Ирэх оны улсын төсөвт экспортыг нэмэгдүүлж, томоохон төслүүдийг эхлүүлснээр эдийн засгийг таван хувийн өсөлттэй байна гэж Сангийн яам үзэж буй. Энэ хүрээнд 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг Covid-19 цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж байгаа юм. Улсын төсөвтэй холбогдуулан Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, эдийн засагч С.Бямбахорлоотой ярилцлаа.
–2022 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ жилийн төсвийн хэлэлцүүлгийг ажиглаж байгаа байх. Анх удаа 18 их наядын орлого олно гэсэн өөдрөг төсөв оруулж ирлээ. Ялангуяа Covid-19-ийн цар тахлын дараа ийм боломж байгаа гэж харж байна уу?
-Улсын төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь уул уурхайгаас олох орлоготой холбоотой болов уу. Төсвийн 80 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэр дундаа 70 орчим хувийг нүүрс эзэлдэг. Улсын төсвийн төсөөлөл нүүрс яаж борлогдох вэ гэдгээс л хамаарна.
Тэгэхээр нүүрсний экспорт өндөр байж чадах уу. Бидний хувьд ганц худалдагч авагч нь Хятад. Тус улстай учраа хэрхэн олохоос улсын төсвийн биелэлт хамаарна.
Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг бол нүүрс. Харин цаашид зөвхөн уул уурхай бус улсын төсөв бүрдүүлэлтийг бодлогын хувьд солонгоруулах шаардлагатай. Үүний тулд бид өөрсдийн бололцоог харах хэрэгтэй. Гэхдээ хүнд үйлдвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй зэрэг бүх салбарт хүний боловсрол эдийн засгийг солонгоруулна. Түүнээс биш үйлдвэр барьж том төсөл эхлүүллээ гээд эдийн засаг солонгорохгүй. Энгийнээр тайлбарлая, хүн хөгжихгүй бол эдийн засаг тэлэхгүй. Иймд хөгжлийн бодлого нь хүмүүсийн боловсролын дээшлүүлснээр эдийн засаг нь солонгордог олон улсын практиктик ч бий. Эдийн засгийг солонгоруулах нь хүний хөгжлөөс хамаарах тул ойрын биш хэтийн асуудлыг ярина гэсэн үг.
–Хил хаагдаж, экспорт зогссон энэ үед 18 их наядын орлогыг уул уурхайгаас төвлөрүүлэх боломжгүй болов уу гэж хүмүүс шүүмжилж байна?
-Боломжгүй гэж хэлэхгүй. Гэхдээ 18 их наядын орлого төвлөрүүлэх төсөөлөл нь зөв гарц шийдэлтэй, үндэслэлтэй судалгаатай юу гэдэгт итгэхгүй байна. Хил хаалттай, улсын төсөв уул уурхайгаас хамааралтай нөхцөлд хүндхэн л болов уу. Наад зах нь, хилийн хязгаарлалт тогтоосон өдрүүд Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг хар. Лангуунууд хоосорч, наймаачид зарах бараагүй болж эхэлж байна. Эдийн засгийн, санхүүгийн үзүүлэлтүүд унаж байна.
Ямарваа нэг зүйлийг суурь судалгаатай хийхгүй бол хэцүү. Ямар судалгаанд үндэслэж, ямар боломжуудыг харж 18 их наядын орлого гэж баталсан юм. Энэ нь өөрөө их хийсвэр.
–Эргээд эдийн засагт ямар хор уршигтай вэ?
-Орлого буюу нөөцөө буруу тооцвол эргээд хуваарилж буй ажил явахгүй. Аль эсвэл өр зээлэнд орно. Үгүй бол Засгийн газрын төлөвлөж буй ажил бүгд хийгдэхгүй. Нэг үгээр хэлбэл, санхүүжилт байхгүй бол ямар ч бүтээн байгуулалт, төсөл хэрэгжих боломжгүй. Тэгэхээр байрандаа гацах уу эсвэл бүр дордох уу гэдэг л асуудал шүү дээ.
–Улсын төсвийг уул уурхайгаас хараат бус болгохын тулд бусад салбарыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах ёстой гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Өнөөдөр ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бид уул уурхайгаасаа л орлогоо олж байна. Ер нь эдийн засгаа солонгоруулах, уул уурхайгаас өөрөөр орлого олох боломж, гарц харагдаж байна уу?
-Өнөөдрийн нөхцөлд бидэнд байгаа боломж нь нүүрс, Монголын эдийн засаг бол нүүрс гэж бүх зүйлийг төлөвлөж, төсөөлж байна. Гэвч тийм биш. Бидэнд байгаа эдийн засгийн хамгийн чухал капитал бол газар. Газрыг хэрхэн эргэлдүүлэх талаар маш сайн бодлого боловсруулах хэрэгтэй. Гэхдээ газар тариалан биш. Зарим тохиолдолд бид газрыг түрээсэлж болно. Эргэлтэд оруулж аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тиймээс бид өөрсдөд байгаа нөөц боломжуудаа үнэлж судлах ёстой. Засгийн газрын орлого өр зээлээр бүтэж болно. Харин зарцуулалт нь ямар байна вэ гэдэг нь чухал. Айлтай зүйрлэвэл бид орлого олох зүйлдээ л хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч чадахгүй байна. Жишээ нь, би хашаа байшинтай бол орон гэрээ сайжруулж, хатавч, зам талбайгаа л засч байгаатай л адил юм. Уг нь би гэр орноо сайжруулахын тулд хүүхдээ сургахаас эхлээд өөрөө жижиг бизнес эрхлэхэд л нөөцөө зарцуулах ёстой. Хэрэв нөөцийн оновчтой хуваарилалт хийгдсэн бол дараа дараагийн цикл сайжрах байсан гэж үзэж байна.
"ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХУВЬЧЛАЛЫГ ЯАРАЛТАЙ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЁСТОЙ"
–Та эдийн засагчийн хувьд 2022 оны улсын төсвийн алдаа, оноог нь хэрхэн дүгнэж байна. Ер нь ямар хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Орлогын төсөөлөл хийсвэр болсон. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь хувийн хэвшлийнхэн ч төр бодлогоороо дэмжихгүй байна. Эсрэгээрээ төрийн бүтэц данхайдаг. Гэтэл алдагдалтай, үр ашиггүй. Төрийн өмчит олон компанийг санхүүжүүлэхийн тулд өр зээл тавьж байна. Үр ашиг алга. Тухайлбал, Багануурын уурхай 180 гаруй тэрбумын өртэй. Асуудал нь, бид Улаанбаатарыг нүүрсээр хангахын тулд үйл ажиллагааг нь зогсоож болохгүй гэдэг атал алдагдалтай. Хэзээ ч дампуурч магадгүй, өр нь л нэмэгдээд байдаг. Иймд Засгийн газар нэн тэргүүнд төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлуудыг ярилцах ёстой. Одоо яриад байгаа ч ажил хэрэг болохгүй байна. Үгүй бол төр хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөд байгаа юм шиг л ажил хийж байна. Төр зохицуулагч байх юм уу, эсвэл бизнес хийдэг байх юм уу гээд байгаа юм. Иймд төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг нэн түрүүнд хийх ёстой.
–Төр бодлогоор хувийн хэвшлээ дэмжих ёстой, эсвэл дэмжиж ажиллана гэдэг. Гэтэл бодит байдал дээр төр хувийн хэвлийнхэнтэйгээ өрсөлдөөд байна гэж та хэллээ. Цаашид төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг биш хувийн хэвшлийнхнийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ?
-Бид ардчилсан улс л бол хувийн өмчийг дэмжих үзэл баримтлалтай байх ёстой гэж боддог. Гэтэл хувийн өмчийг хүчээр төрийн өмчит болгодог. Аль эсвэл хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөх гэж байгаа юм шиг байр суурийг бий болгож байна. Тухайлбал, Эрдэнэт ТӨХК-ийг хувьчиллаа, дараа нь төрд эргүүлэн авлаа л гэдэг. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр хувийн менежменттэй байснаар 2016-2020 он хүртэлх хугацаанд ямар үр ашигтай ажилласан бэ гэдгийг нь харж болно. Нэг их наядын ашиг нь татвар болж улсын төсөв бүрдэхэд чухал нөлөө үзүүлсэн гэсэн үг. Гэтэл энэ ашгийг төрийн менежментээр бий болгоогүй. Тэгвэл төр менежмент хийхэд Эрдэнэт ТӨХК хэр их ашигтай байв.
Ер нь төрийн өмчит компаниудыг хувьчлах шаардлагатай. Том холдинг компанийнх нь толгой л өсөөд байгаа болохоос биш ашигтай ажиллаж буй үр дүн харагдахгүй байна.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны толгой компанийн орон тооны бүтэц жил бүр өсдөг ч үр ашиггүй. Мөн улсын төсвийн бүрдүүлж буй уул уурхайн компаниуд нь бас л Төрийн өмчит хувьцаат компани. Тиймээс аль болох чөлөөт бодлого, хувийн өмчийг дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл эдийн засгийн түгжрэлээс гарах болов уу.
–Гэхдээ ардчилсан улс гэдэг ч төр нь хувийн хэвшлээ дээрэмдэх, өмчийг нь булаах үзэгдлүүд нь ардчилал хумигдаж байгаагийн том жишээ гэж дүгнэх хүмүүс олон байна?
–Тийм. Уг нь Ардчилсан улс хувийн өмчийг дэмжинэ. Эдийн засгийн онолоороо төрийн оролцоо бага байх ёстой гэсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Цаашид татварын болон мөнгөний бодлогоор зохицуулалт хийж хувийн хэвшлийнхэнд бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Түүнээс биш төр намын томилгоогоор компаниудыг удирдвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Бид аль болох эдийн засгийг либералчлах, ардчилсан байлгаснаар улс хөгжинө. Ядахдаа хүмүүс хөгжинө.
"ЗАСГИЙН ГАЗАР СУДАЛГААТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙНХЭЭ ҮГИЙН СОНСОХ ЁСТОЙ"
–Эдийн засгийг либералчлах боломж нь хэр нээлттэй байна гэж та харж байна?
-Уг нь харж байсан юм. Эдийн засгийг либериалчлах болов уу гэж. Гэтэл төр олон нийтэд таалагдахын тулд хэмжүүрээр нь ажиллаж байна. Монголын эдийн засаг хийж бүтээж буй хүмүүсээ үгүйсгэдэг. Эд хөрөнгийг нь хураах санал гаргадаг. Тухайн бизнес эрхлэгч ажлын байрыг дэмжиж, татвар төлснөөрөө буруутан болдог. Тиймээс олон нийт ч бас боловсролоо дээшлүүлэх нь чухал. Төр ч бас массыг дагах бус бодлого баримтлах нь чухал. Ер нь боддого боловсруулна гэдэг нь 50 жилийн дараах төсөөлөл байх ёстой.
Үгүйсгэж болохгүй ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн азрын “Алсын хараа-2050 бол хийсвэр. Шалгуур үзүүлэлт байхгүй. Хэрэв гаргасан шийдвэр нь олон нийтэд таалагдахгүй бол удалгүй үгүйсгэдэг. Учир нь хариулт байдаггүй. Энэ нь судалгааны институт байхгүйтэй холбоотой.
Яам өөрөө судалгааны том институц байх ёстой. Гэтэл зохицуулалтынх болсон. Үүнд илүү анхаардаг. Цаашид олон нийт санхүүгийн мэдлэг, соёл, эрүүл мэндийн мэдлэгүүд сайжирснаар улс хөгжинө. Бодлогын хүрээнд эдийн засгийг либералчлах нь үр дүнтэй.
–Судалгаа хийх эрдэмтэн судлаач байхгүй учраас Засгийн газар алдаад байна уу. Аль эсвэл сонсохгүй байна уу?
-Суурь судалгаагүй бол яаж бодлого боловсруулах билээ. Улсын төсөв хэт хийсвэр болсныг дээр дурдсан. Ямар судалгаанд үндэслэж 2022 оны төсвийн тодотгол хийв. Манайх 36.5 сая тонн нүүрс экспортлоход тээвэр логистикийн асуудлаа шийдсэн юм уу. Хилийн хязгаарлалт, одоогийн машин тээврийн хүчин чадлаар ийм хэмжээний нүүрс экспортлох боломж бий юу. Хөдөө аж ахуйг хөгжүүлье гэж ярьдаг атал 100 мянган тонн мах урд хөрш рүү экспортолж чадах уу. Үүнийг нь тооцохоор манайд бааз байхгүй, аль эсвэл нэг жилд малаа нядлаад хилээр гаргах бололтой. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьдаг атал өөрсдийнх нь ярьж байгаа шиг жуулчдыг яаж татах юм. Ийм хүчин чадал байгаа юу. Аль эсвэл 400 сая жуулчныг вагоноор зөөх үү. Нисэх онгоц нь өдөрт мянга гаруй л жуулчин тээвэрлэх хүчин чадалтай шүү дээ.
Ер нь Засгийн газар өөрөө мэргэжлийн байж чадаж байна уу. Мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тодорхой судалгаатай бодлого боловсруулах ёстой. Төр судалгааны институциудээ сонсдоггүй.
–Эдийн засагчдийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгахыг шаардаж буй. Гэтэл барилга, бүтээн байгуулалт хөгжихийн хэрээр эдийн засаг сайжирна гэсэн байр суурийг улс төрчид өгдөг. Энэ тухай та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бүтээн байгуулалт нь үр ашигтай байх ёстой. Эдийн засгийн эргэлтийг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах, бизнесийн салбаруудаа дэмждэг учраас бүтээн байгуулалт хэрэгтэй. Гэхдээ үр ашигтай байх ёстой. Хувийн хэвшлийнхэн чадахгүй дэд бүтцийн асуудалд төр бодлогоор оролцох хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар-Хархорин чиглэлд хурдны галт тэрэг барих төсөл хэрэгжүүлэх ёстой. Хэрэв хурдны галт тэрэгтэй боллоо гэхэд төвлөрөл саарна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх ёстой болохоос хөшөө барих биш. Төр бүх зүйлд хутгалдана гэж байхгүй. Тэгэхээр бизнесийн салбарыг чөлөөлөх хэрэгтэй.
Холбоотой мэдээ