Авто машинтайгаа гол дээгүүр явж байхад мөс цөмөрч осолдсон гэх дуудлага нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Арваннэгдүгээр сар гарснаас хойш зарим аймагт эрс хүйтэрч, иргэд гол мөрнийг хөлдсөн гэж тооцоолж осолд орж байгааг анхаарууллаа.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэгдүгээр багийн нутаг дахь Улаан голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл зорчиж байхад мөс цөмөрсөн байна. Осол өнгөрсөн Бямба гаригт /2021.11.6/ өдөр гарчээ.
Мөс цөмөрснөөс голд суусан энэ тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотынх бөгөөд зорчигчид нь машинаас гарцгаасан. Ямар нэг эрсдэл учраагүй бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газарт хандсан тухай цахим хуудастаа бичжээ. Тухайн иргэд Хужирт сумаас Зил-131 машин авчирч, өөрсдөө машинаа татаж гаргасан байна. Тиймээс холын тээвэрт яваа жолоочдод сэрэмжлүүлэг болгон жолоочдын группт анхааруулжээ.
Хүйтэн сэрүүний улирал эхэлж, гол мөрний дээгүүр мөсөн бүрхүүл тогтож эхэлж байна. Гэвч гол хөлдөх цаг болоогүй бөгөөд зам товчлох гэж голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөгтэй болон явганаар зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Холбоотой мэдээ