УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнгөрсөн Баасан гаригm УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсныг бялуу хуваарилагдаагүй хэсэг нь хөшигний ард тохирох гэж завсарлага авсан ч юм билүү гэж хардах хүмүүс ч байна. Талуудын байр суурийг хүргэе.
"ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫГ ТӨР АВАХ НЬ МАН-ЫН БОДЛОГО"
Монголын даатгалын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.ЭРДЭНЭБААТАР:
-Миний хувьд цөөхөн хүний санал бус, намынх нь бодлого байсан юм болов уу гэж л хардаж байна. Хэрэв даатгалын компанийн ажлыг төр хийгээд явна гэвэл хувийн хэвшлийнхний төрд итгэх итгэл найдвар алдарна. Товчхондоо даатгалын салбарыг булшлах хуулийн төсөл болсон байна лээ. Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр хувийн хэвшлийн өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгоно” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр энэхүү хуулийн төсөл МАН-ын бодлоготой эрс зөрчилдөж байна шүү дээ.
Өнөөдрийг хүртэл хууль санаачлагч гишүүдэд мэтгэлцээнд орох санал тавиад бүтэлгүйтсэн. Даатгал гэдэг нь орлогоос зарлагыг хасаад ашиг хийдэг салбар биш. Даатгалын салбарын нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрсдэлийг тооцдогоороо онцлогтой. Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрсдэлийг хаадгаараа онцлог. Төрийн оролцоотой төрийн бус байгууллага болох албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд тус сан даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний 10 хувь, даатгалын компаниудаас 1.6-3 хувийг авч ирсэн. Өдгөө 27 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй тус сангийн хөрөнгийг төр менежмент хийж байна. Эрсдэлийг даваад гарах нөөц сан нь албан журмын даатгалын санд бий. Төр өөрийнхөө оролцоотойгоор энэ санг ажиллуулаад, бүрэн менежмент хийгээд явах боломжтой байсан. Гэвч өнгөрсөн есөн жилийн хугацаанд хуулийг сурталчлах, иргэдэд даатгалын талаар мэдээлэл өгөх ажлаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнийхээ бурууг даатгалын компаниуд руу чихэж, хуулийг өөрчлөх замаар төр авч хийнэ гэдэг нь яав ч зөв сонголт биш.
ДААТГАЛЫН КОМПАНИ ГЭДЭГ НЬ УЛСЫН ЭРСДЭЛИЙН НӨӨЦ САН
Эдийн засагч Ө.ГАНЗОРИГ:
–Дэлхий даяар даатгалынхаа салбарыг төр нь дэмжиж явдаг. Учир нь даатгалын компани гэдэг улсын эрсдэлийн нөөц сан. Даатгалын компаниуд томрох тусам улс орны хэмжээний эрсдэлийг даах нөөц бий болж байна гэсэн үг. Уг нь төрийн бодлого яаж даатгалын компаниудыг томруулах вэ гэдэг рүү чиглэх ёстой юм. Монголын даатгалын компаниуд өнгөрсөн арван жилийн хугацаанд албан журмын даатгал дээр маш сайн ажилласан. Зарим хүмүүс даатгалын салбар маш муу үйлчилгээ үзүүлсэн гээд яриад байгаа зүйлээ тоо, баримттай гаргаж ирэх ёстой. Хэдэн хүн хохирч, хэдэн хүн хожсон юм бэ. Аливаа зүйлийг үндэслэлтэй ярих хэрэгтэй. Ер нь албан журмын даатгалтай холбоотой энэ асуудал хувийн даатгалын компаниудаараа явах нь зөв. Хөгжлийнхөө жамаар яваа салбарыг төр булааж авах нь буруу. Даатгалын компаниуд ажлаа дутуу хийж байгааг үгүйсгэхгүй. Жолооч нарт хуулиа сурталчлах ажлыг дутуу хийсэн байж магадгүй. Тэгвэл тэрийг заавал төр хийх албагүй.
Хувийн компаниуд хийг гээд орхи л доо. Хувийн хэвшлийнхэн хөл дээрээ жаахан тогтоод ирэхээр дээрээс нь намнах бус, харин дэмжээд өгөх хэрэгтэй. Даатгалын компаниудаас дуудаж, сонсгол хийхгүйгээр эдийн засгийн байнгын хороо алх цохисон. Энэ ардчилсан улс биш, коммунизм руу орж байгаагаас ялгаа алга. Төрийн оролцоотой байгууллага хувийн компаниас илүү сайн ажиллана гэж байхгүй, хоосон мөрөөдөл гэдгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хангалттай харсан. Хэрэв жолоочийн албан журмын даатгалыг төрд авбал хүнд суртал салахгүй. Одоо байгаа албан журмын даатгалын үйлчилгээ улам муудна. Төрд очсон бизнес хөгжсөн түүх байхгүй. Таван жилийн дараа албан журмын даатгалын сангийн мөнгө хаачсан бэ гээд хэрэлдээд сууж байхыг үгүйсгэхгүй.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛААР ТӨСВИЙН ЦООРХОЙГОО НӨХӨХ ҮҮ?
Хуульч Д.ҮҮРЦАЙХ:
–Жолоочийн албан журмын даатгал 2012 онд батлагдахдаа хэт бага хураамжтай байсан. Тодруулбал, автомашины даатгалын хураамж 33 мянган төгрөг байна гэж заасан. Сүүлийн арван жилийн хугацаанд даатгалын хураамжид ямар ч өөрчлөлт ороогүй. Олон улсад инфляцийн түвшин, иргэдийн худалдан авах чадвар зэрэг бусад бүх үзүүлэлтийг тооцож үзээд, хураамжийг нь ихэсгэж, багасгадаг. Харин эрх баригч намын хувьд энэхүү хураамжийг нэмэх саналтай байгаа. Улмаар төрд орж ирсэн мөнгөөр нь төсвийн цоорхойгоо нөхөх гээд байгаа юм болов уу даа гэж хардаж байна.
БҮХ БИЗНЕСИЙГ ТӨР АВЧ, КОММУНИЗМ РУУ БУЦАЖ ОРОХ НЬ
Эдийн засагч Д.АНГАР:
–ТӨХК байгаа цагт авлига, хээл хахууль хэзээ ч буурахгүй. Тэд зардлаа бууруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх үр ашгийн төлөө хэзээ ч явахгүй. Харин ч худалдан авалтаар далимдуулж зарлагаа нэмж, хувьдаа мөнгө шамшигдуулах байдал тасрахгүй. Цөмийн энерги, эрчим хүчтэй холбоотой ТӨХК байхыг үгүйсгэхгүй. Бусад улс оронд ч ийм жишгээр явдаг. Харин Монголын ТӨХК-иуд бизнесийн бүх салбарт бий. Хамгийн сүүлд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг төр авах талаар яригдсан. Даатгалын компаниуд ажлаа дутуу хийж байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл дутуу хийгээд байгаа зүйлийг гүйцээх хэлбэрээр хуульд өөрчлөлт оруулж болно. Үүнд заавал төр оролцох албагүй.
Хувийн хэвшлийнхэн хөл дээрээ жаахан тогтоод ирэхээр дээрээс нь намнах бус, харин дэмжээд өгөх хэрэгтэй. Энэ жишгээр явбал бүх бизнесийг төр авч, 1990 онд улсаараа татгалзсан коммунизм руу буцаж орох нь. ТӨХК-иудын удирдлагыг аль нэг намын шахалтаар бус, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, урамшуулалд суурилсан системээр томилох ёстой.
Монголын ТӨХК-иудын удирдлагыг хар л даа. Өмнө нь ямар ч бизнес эрхэлж байгаагүй, олон жил намд ажилласан цүнх баригч нар байна. Төр том том үйлдвэрүүдийг эзэмшиж болно. Харин түүнийг удирдах менежерүүдээ нээлттэй сонгон шалгаруулах хэрэгтэй. Дотоодоос сайн хүн олдохгүй бол гаднын шилдэг менежерүүдийг авч тавь. Тэр хүмүүстэй үр дүнд суурилсан удирдлагын гэрээ хийх хэрэгтэй. Үнэхээр сайн ажилласан бол гэрээгээ сунгаж, алдагдалтай ажилласан бол гэрээг нь цуцалдаг байх нь зөв жишиг.
Холбоотой мэдээ