Ардчилсан намаас өнгөрөгч баасан гаригт болсон Онц их хурлын асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хурлын эхэнд намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН нэг талдаа гарсан. Шинэ удирдлагын багтай болж, туршлагатай багаар хүч сэлбэсэн” гэдгийг тодотгов.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Их хурлаа хийж асуудлаа шийдвэрлэсэн. Онц их хурал зуун хувийн ирцтэй явагдсан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрөгч хугацаанд биеэр уулзалдах боломж хомс байсан бол, энэ удаагийн хурал илүү чөлөөтэй хуралдлаа.
Энэхүү хурлаар АН-ын дотоод маргаанд цэг тавигдлаа. Хуралд оролцсон лидерүүд АН-ын дотоод асуудлыг шүүх, эрх баригчид шийдэхгүй гэдгийг хэллээ. Тиймээс энэнээс цааш АН дотоод хэрүүл маргаанаа дахиж ярихгүй. АН засаг төрийг барилцаж, үзэл санааны шинэчлэл хийсэн намынхаа хувьд иргэний талд зогсож, хөгжлийнхөө төлөө сөрөг хүчин байж ажиллана. Иймээс ардчилалд хайртай монголчуудынхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллая гэдэг шийдвэрт хүрсэн. АН-ын Ерөнхий нарын бичгийн даргаар Л.Гантөмөр томилогдож, бидний саналыг хүлээн авсан. Хуулийн шинэчлэлийн төлөө зоригтой дуугардаг, сайд асан Х.Тэмүүжин мөн хамтарч ажиллахаар боллоо. Сэтгэл шулуудаж, олон намын нөхдүүд саналыг хүлээж авсанд туйлын баяртай байна. Нөгөө талд байгаа нөхдүүдэд үүд хаалга нээлттэй байгаа шүү. Та бүхнийг урин залсаар байгаа. Монголын ардчилал улам бадрах болтугай.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр:
-2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирснийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэж эхэлдэг. АН-ын нөхөд бид хоёр жилийг алдчихаад байна. Илүү өргөн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль илүү ээдрээтэй харагдаж байна. Бид хоцорсон ч араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын улмаас олон айлын амьдрал сүйрч, бизнесээ хаалгаж, ажилгүй болсон. Бид илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. Олныг хамарсан ядуурал, ажилгүйдэл ямар дүр дүн авчрах вэ гэдгийг харж байгаа. Хоёр зүйлд анхаарч ажиллана. Ингэхдээ судалгааны байгууллагатай хамтарна. Энэ одоо хоногт судалгааны байгууллагуудтай уулзаж, судалгаанд суурилсан бодлого гаргана. АН-ын бүлгээ бид дэмжиж ажиллана. Бүлгийн гишүүд өнөөгийн байдлыг өөрчлөхүйц хуулийг санаачилна. Бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс Бодлогын хүрээлэн байгуулж, бодлого гаргаж ирж чадахуйц хүмүүстэй хамтарч ажиллах юм. АН 145 суманд засаглаж байгаа.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахад АН тодорхой байр суурийг илэрхийлж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд найман жил гэдэг асуудал байгаа. Тухайн зүйл заалттай холбогдуулж найман жил гар хүрэхгүй гэдэг зарчим байдаг. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн зарчим байхгүй. Өөр бусад зүйл заалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно шүү дээ. АН-ын байр суурь маш тодорхой байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олонх ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулна гэвэл бид дөрвөн юманд эсрэг зогсоно. Нэг нь хүний эрхийг дордуулсан өөрчлөлт Үндсэн хуульд ямар нэгэн аргаар орж болохгүй гэдгийг өмнө хэлж байсан. Хоёрдугаарт, эрх мэдлийн хуваарилалт алдагдуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэвэл АН үүний эсрэг байнга зогсоно. Хүний эрхийн баталгаа бол эрх мэдэл хуваарилалт байдаг учраас нэг, хоёр дах зарчим дээр хатуу зогсохоос өөр аргагүй. Гуравт нь үндэсний тусгаар тогтнол Монгол Улсын суурь эрх ашигтай холбоотой асуудлуудад Үндсэн хуулийн өөрчлөлт таагүй үр дүн гарах бол бид эсрэг зогсохоос өөр аргагүй. Дөрөвт нь Үндсэн хуулийн хүч чадлыг сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг зогсоно. Өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр АН-аас санал болгосон сонгуулийн холимог тогтолцоо буюу гээгдэг, үгүйсгэгддэг тогтолцооноос салах ёстой. Иргэд дуу хоолойгоо жигд төлөөллийн байгууллагадаа хүргэж байхын тулд холимог тогтолцоо зайлшгүй байх ёстой.