Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигт өөрийн авьяас чадвар, тоглолтоороо гайхагдаж байсан Фрэнк Лампардын дасгалжуулагчийн замнал сайнгүй байгаа. Том баг дасгалжуулж үзээгүй тэрбээр доод лигийн Дерби Каунти багийг ердөө ганцхан улирал удирдсаныхаа дараа Челсигийн жолоог атгасан ч баг нь түүнд “ахдаж”, 18 сарын дараа халагдсан. Тэгвэл өдгөө ажилгүй байгаа түүнийг Норвич Сити багийг дасгалжуулж магадгүй гэх яриа гарч эхэллээ.
Норвич Сити багийн хувьд өнгөрөгч амралтын өдөр Премьер лигийн 11 дүгээр тойргийн хүрээнд Брэнтфорд багийн талбайд зочлон тоглож, 2-1 гэсэн харьцаатай ялж, улирлын анхны ялалтаа авсан. Гэвч энэхүү тоглолтын дараа багийн удирдлагууд нь ахлах дасгалжуулагч Даниел Фаркэг ажлаас нь чөлөөлж буйг зарласан юм. “Канарын бялзуухайнууд” одоогоор тавхан оноотой Премьер лигийн хүснэгтийн хомоол хамж байна.
Сүүлд гарсан мэдээллээр Лампард, Нуно Эсприто Санто, Стив Брюс, Марк Робинс, Нейл Варнок, Сэм Аллардайс нарын нэрс Норвичийн шинэ дасгалжуулагчийн албан тушаалд яригдаж байгаа бөгөөд хамгийн боломжтой нь Фрэнк Лампард гэнэ.
Энэ жил 43 нас хүрсэн Английн шигшээ болон Челсигийн домогт тоглогч Фрэнк Лампард өнгөрсөн зун “BBC Sport”-д өгсөн ярилцлагадаа “Мэдээж би дасгалжуулагчийн ажлаа болихгүй ээ. Би энэ ажилдаа хайртай. Өөрийгөө сорих ч дуртай. Надад Дерби болон Челсид өнгөрүүлсэн туршлага байна. Зөв цагтаа дасгалжуулагчийн ажилдаа эргэн очихдоо дуртай байх болно. Одоохондоо надад ирсэн ажлын санал алга” хэмээн ярьж байв.
Саяхан Сэм Аллардайс “talkSPORT” радиод өгсөн ярилцлагадаа Фрэнк Лампардыг Ньюкасл Юнайтедыг удирдах хэрэгтэй гэж ярьжээ.
Холбоотой мэдээ