Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Сербийн нийслэл Белградад болж өчигдөр/2021.11.07/ өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Н.Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр эхний барилдаандаа Беларусийн тамирчин Ислам Гуйсеновыг 8:2-оор, хоёр дахь барилдаандаа Ираны бөх Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын тамирчин Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Оросын бөх Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсов.
Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээн эхлээд удаагүй байхад эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн билээ.
Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Н.Наранхүүгийн төрсөн ах ОУХМ Н.Насанбуян 2014 онд өсвөр үеийн, 2017 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.
Мөн М.Мөнхгэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд тавдугаар байрт оров. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн тамирчин Зенеп Йетгилд аргагүй туршлага дутан 3:8-аар ялагдлаа. Эрэгтэй бөхчүүдээс өнөөдөр барилдсан Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), Б.Сундуйжадамба (70 кг), Д.Батзул (79 кг) нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.