Урлаг, соёлын үйл ажиллагааг танхимын дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийж, энэ сарын 1-нээс нээсэн билээ. Гэхдээ Улсын онцгой комисс, Засгийн газраас иргэдэд үйлчлэхдээ заавал гуравдугаар тунг баримтаар баталгаажуулах, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж буй юм. Энэ шийдвэр иргэд, аж ахуйн нэгжүүдийн аль алинд нь халгаатай байгаа аж.
Бүтэн хоёр жил шахам хөл хориотой байсан кино театрууд үүд хаалгаа нээсэндээ баярлаж байгаа ч дээрх шийдвэр үзэгчид, үйлчлүүлэгчдийн тоонд сөргөөр нөлөөлөх болжээ. Нөгөө талаар кино концерт үзэх боломжтой болсон ч заавал 3 тун хийлгэх, үгүй бол үзэх тоолондоо шинжилгээ өгөхөөс өөр аргагүй болсондоо иргэд бухимдалтай байна.
Нийслэлд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг тоотой хэдхэн театр бий. Улсын драмын, Дуурь бүжгийн, Хүүхэлдэйн болон мөн кино театрууд. Эдгээр байгууллагаар үйлчлүүлэх иргэд таашаал авахаас илүү бухимдалтай байгаа нь харамсалтай. Иргэдээ сүрдүүлж, барьцаалсан шийдвэр удаа дараа гаргаж буй УОК үргэлж сайн дурын үндсэн дээр хэмээн тодотгож тулган шаарддаг болохыг иргэд хэлж байв.
III ТУН ХИЙЛГЭЭГҮЙ ХҮН ЗААВАЛ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА
Улсын драмын эрдмийн театрын хувьд өнгөрсөн Баасан гариг (2021.11.05)-аас гуравдугаар тун, эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэж үзвэр үзүүлж байгаа юм байна. Угтах ажилтнаас энэ талаар тодруулахад “Улсын онцгой комиссоос гаргасан захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үзвэрийн танхим, заалны халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, хүн хоорондын зайг тодорхойлсон. Гэхдээ хамгийн чухал нь халдвартай иргэн танхимд орж ирж бусад хүнд тараах эрсдэл өндөр учир Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж, бичиг баримтыг заавал шалгаж байж нэвтрүүлж байна. Дээрээс өгсөн чиглэлийн дагуу бид Covid-19-ийн үед дасан зохицож ажиллахаас өөр аргагүй. Үзвэр үзэх гэж байгаа иргэд бухимдахаас илүүтэй энэ шийдвэрийг харин ч дэмжиж байна” гэлээ.
Драмын жүжиг үзэхээр зорин ирсэн ч хараахан гуравдугаар тундаа хамрагдаагүй иргэд төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр дугаарлажээ.
Хүмүүсийн хэлж байгаагаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дэмжих нь зөв. Харин төрийн байгууллагууд төлбөртэй шинжилгээ авч байж нэвтрүүлнэ гэсэнд дургүйлхэж байгаагаа илэрхийлэв. Зарим хүн эдийн засаг хүнд байгаа энэ үед ганц жүжиг үзэх гэж дахин зарлага гаргах хэцүү байна гэсэн юм.
КИНО ТЕАТРУУДАД АЛБАН МЭДЭГДЭЛ ИРЭЭГҮЙ УЧИР III ТУН ХИЙЛГЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАХГҮЙ
Биднийг үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар ороход, ялангуяа кино театруудад албан мэдэгдэл ирээгүй учир иргэдийн халууныг хэмжиж, QR код уншуулаад л нэвтрүүлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг сонссон ч албан бичгээр хүлээж аваагүй учир иргэдэд хүндрэл учруулахгүйг зорьж ажиллаж байна гэв.
“Нью тур сафарис” ХХК-ийн “Өргөө” кино театрын зохион байгуулагч Ц.ЭНХЖИН:
-Одоогоор манай кино театрын аль ч салбарт 20 мянган төгрөгөөр шинжилгээ авах зохицуулалт хийгээгүй. Үзвэр үзэх иргэд халуунаа хэмжүүлж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад үйлчлүүлж байна. Бидний хувьд танхим дахь хүн хоорондын зай барилтыг баримталж, ариутгалыг үзвэрийн тутамд хийж ажиллаж байна. Өргөө II салбарын тухайд гурван танхим ажиллаж байна.
Нэг танхимд хамгийн ихдээ 95 хүн л хүлээж авч байна. Бусад салбартай харьцуулахад талбай бага ч үйлчлүүлэх хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Албан бичиг, захирамж ирвэл түүнийг биелүүлж ажиллана. Хэзээ мэдэгдэл ирэх талаар миний хувьд сайн мэдэхгүй байна.
Кино театрт үзвэр үзэхээр хүлээж буй иргэдээс УОК, Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар асуухад ихэнх хүн эсэргүүцэж, дэмжихгүй байгаагаа хэллээ. Учир нь вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах ёстой байтал улсаас тулгаж, албан зохицуулалт хийж байгаа нь буруу гэж үзэж буй аж.
ТАСАЛБАРААС ДАВСАН ҮНЭТЭЙ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ
ИРГЭН А.ДАВААДУЛАМ:
-Удаан хугацаанд хөл хорионд байсан хүмүүс чөлөөт цагаараа урлаг соёлын арга хэмжээнд оролцож, сонирхох нь мэдээж. Үүнийг далимдуулж иргэдээс мөнгө угаахаар 20 мянган төгрөгийн шинжилгээ авах гэж байгаа нь буруу гэж бодож байна. Хүмүүс мөнгө нь илүүдсэндээ үзвэр үзэх гээгүй. Энэ их стрессийн дундаас түр холдож амсхийх нь хүний эрхийн асуудал. Гэтэл өнгөрсөн хавар шиг Covid-19-ийг далимдуулж их хэмжээний мөнгө иргэдээс авах гэж байгаа нь утгагүй байна. Гадаадаас ирсэн иргэдийг зочид буудалд тусгаарлаж мөнгө хийж байсан аргаа одоо аж ахуйн нэгжүүд дээр дахин туршиж байна. Үүнийг хэн ч дэмжихгүй. Иргэдэд хүндрэл учирч, аж ахуйн нэгжүүд ч хаалгаа барихад хүрнэ. 2-3 хүн кино үзэхээр очиход дахин 60 мянган төгрөгийн зарлага гаргана гэхээр хэн ч бүтэхгүй юм байна л гэж бодно.
АРДЧИЛСАН УЛС БАЙЖ ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ АЛБАДАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙД БУХИМДАЖ БАЙНА
-Миний хувьд гуравдугаар тунд хүн бүр хамрагдах ёстой гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байна. Хэнд ч, ямар ч хүндэтгэх шалтгаан байж болно. Хариу урвалаас болж ч юм уу вакцин дахин хийлгэхгүй байх нь хувь хүний л шийдвэр. Гэтэл Монгол Улс ардчилсан орон байж гаргасан шийдвэрээ заавал албадан биелүүлэх, хяналт тавих шаардлага тавьж байгаад үнэхээр гайхах юм. Мэдээж Covid-19-өөс болж дэлхий нийтээр хүнд нөхцөлд байгааг ойлгож буй ч иргэдийнхээ санал хүсэлтийг бас хааяа ч гэсэн сонсдог төр засагтай байхыг хүсч байна. Ажлын газар, эсвэл үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх гэсэн иргэдээ ийнхүү дарамталж байгааг би хувьдаа дэмжихгүй. Хүн өөрийн эрхийнхээ дагуу сонголт хийнэ шүү дээ.
Иргэдийн хувьд аж ахуйн нэгжүүдийн мөрдөж буй УОК, Засгийн газраас өгсөн шийдвэр бол утгагүй санагдаж байгааг хэлж байгаа юм. Харин аж ахуйн нэгжүүд орлогоо бодоод, хаалгаа барихгүйн тулд дээрээс гаргасан шийдвэрийг дэмжихээс өөр аргагүй байгаагаа хэллээ. Халдварын эрсдэлийг бодож гаргасан гуравдугаар тунгийн шийдвэр иргэдээ бодсон уу, эдийн засгийн дарамт болох уу гэдгийг хэлэхэд арай л эрт байна. Гэхдээ 20 мянган төгрөгийн түргэвчилсэн шинжилгээ авах нь оновчтой шийдвэр биш болохыг иргэд хэлэв.
Холбоотой мэдээ