“Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргээр шалгаж буй. Тодруулбал, Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгч, хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй аж.
Уг хэрэгтэй холбоотойгоор холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.
"САЛБАР ЯАМНЫ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР НОМЫН САН ЯМАР Ч ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ ХИЙДЭГГҮЙ"
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:
-Өндөр гэгээн Занабазарын таван дэвтрийг хэвлүүлэх талаар Үндэсний төв номын сан, Түүх археологийн хүрээлэн гэрээ байгуулсан. Соёлын яам нь соёлын биет өвийн өмчлөгч байгууллага. Үндэсний номын сан бол хадгалах үүрэгтэй байгууллага. Салбар яамны зөвшөөрөлгүйгээр номын сан ямар ч гэрээ хэлцэл хийдэггүй. Бидний зүгээс яамны зөвшөөрлийн дагуу Өндөр гэгээн Занабазарын намтар эх түүхүүдийг эрдэм шинжилгээний зориулалтаар хэвлэн нийтлэхэд татгалзах зүйлгүй болно гэх зөвшөөрлийг үндэслэн төрийн байгууллагынхаа үүргийг биелүүлсэн. Түүх археологийн хүрээлэнтэй гэрээ хийсэн учраас энэ хэрэгт холбогдоод байх шиг байна. “Чингис хаан” музейн захирал С.Чулууны өмгөөлөгчийн хэлж байгаагаар “Хоёр жилийн өмнө энэ асуудлыг ярьж байсан. Бид бүх холбогдох баримтуудаа гаргаж өгсөн ч гурван шатны прокуророос ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн” гэсэн.
Өндөр гэгээн Занабазарын намтар өмнө нь яг энэ байдлаар хэвлэгдэж байсан юм билээ. Огт хэвлэгдэж байгаагүй түүхэн эх сурвалж биш. Богд хааны 150 жилийн ойн үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эдгээр эхүүдийг хэвлэсэн. Хамгийн гол нь эдгээр түүхэн эх сурвалжуудыг Хятадад хэвлүүлж, өндөр үнээр зарж, ашиг олсон байж болзошгүй. Тэр ашгаас нь Үндэсний номын сан хүртсэн үү гэдгийг шалгаж байгаа юм билээ. Үндэсний номын санг үүсгэн байгуулсаны 100 жилийн ойн босгон дээр ийм мэдээлэл гаргаж, хувь хүн болон албан байгууллагын нэр хүндэд халдаж байна.
Өндөр гэгээн Занабазарын намтар нь 1924 онд Богд хааны номын сангаас Судар бичгийн хүрээлэнд шилжсэн үеэс өдийг болтол хадгалагдаж буй аж.
Хэргийн талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Энэ хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас тодруулах хэрэгтэй” гээд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тухайн үед БСШУЯ-ны Соёлын газрын даргаар ажиллаж байсан Б.Сэргэлэнгээс энэ талаар тодруулахад мөн л мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэрбээр “Энэ хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Номын сангийн тухай хуульд зааснаар эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судалгааны зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тусгасан байдаг. Тэрний дагуу холбогдох хоёр эрдэм шинжилгээний байгууллага хоорондоо гэрээ байгуулж, гэрээний дагуу ямар ажил хийхээ тусгах үүрэгтэй байдаг” гэв.
ТҮҮХЭН ЭХ СУРВАЛЖИЙГ ХЭВЛҮҮЛСЭН БОЛ ҮНДЭСНИЙ НОМЫН САН, ТҮҮХИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН НЭР ДУРДАГДАХ ЁСТОЙ
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр:
"-Хэрвээ Өндөр гэгээн Занабазарын намтрыг хэвлүүлж байгаа бол эрдэм шинжилгээний боловсруулалт хийх ёстой. Хоёрдугаарт, Хятадад хэвлэгдсэн эх дээр Монгол Улсын Үндэсний номын сан юм уу, Түүх археологийн хүрээлэнгийн нэр байх ёстой. Гэтэл Өвөрмонголын Шинжлэх ухаан техникийн улсын хороо гэсэн нэртэй, “Ардын их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэв” гээд зөвхөн С.Чулуун, Б.Оюунбилэг гэсэн зохиогчтой гаргаж байгаа нь Монгол Улсын оюуны өмчийн эрх зүйг зөрчиж байна. Уг түүхэн эх сурвалжийг хэвлүүлж байгаа бол Үндэсний номын сан, Түүхийн хүрээлэнгийн нэр дурдагдах ёстой. Мөн Үндэсний номын сангийн ашиг хуваах гэрээ нь хаана байна. Албан ёсны үнэ нь 1200 юань буюу 578 мянган төгрөг гэсэн үг. Одоо бүр 1 сая 400 мянган төгрөгийн үнэ хүрч байна лээ. Үүнээс орж ирж буй ашиг хаана байна вэ. Гэрээ нь байна уу. Энэ зөрчлийг шалгаж өгнө үү гэж би хоёр жилийн өмнө гомдол гаргасан.
Ингэхдээ тэмдэгтийн хураамж, зөвшөөрөл, хуудас бүрт баталгаажуулсан тамга байх ёстой гээд олон журмыг зөрчсөн гэдэг үндэслэлийг гаргасан. Харамсалтай нь, хуулийн байгууллагаас энэ талаар арга хэмжээ аваагүй. Харин энэ удаа Эрүүгийн цагдаагийн албанаас хэргийг мөрдөн шалгаж байгаа нь сайшаалтай. Надаас мэдүүлэг авахаар бол очиход бэлэн байна.
Хоёр жилийн өмнө С.Чулуун архиваас Манжийн үед холбогдох 640 мянган хуудас материалыг ямар ч хураамж төлөлгүйгээр хуулбарлаж, Хятадын талд хүлээлгэж өгсөн. Хятадын тал нь үүний 10 мянган хуудсыг 20 боть болгон хэвлэхдээ 2800 ам.доллар буюу долоон сая төгрөгөөр худалдаалж байна. Гэрээ байгуулж хэвлүүлэхдээ Монгол талаас ямар ч ашиг хүртэх талаар дурдаагүй бөгөөд зохиогчийн эрхийг Монгол, Хятад хоёр тал хамтран эзэмшинэ гэж заасан байгаа нь Монгол Улсын холбогдох хууль дүрмийг илтэд зөрчсөн" гэв.
Холбоотой мэдээ