар хүний амь нас эрсдээгүй.

Өнгөрсөн долдугаар сард гэхэд ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машин суудлын автомашинтай мөргөлдсөн. Осол Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын замд гарсан байна. Тухайн үед түргэн тусламжийн автомашинд Covid-19-өөр өвдсөн иргэнийг тээвэрлэж явсан бөгөөд өвчтөнийг ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн тэргээр авч, шилжүүлсэн аж. Ослын улмаас өвчтөнд тусламж үзүүлэхэд хугацаа алдсан гэх мэдээллийг албаныхан өгч байв.

Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл ч бий. Хэдий хотын зам түгжрэлтэй ч жолооч нар аль болох зам тавьж өгөхийг хичээдэг болсон тухай эмч хэлж байв.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн жолооч нар хоногт 1000 орчим дуудлага хүлээн авч ажилладаг. Амралтын өдрүүдэд энэ тоо өсдөг байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Содбилэг:

-Хотын замын ачаалал их байгаа ч жолооч нарын хандлага харьцангуй сайжирсан. Түргэн тусламжийн төвд нийт 130 орчим жолооч ажиллаж буй. Үүнээс хоногтоо 43 жолооч дуудлагаар ажилладаг. Үндсэн үйлчилгээндээ явж чадахгүй ихэвчлэн цар тахлын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тэглээ гээд түргэний машины жолооч нар бэрхшээл тоочоод байдаггүй. Замын түгжрэлээс үүдэлтэй дуудлагад хоцорч очих тохиолдол гарна. Манай төв Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт салбартай. Иргэд өөрийн оршин суугаа дүүрэгтээ ойр салбарт хандаж, дуудлага мэдээлэл өгдөг.

Монгол Улс цар тахлын улмаас 1744 иргэнээ алдаад байна. Ихэвчлэн архаг суурь өвчтэй, ахмад настай иргэд хүндээр өвдөж байгаа бол сүүлийн үед жирэмсэн болон бага насны хүүхдүүд Covid-19-өөр өвдөх болсон. Тиймээс иргэн бүр хариуцлагатай, ухамсартай, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж