Бакугийн Их дуулгаас Монгол тамирчид 6 медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Бакугийн Их дуулгаас Монгол тамирчид 6 медаль хүртэв

Бакугийн Их дуулгаас Монгол тамирчид 6 медаль хүртэв

Бакугийн Их дуулга гурван өдрийн турш амжилттай болж, өчигдөр/2021.11.07/ өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 29 орны 195 жүдоч өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлөн 22 тамирчин оролцсон. Тэмцээний эхний өдөр дараах тамирчид барилдаж, Б.Хорлоодой хүрэл медаль хүртэж, Э.Сумъяабазар, Г.Наранцэцэг нар шагналт тавдугаар байрт орсон.


Эрэгтэй -60 кг

  • Э.Ариунболд эхний тойрогтоо Азербайжаны тамирчин Ахмад Юсифовд ялагдсан.
  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо Канадын  бөх Жоэл Демаерыг, дараа нь Ахмад Юсифовыг ялж, хагас шигшээд шалгарсан. Гэвч мөнгөн медалийн төлөө Гүржийн тамирчин Жаба Папинашвилид ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Ровшан Алиевтай барилдаж, мөн ялагдсанаар  шагналт тавдугаар байрт оров.

Эрэгтэй -66 кг

  • Г.Галмандах эхний тойрогтоо Бразилын тамирчин Эрик Такабатакэд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Б.Нармандах эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Молдовын бөх Денис Вьеруд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй -48 кг

  • Б.Баасанхүү эхний тойрогтоо Оросын тамирчин Дариа Пичкалевад ялагджээ.
  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азербайжаны бөх Шафаг Хамидовад ялагдсан. Гэхдээ тэрбээр дагах барилдаандаа Оросын тамирчин Сабина Гилиазоваг ялж, хүрлийн төлөө барилдахаар болов. Харамсалтай нь, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, шагналт тавдугаар байрт оров.

Эмэгтэй -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын тамирчин Анастасия Поликарповад ялагдсан ч дагах барилдаандаа Оросын бөх Лилья Нугаеваг ялжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы тамирчин Анника Вурфелтэй барилдаж, ялсан.

Эмэгтэй -57 кг

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Японы тамирчин Рихо Шибатаг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Японы бөх Момо Тамаокитай барилдаж ялагдсан. Ийнхүү дагах барилдаанаа Бразилын тамирчин Жессика Перьератай хийж ялсан боловч хүрэл медалийн төлөө Германы бөх Паулинье Старкед ялагджээ.

Азербайжаны нэр дээрээс барилдаж буй М.Ичинхорлоо эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.


Тэмцээний хоёр дахь өдөр дараах тамирчид барилдаж, Б.Ганхайч мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар жингийнхээ чансааг тэргүүлсэн учир эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Японы бөх Рёо Цүкамотог, хэсгийн аваргын төлөө Киргизстаны тамирчин Ертур Турдубаев нарыг тус тус ялсан. Харин хагас шигшээд Оросын бөх Махмадбек Махмадбековд ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын тамирчин Аюуб Хажалиевыг яллаа.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Японы бөх Кэн Оёошид ялагдсан.

Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны тамирчин Карим Маммодовыг ялсан ч хоёрдугаар тойрогтоо Молдовын бөх Дорин Готоноагад ялагдсан.
  • Г.Болор-Очир эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Канадын тамирчин Франкоис Гаутьер Драпеауд ялагдсан.

Эмэгтэйчүүдийн -63 кг

  • С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы бөх Мэгүми Хорикавад ялагдсан.
  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Чехийн тамирчин Рената Зачоваг ялсан. Ийнхүү хагас шигшээд Японы бөх Мэгүми Хорикаваг ялж, алтан медалийн төлөө Их Британийн тамирчин Люси Реншалд ялагдан мөнгөн медалийн эзэн болов.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы бөх Жулье Хоэлтерхоффт ялагдсан. Дагах барилдаанаа мөн Германы тамирчин Мириам Буткерейттэй ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тэмцээний гурав дахь өдөр дараах тамирчид өрсөлдөж, А.Адъяасүрэн мөнгө, О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэйчүүдийн –90 кг

  • Б.Тэнгис эхний тойрогтоо АНУ-ын тамирчин Жон Жэйнд ялагдсан.
  • Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Японы бөх Косүкэ Машияамад ялагдсан.

Эрэгтэйчүүдийн –100 кг

  • Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Бразилын тамирчин Андре Хумбертод ялагдсан.
  • О.Хангал эхний тойрогтоо Оросын бөх Ниаз Билаловд ялагдсан.

Эрэгтэйчүүдийн +100 кг

  • О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Туркийн тамирчин Семал Эрдоганыг ялсан. Ийнхүү тэрбээр хагас шигшээд Японы бөх Тацүрү Саитотой мөнгөн медалийн төлөө барилдсан ч ялагдал хүлээн улмаар хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин Тиаго Палминиг ялав.

Эмэгтэйчүүдийн –78 кг

  • Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Германы тамирчин Луис Малзанд ялагдсан.

Эмэгтэйчүүдийн +78 кг

  • А.Адъяасүрэн эхний барилдаандаа Унгарын бөх Мерседез Сзигетвариг, хоёр дахь барилдаандаа Бразилын тамирчин Сибиллиа Факколиг тус тус ялж, алтан медалийн төлөө Германы бөхтэй барилдахаар болсон. Гэвч алтан медалийн төлөөх барилдаанд Германы тамирчин Рини Лухтэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов.

Ийнхүү Монголын баг гурван мөнгө, гурван хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байр, хоёр шагналт долдугаар байр гэсэн амжилттай багийн дүнгээр есдүгээр байр эзлэв. Багийн дүнгээр Япон тэргүүлсэн бол тэдний араас Орос, Герман, Азербайжан зэрэг орнууд удаалжээ. Монголын жүдод дээд жингийн шинэ залуус хүч түрэн гарч ирж байгаагаа харуулж, А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл нар медаль хүртлээ.

Абу Дабигийн Гранд Слам арваннэгдүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж