Чулуут багийн Галтай булнай гэх газар аравдугаар сарын 30-нд Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самар түүхээр явжээ. Гэвч тэдний нэг нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 5-нд Төв аймгийн онцгой байдлын газрын алба хүлээн авсан байна.
Өчигдрийн байдлаар Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой мөн самарт хамт явж байсан иргэдтэй хамтран хоёр бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нэгдүгээр бүлэг Сонгинотын-Эх гэх газраас 45 настай эрэгтэйн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн Хагийн хар нуур гэх газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Өмнө нь өнгөрсөн долдугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэдэг газарт самарт явсан гурван эмэгтэй, нэг эрэгтэй сураггүй болсон. Тухайн үед ар гэрийнх нь хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сум руу хөөрч, сураггүй болсон иргэдийг эсэн мэнд авчирсан билээ. Нислэгийн төлбөрт нийт 20 гаруй сая төгрөг болсон ба ар гэрийнхэн нь хандивын данс нээж байв.
П.СҮРЭН
Холбоотой мэдээ