-685 дугаартай үйлчлүүлэгч гурав дугаарын цонхонд очно уу! хэмээн чанга яригчаар зарлана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өнөөдрийн үзлэгийн цагийн дугаар олголт эхлээд хоёр цаг болж байгаа ч эмнэлгийн угтах хэсэгт багшралдсан олон хүн хүлээж зогсоно. Бүгд ууртай харагдах бөгөөд өвдөж, зовж шаналсан эрхэндээ улсын эмнэлгийн очерыг үг сөрөхгүй хүлээж буй нь энэ юм.
Өндөр өртөгтэй шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай иргэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдлэхийг хүсдэг. Харамсалтай нь, зардал өндөр шинжилгээг улсын болон хувийн хэдхэн эмнэлэгт авдаг төдийгүй даатгалаар хөнгөлөх нь гарын таван хуруунд багтана. Тэдгээрийн нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг.
Эмнэлгийн хэмжээнд ганц байдаг компьютер оношлогооны аппарат нь эвдрээд гурван сар болж байгаа ч засварлаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй байгаад иргэд бухимдаж байгаа юм.
Хэн ч өвдөх эрхтэй. Тэр дундаа улсад Эрүүл мэндийн даатгал тушааж байгаа иргэн шаардлагатай үед улсын эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нь зүйн хэрэг. Гэсэн ч иргэд Эрүүл мэндийн даатгал төлдөг байсан ч улсын томоохон эмнэлэгт өндөр өртөгтэй бүхий шинжилгээнд орох гэж хамгийн багадаа сарын дараах дугаар авч үзүүлдэг байсан. Харин одоо тус эмнэлгийн томографийн аппарат эвдэрснээс болж нэг ч хүнийг үзэхгүй байгаа аж. Горьдлого тасрахгүй хоёр сарын турш тус аппарат ажилд орсон эсэхийг тасралтгүй залгаж асуусан хүн ч бий тухай цахим бүртгэлийн ажилтан хэллээ. Өндөр үнэтэй шинжилгээнд хувийн эмнэлэгт орох боломжтой ч санхүүгийн боломжгүйгээс тус төхөөрөмжийг хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Учир нь томографикийн аппарат нь эвдрэхээс өмнө хоногт 30 хүртэлх хүн, Covid-19-өөс шалтгаалж ачаалал нь нэмэгдэж өдөрт 60-70 хүн үзэж байсан гэдгийг тус эмнэлгийнхний зүгээс хэлж байв.
КОМПЬЮТЕР ОНОШИЛГООНЫ АППАРАТЫГ ЗАСВАРЛААД “ГАНЦ” Л ӨДӨР АЖЛААД ДАХИН ЭВДЭРСЭН
Томографийн оношилгооны аппаратыг засварлах хүртэл иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай иргэд улсын эмнэлгийн 21-ээс дээш хоногийн дараах оочерыг хүлээхэд хүндрэлтэй учир арга буюу хувийн эмнэлгийг сонгодог. Харамсалтай нь, төлбөрийн чадамжгүй олон хүний эрх ашиг зөрчигдсөөр л байна. Нөгөө талаар мэдээлэл хангалттай авч чадахгүй байгаа хүмүүс хохирч байна.
Компьютер томографын шинжилгээ нь багцалсан рентген цацрагийг хүний биеэр нэвтрүүлэн толгой, цээжний хөндий, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүд, яс, цусны судас зэргийг илүү нарийн тод ялгаралтай харуулдаг оношилгоо. Тиймдээ ч өртөг өндөртэй.
Нэгдүгээр төв эмнэлгийн зүгээс “Томограф ажиллахгүй болоод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Манайх хэвийн нөхцөлд өдөрт 25-30 хүн үздэг байсан. Харин Covid-19 нэмэгдсэнээс өдөрт 65-70 хүн үзэж байсан. Үүнээс болоод аппаратын серверт доголдол үүсч эвдэрсэн. Сервер хариуцсан компаниар "Саммит" гэх байгууллага ажилладаг. Манай эмнэлэгт “PHILIPS” фирмийн “Brillanсе” маркийн компьютер томографийн аппаратыг ашигладаг. Хариуцагч компанийн зүгээс засвар хийхэд шаардлагатай зүйлс гааль дээр гацсан гэх шалтгаанаар удааширсан. Хэд хоногийн өмнө засвар дуусгаад ажилд оруулсан ч нэг хоног ажлуулаад л дахин эвдэрсэн. Гэхдээ ойрын хугацаанд яаралтай засварлахаар ажилаллаж байгаа” гэх мэдээллийг өглөө. Хил гааль дээр шаардлагатай бүтээгдэхүүн нь гацсан ч гурван сар хүндрэл учруулна гэд бол утгагүй. Тиймээс сервер хариуцсан компаний ч хариуцлага энд мөн яригдаж байгаа юм.
НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ГАНЦ АППАРАТ ЭВДЭРЭХ НЬ ТИЙМ Ч ТОМ АСУУДАЛ БИШ
Хэдийгээр нэгдүгээр эмнэлгийн аппарат нь эвдэрсэн ч өөр томоохон эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр тус оношлогоонд хамрагдах боломжтой гэсэн учраас ЭМДЕГ-аас тодрууллаа. Толгой, хүзүүний тодосгогчтой болон тодосгогчгүй, цээжний хөндийн тодосгогчтой болон тодосгогчгүй, хэвлийн хөндийн тодосгогчтой болон тодосгогчгүй, дээд, доод мөчний болон нурууны компьютер томограф гэх мэтчилэн хэсэгчилсэн олон төрлийн оношлогоог хийдэг байна. Тодосгогчтой болон тодосгогчгүй гэдгээс хамаарч үнэ нь ч өөр байдаг байна. Тухайлбал, тодосгогч бодистой хэсэгчилсэн зураг нь 290 мянган төгрөгөөс дээш бол тодосгогчгүй нь 130 мянган төгрөгөөс дээш байна. Бодис хэрэглэх нь хорт хавдар, хоргүй хавдрыг ялган оношилгоо хийх, судасны эмгэгүүдийг ялган оношилгоо мөн шээс ялгаруулах замд саатал байгаа эсэх, түвшинг тодорхойлоход чухал аж.
Өндөр өртөгтэй шинжилгээ оношилгоонд хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэ төлбөргүй ордог бол эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн даатгалаас 75 хувийг хөнгөлүүлэх боломжтой байдаг. Ихэнх хүн энэ талаар мэдээлэлгүй байдгийн улмаас төлбөрийг бүрэн төлж оношилгоо хийлгэдэг байна.
Хөнгөлөлттэй үнээр үзлэг оношилгоо хийлгэж болох ч иргэд эрүүл мэндийн даатгалаар сэтгэлд нийцсэн үйлчилгээ авдаггүйд бухимдалтай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд хувийн болон улсын хэвшлийн томоохон 10 гаруй эмнэлэгт томографийн шинжилгээ хийдэг. Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, "Мөнгөн гүүр", "Сонгдо", "Интермед" гэх мэтчилэн. Тиймээс ганц нэгдүгээр төв эмнэлгийн аппарат эвдэрсэн нь ачаалал нэмэхгүй, асуудал биш. Иргэд 13А маягтаар дурын эмнэлгтээ үзүүлж болно гэдэг тайлбарыг ЭМДЕГ-аас өгч байгаа ч бодит амьдрал дээр үзлэгийн цаг хүлээсэн иргэд улсын эмнэлгийн үүд сахисаар өдөр хоногийг аргацааж байна. Иргэдээ боддог, хүнлэг энэрэнгүй байж эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлаа яаралтай шийдвэрлэхийг л иргэд хүсч байна. Амьгүй аппаратаа засварласан ч “ГАНЦ” хоногийн настай байна гэдгийг гаднынхан сонсвол гайхах байлгүй дээ Эрүүл мэндийн яамныхаан. Нэг ч гэсэн улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг засварлахад Covid-19-өөс илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ