Т.Аюурсайханы аюултай төсөл буюу чононд хонио даатгах нь!

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайханы аюултай төсөл буюу чононд хонио даатгах нь!

Т.Аюурсайханы аюултай төсөл буюу чононд хонио даатгах нь!

УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг  өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжжээ. Удахгүй УИХ-аар орж ирэнгүүт МАН-ын 62 хүчээ нэгтгээд хүчиндэх биз. Үүнийг  л жинхэнэ хуульчилсан дээрэм гэхгүй юм бол өөр юуг хэлэх вэ.

Т.Аюурсайхан хуулийн төслөө “Жолооч нарын хохирлыг бодитоор үнэлдэг болно. Одоогоор даатгалын компани дээр 28 шаардлага хангаж байж нөхөн төлбөрөө авдаг. Авахдаа хагас дутуу чирэгдэлтэй авч байна. Давхар цагдаа торгодог учир авдаггүй. Үүнийг арилгана. Мөн хуулийн төсөл зам тээврийн ослыг бууруулна” гэж тайлбарлажээ. Уншихад, сонсоход уярмаар сайхан тайлбар санж.  Авчиг зальт шар үнэг хэрээнээс бяслагийг нь хэрхэн хошгируулж авдаг тухай үлгэрийг сана. Үлгэрээс авах юм их бий, үлгэрээс сурах зүйл ч их бий.

 Тэгээд ч өмнөх сангуудын хөрөнгө, мөнгө юу боллоо, Гөлгөө яалаа даа. Жишээ нь, МАН-ынхны жигд хүртээмжтэй хуваагаад идчихсэн ЖДҮ-гийн хэрэг байна. Нэмээд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг  хэн хэрхэн цөлмөсөн билээ.

“Капитал” банкинд хадгалуулж байсан нийгмийн даатгалын 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын 134.8 тэрбум төгрөгөө төр өнөөг хүртэл олж аваагүй байгаа. Б.Ундармааг ЖДҮХС-аас авсан зээлээ зориулалтын бусаар “ашигласан” гэж шүүх буруутгасан болохоос түүний “алга болгосон” НДС-ийн хөрөнгийн талаар хэн ч хариуцлага хүлээсэнгүй, энэ янзаараа иргэдийн хохь болоод өнгөрөх дэг.

Харамсалтай нь, Б.Ундармаагийн хэрэг хуучраагүй шахам байхад хотын дарга Д.Сумъяабазар дүү Д.Дагвадоржтойгоо нийлээд “идчихсэн” гэх НДС-ийн мөнгөний асуудал бас яригдаад эхэллээ.

Энэ талаар аль зургадугаар сард Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк нь дампуурах эрсдэлтэй байгаа. Гэтэл  Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр НДС-гийн 116.2 тэрбум төгрөг, Чингис хаан банк дээр 198.5 тэрбум төгрөг, нийтдээ 314.7 тэрбум төгрөг байршиж байна. Эрсдэлтэй банкинд нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг байршуулсан нь Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилготой байсан” гэж хардаж байгаагаа мэдэгдсэн.

Эндээс дүгнэвэл, аль дампуурах эрсдэлтэй банкинд НДС болон ЭМД-ын мөнгөн хөрөнгүүдийг санаатайгаар байршуулдаг байж мэдэхээр. Үндсэндээ, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг яагаад дампуурч байгаа эрсдэлтэй банкинд байршуулах зөвшөөрөл өгсөн Үндэсний зөвлөлүүдийг ч шалгах ёстой. Задарснаа засаглаж чаддаг төр мөн бол шүү дээ.

Эрүүл мэндийн даатгалын сан ч мөн адил “шавхагдчихсан”.  2021 онд Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1.2 их наяд төгрөг төсөвлөгдсөнөөс 900 тэрбумыг нь зарцуулсан байдаг. Өнгөрсөн зургадугаар сард Ковидын хуулийг хэлэлцэх үеэр “Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зарцуулбал С.Энхболд та шоронд орно шүү” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сануулж байсан удаатай. Гэхдээ мэдээж, сангийн мөнгө цөлмөсөн гээд шоронд ордог хүн байдаггүй л дээ.

Тэгэхээр албан журмын даатгалын мөнгийг Т.Аюурсайханы санаачилсан төслөөр төр авчихвал ахиад хэн нэгэн албан тушаалтны ах дүү, хамаатан садны “хоол” болно гэсэн үг. Алга болох эрсдэлтэй хөрөнгө төдийгүй ард түмэн асуудлаа авлига хээл хахуулиар шийддэг болж магадгүй.

Хэзээ байтлаа Монголын төрийн ажил авлига, арын хаалгагүй, хүнд сурталгүй хөнгөн шуурхай явагдаж байлаа даа. Албан журмын даатгалаар хохирлоо барагдуулах гэж төрийн албан хаагчдыг царайчилж, өмнө нь бөхөлзөхөд хүрнэ.  Ар өврийн хаалгатай нэг нь арай өндөр нөхөн төлбөр авдаг болно. Т.Аюурсайханы ах дүү нар ажил албатай ч  болох биз.

  “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Нямдорж дээрэмдэж авчхаад ард түмний өмч боллоо гэсэн, үнэндээ Ардын намын дарга нарын “саалийн үнээ”, шахааны газар болж хувирсан шүү дээ. Тэгэхээр Т.Аюурсайханы төсөл аюултай бөгөөд чононд хонио даатгахтай адилхан гэсэн үг. Түүнээс зам тээврийн ослыг бууруулна, иргэдэд чирэгдэлгүй болно гэвэл үлгэр, үлгэр. Үлгэрт хүүхэд ч хууртагдахаа больсон цаг шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж