Засгийн газраас өргөн барьсан 2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. УИХ ирэх оны улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой юм. Ирэх оны улсын төсөвт хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах зардал мөнгийг нь суулгаж өгсөн. 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхий захирагч нарын зардалд тусгаснаар Хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Дээрх хоёр яамны сайд хэн болох нь улс төрийн хүрээний анхаарлыг идэж татаж буй. Хэвлэлээр ч элдэв таамаг мэдээлэл ч гарч байгаа. Тэгвэл Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн даргад н.Чинбат нарын нэрс сонсогдож байна. Харин Хөгжлийн сайд нь Уул уурхайн сайд асан Д.Зоригт, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болно гэсэн бор шувуу нисч байна. Ямар ч байсан шинээр байгуулагдах хоёр яамыг толгойлох хүсэлтэй хүмүүсийн хөлд Ардын намын цагаан байр дарагдаж байгаа бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ