Нийслэлд газрын маргаантай холбоотой асуудал хэзээ ч “шийдлээ олдоггүй”. Эцэс төгсгөлгүй газрын “асуудал” өнөөдөр ч нийгмийн эмзэг сэдэв гэхэд хилсдэхгүй. Үүний нэг нь газар чөлөөлөлт. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөхийн цаана ашиг сонирхол ч нуугдах нь бий.
Тэгвэл иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нэрийн дор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар чөлөөлөх “аян”-ыг өрнүүлээд байна. Тэрбээр өмнө нь зөвшөөрөлгүй, хууль бус олгосон газруудыг чөлөөлж нийтийн эдэлбэр болгосон бол одоо ашиглаагүй удсан газруудыг төр буцаан авахаар болсныг мэдэгдэв. Энэ сарын 4-ны Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сүүлийн хоёр жил ашиглаагүй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг хотын дарга албаны хүмүүст үүрэг болгожээ. Мөн барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй газрын гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Ийм аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байдаг аж. Мөн 32 нэгж талбарт сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна.
Газрын тухай хуулийн мөн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол эзэмшил газрыг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Өмнө нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2021 оны А/250 дугаар захирамжаар гараашуудыг буулгаж, нийтийн эдэлбэр газар болгох ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт олон жил болсон тоосгон гараашуудыг нурааж, чөлөөлсөн. Гэсэн ч эох ашгийн сонирхол, газрын наймааны бизнес үе үеийн хотын дарга, нийслэлийн удирдлагуудаар дамжин далдуур цэцэглэж ирсэн нь өнөөдрийн зохион байгуулалт муутай хотын төвийн барилгуудыг хэлж болно.
Холбоотой мэдээ