SURGE: Эрчим хүчний хомсдолыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

SURGE: Эрчим хүчний хомсдолыг шийднэ

Эрчим хүчний зохицуулах хорооны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 7-8 хувиар өсдөг. Харин дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жил тутам 6-7 хувиар тэлдэг гэх тооцоо бий. COVID-19 цар тахлын улмаас цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэснээс хойш буюу 2020 оны арванхоёрдугаар сараас ачаалал нь огцом өсөж, Монгол Улсын хэмжээнд суурилагдсан хүчин чадлыг чинээнд нь тултал ашиглаж буй. 2020 онд эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдэж, 8,851.3 сая кВт.цагт хүрсэн байгаа юм. Үүний 80.7 хувь буюу 7,145.7 сая кВт.цаг эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээс хангасан бол үлдсэн 19.3 хувийг нь 14 дэд станцаар дамжуулан импортоор худапдан авчээ. Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авсан байгаа юм.

Эрчим хүчний голлох эх үүсвэр болох дэлхийн нүүрсний нийт нөөцийн 10 хувийг агуулдаг, мөн Зүүн Хойд Азийн орнуудыг бүхэлд нь хангахуйц сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй гэгддэг Монгол Улсын хувьд олон арван жилийн уртад импортын эрчим хүчнээс хамааралтай байж ирсэн. Үйлдвэрлэж буй эрчим хүчнийх нь хэмжээ хэрэглээнийхээ өсөлтийг хангаж дийлдэггүй дүр зураг өнгөрсөн жилүүдэд ч ажиглагдсаар ирсэн юм. Үндэсний аюулгүй, бие даасан байдалд стратегийн ач холбогдолтой хэмээн тодотгодог эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд томоохон хүчин чадал бүхий эрчим хүчний эх үүсвэрийг богино хугацаанд байгуулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, хэрэглээний өсөлтийг хангах шаардлага тулгамдаад байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрсөн дөрөвдүгээр сард онцолсон байдаг.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт 2023 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр, харин 2030 он гэхэд Зүүн Хойд Азийн орнуудад цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох амбицыг тодорхойлсон байдаг. Гэхдээ дунд хугацааны бодлогын энэхүү баримт бичигт дурдсан зорилт хэрэгжих бололцоо өнөөдрийн байдлаар хомс байгааг дээр дурдсан статистик харуулна.

Тэгвэл блокчэйн технологид суурилсан, төвлөрсөн бус арилжаагаар эрчим хүчийг солилцох боломж тун удахгүй Монголд бий болох гэж буйг энд тодотгоё. SURGE хэмээн товчхон томьёологдож буй энэхүү төсөл нь блокчэйн технологи, төвлөрсөн бус санхүүгийн систем (DeFi), Засгийн газраас баримталж буй эрчим хүчний бодлого, уламжлалт дэд бүтцийн санхүүжилтийн огтлолцол дээр суурилах агаад эхний ээлжинд Монгол нутгийн Увс, Баян-Өлгий, Ховд аймаг, улмаар Монгол Улсыг эрчим хүчний хувьд бие даасан, хараат бус болгоход чиглэж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор Шанагын нүүрсний уурхайг түшиглэн “Баруун Монгол Энержи” компани 60 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Улаангом хотод байгуулахаар зэхэж буй мэдээлэл өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудаснаа гараад өнгөрсөн билээ. Хүрэн болон ногоон эрчим хүчний нөөцөөр дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг ч нийт хэрэглээнийхээ 20 хувийг хөрш орнуудаасаа импортолдог Монгол Улсыг эрчим хүчний хувьд хараат бус болгоход чиглэсэн SURGE төслийн эхний алхам нь энэ. Өмнө дурдсан баруун бүсийн гурван аймаг өдгөө зөвхөн хэрэглээний зориулалтаар ОХУ-аас жилд 28 мВт эрчим хүч авдаг бөгөөд энэ бүс нутагт аж үйлдвэржилт хараахан хөгжөөгүй, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар сул байдаг нь эрчим хүчний хомсдолтой холбоотой. Тийм ч учраас SURGE цахилгаан станцыг 2022 оны тавдугаар сараас эхлэн байгуулж, 24 сарын хугацаанд ашиглалтад хүлээн авахаар зэхэж буй.

SURGE цахилгаан станц нь олон арван жилийн турш ОХУ болон БНХАУ-аас эрчим хүчний хувьд хамааралтай байсан Монгол Улсад цахилгааны бие даасан, тогтвортой үйлдвэрлэлийг хангахад чиглэж буй юм. Монгол Улсын Засгийн газраас “Баруун Монгол Энержи” компанитай 2016 онд байгуулсан Концессын гэрээний дагуу баригдах зөвхөн энэ станцаар SURGE төслийн цар хүрээ хязгаарлагдахгүй. Уг станцын үйлдвэрлэх эрчим хүчээр баталгаажсан токен зах зээлд нэвтрүүлж, эрчим хүчний төвлөрсөн бус арилжаа хийх, блокчэйн технологид суурилсан WATT хэмээх платформыг тэд нэвтрүүлэхээр зэхэж байна. Эрчим хүчийг шууд (P2P) арилжихад чиглэгдсэн энэхүү платформ нь SURGE цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүч болон түүгээр баталгаажсан токеноор дамжуулан ил тод, тэгш хүртээмж бүхий эрчим хүчний зах зээлийг бүрдүүлэх бололцоог бий болгох юм. Улмаар зөвхөн SURGE төдийгүй өргөн цар хүрээ бүхий эрчим хүчний боломжит бусад эх үүсвэрээс цахилгаан нийлүүлэх бололцоог бүрдүүлэх бөгөөд эрчим хүчний хангалттай нөөц бүхий сүлжээнүүдээс цахилгааны нэмэлт шаардлага бүхий хэрэглэгчдэд нэг эх үүсвэрт найдахгүйгээр шууд хуваарилах үр ашигтай шийдлийг бий болгох аж.

Товчхондоо, SURGE эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэржилт болон орон нутгийн хөгжил, санхүүгийн арчиллыг сайжруулахад чиглэсэн гэдгийг төслийн санаачлагчид тэмдэглэж буй юм. Дэд бүтцийн уламжлалт төслүүдэд, ялангуяа эрчим хүчний салбарт дэлхийн түвшний, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг нэвтрүүлж буй энэхүү төслийн тухай мэдээлэл тун удахгүй та бүхэнд дэлгэрэнгүй хүрэх болно.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг surge.codes вэбсайтаас үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж