Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг Байден аварч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг Байден аварч чадах уу?

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг Байден аварч чадах уу?

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг сэргээн байгуулахаар Вашингтон, Тегераны тал хэлэлцэж байна. Аль Багхери Канигаар ахлуулсан Тегераны талаас цөмийн хөтөлбөрийн гэрээг сэргээх хэлэлцээг энэ арваннэгдүгээр сарын 29-нд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Талуудын зургаа дахь удаагийн яриа хэлэлцээ өнгөрсөн зургадугаар сард өндөрлөсөн. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг “маш муу” хэмээн онцолж, 2018 онд зургаан талт гэрээнээс гарах шийдвэр гаргасан. Харин АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден өмнөх төрийн тэргүүн Дональд Трампын шийдвэрийг залруулахаа мэдэгдсэн билээ.

Сүүлийн хэдэн сарын турш Ираны талаас хэлэлцээг удаашруулах тактик барьж, цөмийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлсэн. Үүнд АНУ-ын талаас хэлэлцээрийг сэргээхэд хугацаа дуусч байгааг удаа дараа анхааруулж, Вашингтон “В” төлөвлөгөөндөө шилжихээ мэдэгдсэн. Хоёр талын яриа хэлэлцээний гол асуудлууд нь хоригоо цуцлах, Олон улсын атомын энергийн агентлаг хянах, урт хугацаанд гэрээг хэрэгжүүлэхийг батламжлах, шат дараатай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх зэрэг байна. Ираны тал яриа хэлэлцээнд эхнээсээ хатуу байр суурь барьж, АНУ-ыг түрүүлж алхам хийхийг шахаж байгаа юм. АНУ нь 2018 оноос хойш Ираны эсрэг тавьсан хоригоо бүрэн сэргээсэн. Тиймээс Ираны талаас хэлэлцээ хийх хүсэлтээ батлахын тулд АНУ-ыг түрүүлж эдийн засгийн хоригоо сулруулахыг шаардаж байна. Түүнчлэн Иран нь АНУ-ын өөр нэг ерөнхийлөгч гэрээг дахин цуцалбал эдийн засагт учрах шокоос хамгаалагдахыг хүсч байгаа аж. Харин Жо Байден өнгөрсөн сард энэ талаар мэдэгдэхдээ “Миний дараагийн ерөнхийлөгч ямар шийдвэр гаргахыг батлах боломжгүй” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний хэлэлцээтэй холбоотой хэд хэдэн чухал үйл явдал болсон. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард Ираны цөмийн шинжлэх ухаанч Мохсен Фахризадехийг хөнөөсний дараа Тегеран 20 хувь баяжуулсан уран үйлдвэрлэж эхэлсэн. Дараа нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас ураны баяжуулалтыг 60 хувьд хүргэсэн. Эцэст нь өнгөрсөн наймдугаар сар гэхэд Ираны баяжуулсан ураны нөөц 2441 кг хүрч, цөмийн хөтөлбөрийн гэрээгээр хориглосон хэмжээг давжээ.

Үүнээс гадна Олон улсын атомын энергийн агентлаг энэ онд Ираны цөмийн үйлдвэрүүдэд шалгалт хийхтэй холбоотой зөрчил үүссэн. Ираны талаас тус агентлагийн хяналт хийх хугацаа өнгөрсөн наймдугаар сард дууссан хэмээн шинжээгчдийг нэвтрүүлэхээс татгалзсан аж.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц болон Герман гэсэн зургаан том гүрэн 2015 оны долдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /Ираны цөмийн хэлэлцээр/ гэдэг нэртэй гэрээг байгуулсан юм. Тохиролцоо ёсоор, Ираны тал цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, уг хөтөлбөрийг олон улсын хяналтад оруулсны хариуд НҮБ, АНУ, Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хоригоо цуцалсан ба цөмийн хэлэлцээр 2016 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Гэрээнд зааснаар, Иран улс цөөн тооны центрифугийг өөртөө авч үлдээд, тэдгээрийг энхийн зорилгоор ашиглах бөгөөд эдгээр центрфугийг ашиглан гаргаж авсан бага хувиар баяжуулсан уран нь Иран улс цөмийн зэвсэг бүтээх боломжгүй гэдгийн баталгаа болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж