"Хэрэг буцаадаг нь мөрдөгч, прокурорыг авлигад автуулдаг"

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

"Хэрэг буцаадаг нь мөрдөгч, прокурорыг авлигад автуулдаг"

"Хэрэг буцаадаг нь мөрдөгч, прокурорыг авлигад автуулдаг"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн барьсан билээ. Бид энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа дээрх хуулийн төслийг онцлон хүргэж байна.


Уг хуулиар нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьжээ.

Тодруулбал, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс хэргийг буцаадаг зохицуулалтыг халах зохицуулалт тусгах нь УИХ-аас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно хэмээн үзэж, холбогдох тайлбарыг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан. Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

  • 2019 онд анхан шатны шүүх 26897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан,
  • 2020 онд 13470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримт бий.
  • Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна.
  • Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ.

Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ ийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон гэж үзсэн байна.

Сүүлийн хоёр жилд анхан болон давж заалдах, дээд шүүхээс буцаасан 267 хэрэг хэрэгсэхгүй болжээ. Тиймээс 267 гэм буруугүй хүнд шүүх ял өгсөн, эсхүл гэмт этгээдийн хэргийг буцааж ял завшуулчихсан эсэх асуудал гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийг буцаах хуулийн зохицуулалтыг ашиглаж, хүн хэлмэгдүүлдэг, эсхүл ял завшуулах эрсдэлтэй. Мөн мөрдөн байцааж байгаа гэх шалтгаанаар удаан хугацаанд хүнийг шантаажилж байгаа зэрэг асуудал гарч байгаа аж.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хэргийн нотлох баримт бэхжүүлэх хүсэлт хангасан эсэх, шинжээчийн дүгнэлт сонирхлын зөрчилтэй байсан зэргийг тусгайлан хянадаг. Харин дараагийн шатны шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь буруу тогтолцоо гэдгийг хууль санаачлагчид онцолж буй. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах зохицуулалтыг хэвээр үлдээх хэрэгтэй аж.

Шүүх нотолсон баримтад үндэслэж шийдвэр гаргах болохоос биш, шүүх нь мөрдөгч, прокурорт дахин нотлоод ир гэж буцаах ёсгүйг хууль санаачлагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, хэргийг буцаадаг байдал нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг авлигын сүлжээнд оруулж байгааг ч тэд онцлов.

Хуулийн төслийг эндээс уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж