Хятадын дарга Ши Жиньпиний төрийн эрх барих хугацааг сунгах асуудалтай холбоотойгоор Коммунист намын удирдлагууд өнөөдөр (2021.11.8) хаалттай хаалганы цаана хуралдаж байна. Бээжин хотноо дөрвөн өдөр үргэлжлэх хуралд намын Төв хорооны 400 орчим гишүүн оролцож байгаа аж. Синьхуа агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин хурлыг нээж, намын 100 жилийн түүхэн дэх ажлын тайлан, "аугаа ололт амжилт, түүхэн туршлагын тухай тогтоолын төслийн талаар тайлбар" хийсэн байна. Энэхүү тогтоолын төслийг ирэх онд болох Коммунист намын 20 дахь их хурлаар хэлэлцэн батлах аж.
Намын төв хорооны тогтоол нь Коммунист намын түүхэнд гурав дахь удаагаа батлагдсан тохиолдол болно. Эхний тогтоолыг 1945 онд Мао Зедуны үед баталсан нь түүнийг дөрвөн жилийн хугацаагаар эрх мэдлээ батжуулахад тусалжээ. Хоёр дахь тогтоолыг 1981 онд Дэн Сяопин эдийн засгийн шинэчлэлтийг эхлүүлж, Мао Зедуны алдаатай бодлогуудыг хүлээн зөвшөөрөх зорилгоор баталж байв. Харин гурав дахь тогтоол нь Ши Жиньпиний 10 жилийн хугацаатай хоёр удаа хаасан бүрэн эрхийн хугацаа нь дуусч буйтай давхцаж буй тул түүнийг эрх мэдлээ бэхжүүлэхэд ашиглана гэж харж байна. Тэрбээр 2018 онд Хятадын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бүрэн эрхийн хугацаагаа нэмэгдүүлсэн бөгөөд одоогоор Ши Жиньпиний орыг залгах хүн тодроогүй байгаа. Тиймээс түүнийг наанадаж 2047 оныг хүртэл Хятад улсыг удирдана гэж таамаглаж байна.
Түүнчлэн 2022 онд болох намын их хуралд Ши Жиньпин гурав дахь удаагаа үргэлжлүүлэн Хятадын даргаар ажиллахаа зарлана гэж ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр Мао Зедунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч хэмээгдэж буй. Ши Жиньпин Хятадын төрийг удирдах хугацаандаа авлигын эсрэг өргөн хүрээтэй ажлыг хэрэгжүүлж, Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконгод эрх ашгаа хамгаалсан түрэмгий бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ "Ши Жиньпиний бодол" гэж нэрлэгдсэн өөрийн улс төрийн онолыг дунд сургуулийн сурагчдын хөтөлбөрт оруулсан нь түүхийг өөрчлөх оролдлого хэмээн шүүмжлүүлэх болсон.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ