“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа ч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрч буй. Ялангуяа Монгол Улсын талаас хэд хэдэн хүнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилуулах санал хүргүүлэсэн боловч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй, өөр хүн санал болгохыг шаардсан. Түүгээр ч зогсохгүй Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ОХУ-д ажиллаад ч даргынхаа томилгоог хийж чадаагүй ирсэн юм.
ЯПОНООС ЗЭЭЛСЭН МӨНГӨНИЙ ХҮҮ, АЛДАНГИАС БОЛЖ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ТОХИРОЛЦСОН
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн долоо хоногт УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх тогтоолын төсөл өргөн барив. Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.
“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг УИХ баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна. Энэ өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрчээ.
“Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг, 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ. Энэхүү санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэн, тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд ингэхдээ яаралтай горимоор хэлэлцэх юм.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ:
- 32.2.Тухайн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, зохицуулалтаас шалтгаалж дамжуулан зээлдүүлсэн зээл төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ тухай мэдэгдлийг нотлох баримт, тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, дүгнэлт гаргуулахаар нэн даруй хүргүүлнэ.
- 32.3.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт уламжлан Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ.
Чухам яагаад энэ зээлийн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх болсон нь анхаарал татна. Тэгвэл улс төрийн хүрээнд “ОХУ-ын талтай Монгол Улсын талаас энэхүү зээлийн хүү, алдангид ногдох мөнгөн төлбөрийг төлөхгүй байх санал" тавьсныг Засгийн газар хүлээн авсан гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй энэхүү тогтоолыг баталбал, УБТЗ-ын даргаар та бүхний хүссэн хүнийг томилно гэх утга бүхий “тохиролцоо” хийгдсэн гэх яриа ч гарах болжээ. Тиймээс Засгийн газар тооцоо, судалгаагаа оруулж ирж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болжээ.
ОХУ-ЫН ТАЛ Х.ХЭРЛЭНГ "ЗӨВШӨӨРЧЭЭ"
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар томилж магадгүй гэсэн таамаг улс төрийн хүрээнийхэнд байсан. Гэвч энэ тохироо өөрчлөгдөж, Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор болжээ. Түүнийг ОХУ-ын тал ч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Япон улсын зээлийн дээрх хэлэлцээртэй холбоотой асуудлыг УИХ-аар шийдвэл Х.Хэрлэн хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн гэх албан бус мэдээлэл байна.
Удтал тохиролцож чадахгүй, санал болгосон хүмүүсийг нь “голж” байсан томилгоо удахгүй шийдэгдэх нь. Х.Хэрлэнг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ойрын” хүн, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой хүн гэж түүнийг зүтгүүлж буй. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон бөгөөд түүнээс хойш Засгийн газар солигдсон ч албан тушаалдаа үлдсэн нэгэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж буй. Харин түүний айлчлалаас өмнө төмөр зам, УБТЗ-ын даргын асуудлыг “цэгцлэх” үүрэг нь Засгийн газарт өгөгджээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ