КОЙН: Мөрийтэй тоглоом уу, хөрөнгө оруулалт уу?!

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

КОЙН: Мөрийтэй тоглоом уу, хөрөнгө оруулалт уу?!

КОЙН: Мөрийтэй тоглоом уу, хөрөнгө оруулалт уу?!

Энэ асуулт өнөөдөр монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг талцуулж байна. Минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбумыг босгосноороо IHC койн Монголын санхүүгийн зах зээлийн нэг үзэгдэл болсон билээ. Энэ нь койн гаргаж мөнгө босгох боломжтой юм байна гэх сэдлийг ч төрүүлсэн бололтой, одоогоор Монголд  бие даасан 7 койн гарсан, ар араасаа “мэндлэх”-ээр хүлээгдэж буй койн хэдийнэ 10 хол илүү давжээ. Харин дэлхийд 11 мянган койн бүртгэгдээд байна.

Нэг талаасаа санхүүгийн нэгэн цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, нөгөө талаасаа эдийн засагт трэнд болж буй цахим “үзэгдэл”-д монголчууд нийтдээ  2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улсын хадгаламжийн хэмжээ 19 их наяд төгрөг гэвэл үүний 10 хувь нь цахим мөнгөний зах зээлд эргэлдэж байна гэсэн үг.

Монголд өнөөдөр дөрвөн 4 крипто бирж үйл ажиллагаа явуулж байгаа юм.

  • Үүнээс хамгийн их хэрэглэгчтэй нь, бас хамгийн том мөнгөн дүнтэй арилжаа хийсэн нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн DAX. Энэ оны хагас жилийн байдлаар арилжааны дүн нь 1.2 их наяд. Хэрэглэгчийн тоо нь 500 гаруй мянга.
  • Дараагийнх нь “Ай си ти” группын TRADE. Хэрэглэгчдийн тоо нь 173 мянга. Арилжааны дүн нь хагас жилийнхээр 554 тэрбум.
  • Гуравт нь, “Инфинит Солюшнз”-ийн COMPlEX. Хэрэглэгчид нь 120 мянга, арилжааны дүн нь 19 тэрбум.
  • “Интелмайнд”-ынCOINHUB”-ийн хэрэглэгчид 14 мянга, арилжааны дүн нь 43 тэрбум.

Цоо шинэ “мөнгөний амт”-анд  монголчууд хошуурч байгаа нь хожмоо багагүй хохирол амсах эрсдэлтэй болохыг хялбар аргаар баяжих дондоо хөтлөгдөж хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан гашуун түүхээс жишээлэн сануулах. Нөгөө талаар баталгаагүй, барьцаа хөрөнгөгүйгээр криптод суурилсан бүтээгдэхүүнүүд ирээдүйтэй, уламжлалт санхүүгийн салбарт гарч буй хувьсгал гэж дүгнэх нэг хэсэг нь  байгалийн баялаг болох зэс алт нүүрсээр баталгаажсан койн гаргаж  дэлхийн цахим мөнгөний зах зээлээс хөрөнгө татах боломжтойг тодотгож буй.  

Гэвч, эдийн засгийн, санхүүгийн мэдлэг мэдээлэл багатай монголчуудын хувьд койн болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан гэх санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл бийг анхааруулахад бас илүүдэхгүй. Ямар ч байсан койнд хөрөнгөө оруулаад алдвал эрсдэлийг нь төр хүлээх хууль эрх зүйн зохицуулалтгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос байнга сэрэмжлүүлэх болсон билээ.   Товчхондоо, Монгол төдийгүй дэлхийд цоо шинэ үзэгдэл учраас одоогоор хожвол аз алдвал хохь нь болно гэсэн үг. Койн гаргасан иргэн, аж ахуйн нэгж гэнэт алга болох, серверээ унтраахад төдийд тухайн койныг авсан иргэн мөнгөө алдах аюултай.

Монгол Улс үүнийг зохицуулахаар Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төсөлд зааснаар  зах зээлийн харилцаа буюу виртуал хөрөнгийн өөрийнх нь өсөлт бууралтыг бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах гэнэ.   Төв банкны тайлбараар хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төр хариуцахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид бие дааж шийдвэрээ гаргах аж.  Хуулийн төслийн  гол зорилго нь виртуал хөрөнгө гаргагч, зуучлагч биржүүдийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгджээ. Өөрөөр хэлбэл, хууль батлагдлаа ч та эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөлд төр хариуцахгүй гэдгийг ойлгох ёстой. Харин койн гаргагч нь тодорхой хэдэн үүрэг хүлээхээр болж байгаа аж.

Ингээд энэ удаагийн “НЭГ СЭДЭВ НАЙМАН ЭХ СУРВАЛЖ”-аараа КОЙН: Мөрийтэй тоглоом уу, хөрөнгө оруулалт уу?!сэдвийг хөндөж байна.

ЭХ СУРВАЛЖ 1

Д.Ангар: Койн бол Монгол Улсад ахадсан сэдэв
Эдийн-засагч-Д.-Ангар-2-of-2-580×365

Эдийн засагч, санхүүч Д.Ангартай койн гэж юу болох мөн эдийн засгийн шинэ хувьсал уу эсвэл эрсдэл үү, энэ талаарх зохицуулалтыг хэрхэн, яаж хийх ёстойг ярилцлаа.

-Сүүлийн үед  койн олны анхаарлыг татаж байна. Нэлээд шинэлэг сэдэв учраас койн гэж яг юу болох давуу болон сул талуудынх нь талаар ярилцлагаа эхлэх үү?

-Олон улсад койн маш богино хугацаанд эрчтэй гарч  ирлээ. Нэг ёсондоо улс орныг хуйлруулж байна. Үйлдвэрлэл нь хөгжсөн Англи, Америк, Япон зэрэг улс орнууд койныг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр ашиглах төлөвтэй байна. Америкт гэхэд иргэд нь чекээр төлбөр тооцоогоо хийдэг учраас Азийн орнуудыг бодоход  банкны төлбөр тооцоо хүнд. Тиймээс төлбөр тооцоог хурдасгахын тулд койныг ашглах болсон. Угаасаа койны зорилго  нь үйлдвэрлэл буюу ажил, барааны  төлбөр тооцоог гүйцэтгэхэд чиглэж байна.  Өнөөдрийн байдлаар монголын зах зээлд арав гаруй койн бий. Цаашдаа бараг 100 орчим койн гарах албан бус тоо бий. Гэвч  Монгол Улсын хувьд койн бол ахадсан сэдэв. Эдийн засагч, санхүүч хүний хувьд  харахад монголчууд койн руу орох цаг нь болоогүй гэж бодож байна.

-Яагаад монголчууд койн руу орох цаг болоогүй гэж?

-Би дээр хэлсэнчлэн койны зорилго  нь үйлдвэрлэл буюу ажил, барааны  төлбөр тооцоог хурдасгахад чиглэнэ гэдгийг онцолсон. Тодруулбал, Америкчууд машин үйлдвэрлэж, тэрийгээ зарж нэмүү өртөг бий болж эдийн  засагт бараа ажил үйлчилгээний солилцоо явагдаж байна. Тэрхүү төлбөр тооцоог хялбарчлах, хурдасгах зорилгоор койныг хэрэглэж байна. Америкчууд чек бичээд төлбөр тооцоо хийхэд арав хонодог. Тэрийг койноор хийвэл нэг секунд л шаардагдана. Харин монголд нүүрснээс өөр ямар ч эдийн засаг алга. Монгол Улсын эдийн засгийг нэг үгээр хэлбэл нүүрсээ зараад олсон мөнгөө хувааж иддэг. Өөр ямар ч бодит үйлдвэрлэл байхгүй. Нэмүү өртөг байхгүй.

Монголын банк, санхүүгийн зах зээлийн төлбөр тооцоо нь дэлхийн дунджаас илүү хөгжсөн. Хүн бүр банкны аппликейшнтэй. Мобайл банктай. Иргэд таксины мөнгийг хүртэл  мобайлаар шилжүүлж байна. Гэвч бидэнд койны суурь болох үйлдвэрлэл байхгүй. Аливаа зүйлд зорилго, үндэслэл байх ёстой. Тэгэхээр койн монголд юуг шийдвэрлэх гээд байгаа нь тодорхойгүй. Үйлдвэрлэл байхгүй, төлбөр тооцоо нь хангалттай сайн хөгжсөн монголын хувьд койн, крипто зах зээлийн ямарч орон зай байхгүй. Тиймээс койн бол Монгол Улсад ахадсан сэдэв.

-Койныг зохицуулах хууль эрхзүйн орчин бүрдээгүй учраас эрсдэлтэй болохыг Санхүүгийн зохицуулах хороо иргэдэд  удаа дараа анхааруулаад л байгаа. Гэвч олон хүмүүс шуурч байгаа шалтгаан нь  үнийн огцом өсөлттэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, амархан аргаар мөнгө олох гэсэн хүмүүс азаа үзэж байх шиг байна л даа?

-Хүмүүс койныг  маш ихээр сонирхож байгаа. Зах зээлд гарсан койн бүрийг булаацалдах шахуу авч байна. Хүн гэдэг байгалийн амьтан. Сүргийн сэтгэлгээний  илрэл буюу юмнаас хоцрохвий гэсэн айдсаас үүдэн олон хүн койн авч байна. “Бусад хүмүүс койн авч баяжих нь. Би л үүнээс  хоцорлоо” гэх хандлага нийгэмд маш ихээр ажиглагдаж байна. Эхний хэдэн удаагийн арилжаа нь 5 сая төгрөгийг нь арав дахин үржүүлээд өгчхөөр амархан баяжих юм байна гэж бодож эхэлнэ. Түүнээс биш койны ард ямар эрсдэл байгааг огт бодохгүй. Койн бол санхүүгийн хэллэгээр ялагчгүй тоглолт. Нэг нь алдаж байж нөгөө нь хождог. Таны олсон мөнгө хэн нэгний алдагдал гэсэн үг. Алдах хүн байхгүй бол хожих хүн байхгүй.

Эхний гарсан арван койны зах зээлийн үнэлгээг тооцоод үзэхэд  монголын нийт эдийн засгаас  даваад явчхаж байгаа юм. Энэ нь тоон үзүүлэлтээрээ  хөөс гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Апу, Говь, Сүү, Мах Импекс, Талх Чихэр зэрэг монголын бүх хувьцаат компаниудыг нийлүүлсэн үнийн дүнгээс бараг нэг койн илүү болчихсон гэсэн үг

-Монголбанкнаас койныг мөнгө гэх  тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа учраас төлбөрийн хэрэгсэлд тооцохгүй гэж мэдэгдсэн. Нөгөө талдаа койн нь эдийн засгийн хэмжээнд маш их зардлыг хэмнэнэ гэж үзэх нэг тал ч байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Зарим улсад төлбөр тооцоог койноор  гүйцэтгэж байна. Гэхдээ энэ нь маш эрсдэлтэй. Төлбөр тооцоо нь бараа үйлчилгээнийхээ үнийг тодорхойлдог. Би жишээ нь  өнөөдөр хийсэн талхаа 1000 төгрөгөөр зарна. Тэр нь жилийн 5-10 хувийн инфляцыг тооцвол  1050-100 болж нэмэгдэнэ.  Гэтэл койны ханш цаг тутамд хэлбэлзэлтэй байдаг учраас би хийсэн талхаа нэг койноор зарах юм уу арван койноор зарах юм уу гэдэг асуудал үүснэ. Хоёрдугаарт койн нь зээлийн харилцааг зохицуулж чадахгүй. Хүн бүр зээл авчхаад хүү төлдөг. Гэтэл койн хэдэн мянга дахин өсчвөл хэзээ ч төлж дийлэхгүй байдалд орно.  

-Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагага буюу ФАТФ-аас улс орнуудад виртуал хөрөнгийн үйл ажиллагаа явуулах салбарыг бүрэн хориглох, бүртгэх эсвэл зөвшөөрөл олго гэсэн гурван сонголтыг өгсөн. Олон улсын жишиг хэр байдаг юм бол?

-Койн нь төрийн хараа хяналт банкны системээс гадуур учраас үүгээр авлига хээл хахууль, терроризм, хар тамхи,хүний наймааны мөнгө санхүүжилт явах вий гэх айдас олон улсад байна. Үүнийг  төр засаг барьж чадахгүй. Тиймээс улс орнууд койныг хориглох хандлагатай байна. Койныг эрсдэлтэй гэдгийг улс орнуудын Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа. Тиймдээ ч койныг дэмжээд байгаа нэг ч улс байхгүй. Хурдан хугацаанд хүчтэй гарч ирсэн  учраас яалтчгүй шууд хааж чадахгүй байна. Тиймээс тодорхой хэмжээгээр зохицуулж эхэлж байгаа бол зарим нь бүр хааж байна.

Койн нь хөөс юм чинь эхнээсээ хагарч эхэллээ. Арваннэгдүгээр сарын 3-нд “Squid game” койнд хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгийг зохион байгуулагчид бэлнээр шилжүүлэн авч луйвардсан хэрэг гарсан. Тухайлбал, БНХАУ-ын Шанхай хотод амьдардаг нэг хөрөнгө оруулагч тэтгэвэрт гарахдаа хэрэглэхээр хуримтлуулж байсан 28 мянган ам.доллароо “Squid game” койнд алдсан байх жишээний.

Хувьцаанд мөнгө орууллаа гэхэд компанийн ард өмч хөрөнгө, олон жил тогтсон бизнес байна. Тухайн компани дампуурахаасаа өмнө 2-3 жилдээ ашиг, орлого нь муудна. Харин койн бол  хэцүү. Ганцхан секундын дотор байхгүй болно. Далай байгаа цагт далайн дээрэмчин байна гэх үг бий. Зах зээлд 1000 койн гаргалаа гэхэд магадгүй 900 нь сайн, үлдсэн  100 нь  луйвар, дээрэм хийх зорилготой байхыг үгүйсгэхгүй.

Үүнээс гадна иргэд хөрөнгө оруулж байгаа койнуудынхаа санал болгож буй шийдэл, үйлчилгээний онцлог мэдээллийг огт уншихгүй байна. Үүнийг койн гаргагчид англиар биччихээр ойлгох иргэд бага шүү дээ. Иргэдийн хувьд ч мөнгө гэж хэт улайрч үүнийг анхаарахгүй байна. Монголын зах зээлд байгаа арван  койны санал болгож буй шийдэл, үйлчилгээний онцлог мэдээллийг уншиж үзэхэд тодорхой зүйл үнэхээр харагдсангүй. Яаж мөнгө олох  нь тодорхойгүй. Түүнээс биш бизнесийн үнэлгээ, ирээдүйн зорилт байхгүй.  

Э.Сосорбурам

ЭХ СУРВАЛЖ 2

СЗХ: Койноор боссон ихэнх хөрөнгүүд бодит эдийн засагт ордоггүй
253233800_1137701650394985_3918647292005120901_n

Токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй талаар Санхүүгийн зохицуулах хорооноос байнга анхааруулдаг. Өөрөөр хэлөэл, криптовалют нь компьютерүүдийн сүлжээ дээр үйл ажиллагаа нь тогтдог учраас хакердуулах, залилуулах эрсдэл өндөртэйд тооцогддог. Яагаад иргэдэд ийм сэрэмжлүүлэг өгч буй талаарх Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгийн  байр суурийг онцолж байна.

-Койны талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэдийг аль болох болгоомжтой хандахыг танай байгууллагын зүгээс байнга сэрэмжлүүлсээрирсэн. Энэ сэдэв ганц манайд ч биш дэлхий нийтийг болгоомжлоход хүргэж байх шиг байна?

-Монголд энэ жил коины давалгаа хүчтэй орж ирж байна. Тэр чинээгээрээ нийгэмд халуун сэдэв боллоо. Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад хяналт, зохицуулалтын талаас том сорилт болж байна. Дэлхийн томоохон зохицуулагч байгууллага болон Европын холбооны төв банк, тус холбооны санхүүгийн зохицуулагч байгууллагууд нэг л утгатай мэдэгдэл хийхдээ коин, криптовалюттай холбоотой асуудалд болгоомжтой хандаарай гэдгийг анхааруулж буй. Учир нь койн нь санхүүгийн уламжлалт тогтолцоонд хамаарсан асуудал биш. Тийм учраас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны мэдэгдлүүдийг гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах ёстой. Тухайн санхүүгийн салбарт оролцогчоос гадна олон нийтийн санхүүгийн эрх ашгийг хамгаалж, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх ёстой. Энэ зарчмын хүрээнд манай байгууллагаас 2021 он гарснаас хойш 14 удаагийн мэдэгдэл гаргалаа.

-Монголд хэчнээн төрлийн койн гарсан бэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад таван криптобирж буюу арилжааны платформууд үйл ажиллагаа явуулж байна. Зарим нь тодорхой хэмжээнд хөрөнгө татаж, биржийн замаар хөрөнгө босгоод буй. Бас бие даасан долоон койн байна.

-Ер нь мөнгөө алдсан, хохирсон гэх гомдол иргэдээс хэр олон ирж байна вэ?

оин, криптовалют, виртуал хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр арилжааны платформын үйл ажиллагааг хянаж, шалгах ямар ч боломжгүй. Хохирсон иргэдийн санал гомдлыг ч хүлээн авах боломжгүй. Монгол Улсын хувьд тодорхой хэмжээнд зөвшөөрөх орон зай байгаа гэж үзээд хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэж байна. Мөнгө угаах гэмт хэрэг виртуалаар дамжин маш хүчтэй явдаг. Тийм учраас терроризмыг санхүүжүүлж байна уу, авлига татварын мөнгөө үүгээр дамжуулж байна уу гэдгийг зайлшгүй хянах ёстой. Койноор боссон ихэнх хөрөнгүүд бодит эдийн засагт ордоггүй. Ард иргэд хөрөнгө мөнгөө алдлаа гэхэд хэнээс мөнгөө авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нийгэмд амархан замаар хөрөнгөө өсгөх боломжтой бөгөөд нөгөө талаас богино хугацаанд ямар ч хяналтгүйгээр олон нийтээс хөрөнгө татах нь маш өндөр эрсдэлтэй. Дэлхий дээр 20 мянган койн гарсан ч өдийг хүртэл тогтвортой үлдсэн нь тун цөөн. Та үнэхээр койн авах хүсэлтэй байгаа бол алдсан ч харамсахгүй хөрөнгөөр орохыг албаныхан зөвлөж буй.

-Койн мөнгө угаах хэрэгсэл болж болзошгүй гэж ФАФТ анхааруулж байгаа.  Үүнийг Монгол Улс хэрхэн зохицуулж байна?

-Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас аливаа улс орон өөрийнхөө газар нутаг дээр виртуал хөрөнгөтэй холбоотой асуудлыг зохицуулах шаардлагыг тавьж байгаа. Олон улсын практикт энэ асуудлыг тодорхой хэмжээнд зохицуулахыг оролдож буй. Үүнийг хэрхэн зохицуулах нь тухайн улс орны хууль эрх зүйн тогтолцооноос хамаарна. Зарим улс орнууд Үнэт цаасны зах зээлийн хууль буюу хувьцаа гаргадаг процесстой адил хянаж байна. 2021 оны аравдугаар сарын 28-нд ФАТФ-ын хурлаар виртуал хөрөнгийн зохицуулалттай холбоотой аргачлалыг шинэчлэн гаргасан.

С.Цээсүрэн

ЭХ СУРВАЛЖ 3

Монголбанк: Өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж байна
BoM

Дотоодын зах зээл дээр гарч буй койны тоо нэмэгдэхийн хэрээр иргэдийн хошуурах байдал нэмэгдэж байгаа. Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд гараад байгаа койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй гэж Монголбанк үзэж байгаа бөгөөд тус банкнаас авсан тодруулгаа хүргэе.

-Иргэд сүүлийн үед гарч байгаа койныг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд санхүүгийн цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй гэж үзэж байна. Монгол Улсад виртуал хөрөнгийн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Бонд, компанийн хувьцаа зэргийн ард бодит үйлдвэрлэл, үйлчилгээ явагддаг. Харин виртуал хөрөнгө оруулалт буюу криптовалют, койны хувьд ямар нэгэн бодит үнэ цэнээр илэрхийлэгддэггүй. Хийсвэр зүйлд хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй бөгөөд хохирсон тохиолдолд хариуцлага хүлээх этгээд ч олдохгүй гэсэн үг. Дэлхийн бусад улс оронд виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлжүүлж л зохицуулж байгаа. Технологийн зах зээл хөгжихийн хэрээр койн, криптовалюттай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах нь бүр ээдрээтэй болж байна. Монголбанкны зүгээс иргэдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг анхааруулсаар ирсэн. Одоо ч ялгаагүй анхааруулж байна. Хэрэв иргэд цахим санхүүгийн залиланд өртсөн тохиолдолд тэрхүү хариуцлагыг төр эсвэл санхүүгийн зохицуулах хороо хүлээнэ гэвэл боломжгүй. Тиймээс иргэд зах зээл дээр гарч буй койны талаар сайтар судалж байж хөрөнгө оруулах эсэхээ шийдэх ёстой.

-Хууль батлагдсанаар иргэд хөрөнгөө алдах эрсдэлээс хамгаалж чадах болов уу?

-Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад энэ оны тавдугаар сард өөрчлөлт орж криптовалют, койныг үүсмэл санхүүгийн хэрэгслээр бүртгэнэ гэж тусгасан. Энэ нь цаг хугацааны явцад олон хүчин зүйлсийн нөлөөнөөс хамааран ханш нь хэлбэлзэж, өртөг нь өөрчлөгдөж байдаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж нягтлан бодох бүртгэлийн зүгээс үзэж байгаа юм. Тиймээс виртуал хөрөнгө оруулалтад баталгаа байхгүй.

Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй. Койн гаргасан иргэн, аж ахуй нэгж  гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана. Иймээс иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж байгаа. Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглодог. Тиймээс Монголбанк зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн зэрэгт хөрөнгө оруулахдаа эрсдэлийг сайтар тооцоолохыг анхаарууллаа.

Б.Ундармаа

ЭХ СУРВАЛЖ 4

Хуульч С.Халиунаа: Санхүүжилтээр цангасан компаниуд ба иргэдийн мөнгийг холбодог платформ хэрэгтэй
251790233_2850708428537609_4344497805487983088_n

Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг батлах нь зөв буруу гэсэн маргаан ч олон нийтийн дунд байна. Энэ талаар хуульч С.Халиунаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-аар Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэхээр болсон.  Ингэхэд койныг хуулиар зохицуулах нь зөв үү. Дэлхийн улс орнууд хэрхэн яаж зохицуулж байна?

-Хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Биткойн 2017 оноос хойш төвлөрсөн бус төлбөрийн шилжүүлгийн онцлогоороо олны анхаарлыг маш их татсан. Хятад, Орос, Америк зэрэг улс биткойны гол үнэ цэн, ялгаа давуу сул талыг олохын тулд хууль эрхзүйн зохицуулалтгүй нэлээд хугацаа алдаж газар асван.Төлбөрийн хэрэгслээр ашиглах гэж оролдсон ч амжилтгүй болсон. Учир нь, биткойны үнэ ханш тогтворгүй тул төлбөр тооцоонд ашиглахад хүндрэлтэй. Мөн олборлолт буюу майнинг  их хэмжээний цахилгаан ашиглаж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Жишээ нь, байгаль орчинд ээлтэй бодлого явуулдаг Тесла” зэрэг компаниуд биткойныг төлбөрт хүлээн авахаас татгалзахад хүрсэн. Түүнчлэн биткойныг мөнгө угаах хэрэгсэл болгосон.Жишээ нь, БНХАУ-д биткойныг мөнгө угаах хэрэгсэл болгосон. Тус улсад биткойн болон виртуал хөрөнгөөр дамжуулан маш их хэмжээний мөнгө угаагдаж иргэд татвараас зайлсхийж байсан тул виртуал хөрөнгийн олборлолт, арилжааг хориглоод байгаа. Харин Монгол Улс койны давуу талыг ойлгож амжилгүй “алдсан” хойно улсаараа “мөрийтэй тоглож” байна. Тиймээс мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай юм.

-Койныг эрсдэл гэж харахаас илүү боломж гэж харж байгаа хүмүүс бий.  Хуульч хүний хувьд койныг яагаад эрсдэлтэй гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаач?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал койн, токенууд ар араасаа гарсаар хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь булаагаад байна. Гэтэл койн хувьцаа шиг ногдол ашиггүй, баялаг бүтээхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй үр ашиггүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд “хөрөнгө оруулалтын өлсгөлөнд нэрвэгдээд байгаа” гэж хэлж болно. Санхүүжилт, бэлэн мөнгө шаардлагагүй компани гэж бараг үгүй, бүгд л санхүүжилт авах амин чухал хэрэгцээтэй байгаа. Монголын компаниудад хамгийн багадаа жилийн 21 хувийн хүүтэй банкны зээл авч үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Хөрөнгийн биржээс  хөрөнгө мөнгө босгож чаддаггүй.

Гэтэл хөрөнгийн биржээс хөрөнгө татан төвлөрүүлнэ гэдэг “маш үнэтэй ажил”. Хамгийн багадаа 350 саяаас 500 сая төгрөг зарцуулж таван тэрбум босгодог. Гэтэл бүх компани 300-500 сая гаргах чадваргүй. Улмаар компаниуд шинэ төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлж чадахгүй, шинээр ажлын байр нэмэгдэхгүй, Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ өсөхгүй гэсэн үг. Мөн татвар авах зохицуулалтгүй нь бас нэг эрсдэл нь юм. Тухайлбал, хувьцааг худалдан авахдаа тухайн хувьцааг гаргасан компанийн санхүүгийн тайлан дүнд шинжилгээ хийж болдог. Тухайн компани хэр их хэмжээний хөрөнгөтэй, өнгөрсөн жилүүдэд хэдийн хэмжээний мөнгө урсгалтай, ашигтай ажилласан, ирээдүйд зах зээлд хэдий хэмжээний байр суурь эзлэх вэ, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэр эрэлттэй байх вэ гээд тухайн компани ирээдүйд хэр ашиг орлого олох гээд тодорхой хэмжээгээр таамаглаж болдог.

-Койноос төр татвар авах боломжгүй гэлээ. Аливаа бизнест төрийн оролцоо нэмэгдэхээр асуудал үүсдэг нь худлаа биш?

ойны зах зээл хэдэн арван тэрбумаар нь хөрөнгө босгодог атал тухайн мөнгийг хааш оруулж байгаа нь тодорхойгүй  байна. Үүний зэрэгцээ төр татвараа авч чадахгүй байна гэдэг том асуудал. Дээрх босгосон хөрөнгүүд баялаг бүтээгч компаниудад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулсан бол эдийн засагт үр өгөөжтэй. Койн гаргаж маш их хэмжээгээр хөрөнгө татан төвлөрүүлчихээд тэр мөнгийг юунд зарцуулах гэж байгаа нь туйлын тодорхойгүй байна. Нэг үгээр хэлбэл, хувьцааны цаадах үнэлгээг хийж болох бол койны ар талд үнэлэх юм алга. Койны өсөлт цэвэр спекуляци буюу өснө гэсэн таамгаар л иргэд худалдан авч байна гэж бодож байна. Ерөнхийдөө “Хөрөнгийн бирж болон системийн таван банк койны асуудалд анхаарал хандуулахгүй бол хөрөнгө оруулагч иргэдийн итгэлийг олж авахад хэцүү болно. Уг нь Монгол шиг нэг талдаа санхүүжилтээр цангасан компаниуд нөгөө талдаа иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг хооронд холбодог хямд төсөр платформ хөгжвөл Монголын эдийн засагт хэрэгтэй л байх.  

Б.Дэлгэрцэцэг

ЭХ СУРВАЛЖ 5

“Өнгөрсөн онд иргэд 67 тэрбум төгрөгөө залилуулжээ”
5d3125de1d381

Монголд койн, биткойн худалдаж аваад хохирсон нөхцөлд хохирлыг нь барагдуулах ямар ч хууль эрх зүйн орчин байхгүйг ЦЕГ-аас хэллээ. Хууль батлагдлаа ч иргэд койн худалдаж авах эрсдэлээ өөрсдөө үүрэх ёстойг ч анхааруулав. Тиймээс  ЦЕГ-аас байр, машинаа зарж, койн худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэрэгт нэлээд ихэссэн байна.  Залилах гэмт хэргийн улмаас иргэд аж  ахуй нэгж байгууллагад учирсан хохирол  Монголд 2016 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум,  цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өссөн байна. 2019 онд 13 тэрбум байсан бол 2020 онд 67,2 тэрбум төгрөгт болжээ. Иргэд хэрэглээндээ интернэт банк, мобайл банк зэрэг үйлчилгээг ашигладаг болсон. Бэлэн бусаар гүйлгээ хийдэг энэ системийг дагаад  иргэдийн данснаас мөнгө алдагдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирэх болсон байна.  ЦЕГ-аас зөвлөснөөр иргэд хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлаасаа болж интернэт банкныхаа нэвтрэх нэр,  нууц үгийг бусдад алдан гэмт хэргийн хохирогч болдог гэнэ.

Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байгааг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан хэллээ.  Учир нь, хилийн гаднаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах боломж байхгүй аж. 2017-2021 оны байдлаар олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг монголчууд гадагшаа алджээ.

Дэлхий дээр гарсан 10 гаруй мянган койны 97 хувь нь амжилтгүй болдог. Энэ хэрээр  иргэд, аж ахуйн нэгж мөнгөө алдаж байна гэсэн үг.  

2017 онд “One coin, G Time”-аас болж олон хүн хохирч үлдсэн. “ОneCoin”-нд тухайн үед 450 мянган төгрөгөөс 110 сая хүртлэх хөрөнгө оруулсан, 14 хүн элссэн гэх мэдээлэл ч байдаг. Гэхдээ иргэд амар хялбар аргаар богино хугацаанд мөнгөжиж, хөлжих хүслээсээ болж эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөлд цагдаагийн байгууллагад тэр болгон ханддаггүй гэнэ.

“Криптовалют нь блокчэйн буюу тархмал бүртгэлийн технологи дээр үндэслэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дундын зохицуулагчгүйгээр иргэд, аж ахуйн нэгж хоорондоо мэдээлэл буюу эд хөрөнгө солилцож байгаа арга хэрэгсэл. Зуучлагч байхгүй учраас уг хөрөнгө юунд ашиглагдаж байгаа нь тодорхойгүй, үүгээр дамжаад олон улсын хориг арга хэмжээнд хамрагдсан байгууллага, хувь хүн ашиг олж, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах хэрэгсэл болгож байх өндөр магадлалтайг ч албаныхан анхааруулж буй юм. Тиймээс  учраас олон улсын Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас /FATF/ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг байнга зохицуулж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж байх шаардлагыг дэлхий нийтэд тавих болжээ.

Өөрөөр хэлбэл, та мөнгөө алдаад зогсохгүй, алдсан мөнгөөр хүний болон хар тамхины наймааг “санхүүжүүлж” байж болзошгүй гэсэн үг.

Тиймээс цагдаагийн байгууллагаас криптовалют, койны хувьд ямар нэгэн бодит үнэ цэнэ байхгүй. Амар хялбар аргаар, хурдан хугацаанд мөнгө олох гэсэн хүмүүс бодит үнэ цэнэгүй, хийсвэр зүйлд хөрөнгө оруулснаар иргэд оруулсан хөрөнгөө алдах өндөр магадлалтайг сануулсан юм. Койн гаргагчдын зүгээс ч хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол иргэд мөнгөө алдах асар их эрсдэл байгааг ч сануулж байна.  

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар хэд хэдэн хуульд өөрчлөлт орох аж. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койн гаргагч нь мэдээлэх үүрэгтэй болох юм байна. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь тус хуулийн дагуу сэжигтэй мөнгөн гүйлгээг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж, харилцагчийг таньж мэдэх үүргээ заавал хэрэгжүүлж байхаар зааж өгчээ. Тухайн харилцагч сэжигтэй мөнгөн гүйлгээ хийсэн тохиолдолд Монголбанкинд мэдээлснээр Санхүүгийн мэдээллийн алба хууль хяналтын байгууллагатай хамтраад шалгана гэсэн үг. Тэгэхээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгож Монголбанк олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэнүүргээ биелүүлж байна гэсэн үг болохыг ч албаны хүмүүс тодотгож байна.

ЭХ СУРВАЛЖ 6

VS: Хож эсвэл алд
1212

Койн монголчуудын хувьд ид трэнд сэдэв болж байна. Криптобиржээр хоёр их наяд эргэлдэж байна гэдэг маш их эрэлт байна гэсэн үг. Нэг хэсэг богино хугацаанд тэрбумтан бол нөгөө хэсэг нь байгаа хэдэн төгрөгөө хэд нугалж өсгөхийг хүсч буй нь худлаа биш. Тиймээс яг л казино шиг зарим нь алдаж, зарим нь олж байх шиг. Мэдээж, мөнгөө өсгөсөн нь баярлаж, мөнгөө алдсан нь хаана хэнд хандахаа мэдэхгүй явна.  Иймээс койноос ашиг олсон болон алдагдал хүлээсэн хүмүүстэй уулзаж, ярилцлаа.  Койн нь хувь хүний санхүүтэй холбоотой асуудал тул ярилцлагчдынхаа нэрийг өөрчиллөө.

Түүнийг Мөнхөө гэдэг, инженер мэргэжилтэй, гэр бүлтэй залуу. Тэрбээр анх 2016 онд Солонгост ажиллаж байхад биткойны талаар сонсч, “Ардын” Ч.Ганхуягийн ярилцлагаас анх мэдээлэл авч байжээ. Мөнхөөгийн хэлж буйгаар 2016-2017 оны хооронд биткойны ханш 10 мянгаас 20 мянган ам.доллар руу богино хугацаанд огцом өсч, эргээд таван мянган ам.доллар руу огцом унасан гэнэ.

Мөнхөө богино хугацаанд огцом унадаг болохыг нь ингэж мэдэж авсан байна. Тэрбээр хэлэхдээ “Сарын өмнө биткойн бараг 70 мянган ам.долларт хүрлээ. Миний хувьд IHC койныг авсан. Койны ард одоохондоо юу ч байхгүй. Итгэлцэл л байгаа. Банкны системийг өөрчилж болохуйц ирээдүй гэж хүмүүс харж байна. IHC-ийн анхны арилжаан дээрээс нь авсан. Тухайн үед 12 сая төгрөгөөр 0.30 төгрөгийн ханштай койн авч чадсан. Одоогийн байдлаар оруулсан мөнгөө 17-20 дахин өсгөчихөөд байж байна. IHC багийн бүрэлдэхүүн итгэл төрүүлэхүйц байсан учир коиныг нь авсан” гэв.

IHC коиныг гаргасан багийнхан нь дэлхийн зах зээлээс эх орондоо доллар оруулж ирнэ гэх санаа нь Мөнхөөдтаалагджээ.

Мөнхөө цааш ярихдаа “Монголд юмны үнэ асар нэмэгдсэн. Жилийн өмнө барилгын материал, бензиний үнэ хэд байлаа. Юмны үнэ бараг хоёр дахь нугаларч, банкны хүү ч буурлаа. Монголчуудын койн руу орж байгаа шалтгаан нь хөрөнгөө өсгөх, арвижуулах. Мөнгөө өсгөх зам нь банк биш болсон. Хувьцаа авлаа гэхэд Монголын том компаниуд 5-10 хувийн л өсөлт үзүүлдэг. Тиймээс өндөр эрсдэлтэй ч үүнийгээ дагаад өндөр өгөөж өгөх учир койн руу хошуурч байна. Би бол одоо койноо дарж байгаа. Хоёрдахь арилжаан дээрээс дахин койн худалдаж авсан. IHC койн 30 секундын дотор зарагдаж, 10 сая ам.доллар босгосон шүү дээ . Одоо хүн бүр IHC-ийг дагаж, койн гаргаж байна” хэмээн ярив.

Харин Баяраа оюутан. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа эцэг эхээрээ төлүүлдэг байсан тэрбээр жилийн өмнөөс нь койн, хувьцааны талаар сонирхож эхэлжээ. Хувьцаанаас хэдэн төгрөг босгосон түүний хувьд койнд хөрөнгө оруулж, мөн ашиг олно гэж бодож байсан ч бүтэлгүйтсэн аж.  

Баяраа “Анх 2018 онд 28 мянган төгрөгөөр 700 төгрөгний Ард даатгалын хувьцаа авч байсан. Тэгээд мартчихсан. Харин өнгөрсөн жилийн өдийд ханш нь хоёр дахин өсөөд 1500 төгрөг хүрэхэд нь зарсан. Мөн “АПУ”, Сүү, Мандал даатгал, Түмэн шувуут”-ын хэд хэдэн хувьцаа авч, сая бүгд хоёр дахин өслөө. Ингээд мөнгөнүүдээ нийлүүлээд 1.5 сая төгрөгөөр IHC койнавсан. Ард койноос энэ мөнгийнхөө гуравны нэгийг гаргасан гэж ойлгож болно. Нэг ард койныг нь 400 төгрөг байхад нь зарсан” гэв.

Тэрбээр хувьцаа, Ард койноос босгосон 1.5 сая төгрөгөөрөө IHC койн авсан ч санаснаар нь болоогүй гэнэ.

Иргэн Б “1.5 сая төгрөгөөрөө зургаан төгрөгийн ханштай байсан 250 мянган ширхэг IHC койн авсан. Гэтэл ханш нь унаад 1.4 төгрөг болчихсон. Нүдэн дээр маань 1.5 сая төгрөг маань 350 мянган төгрөг болсон.  Зөрүү нь 4.6 төгрөг. “Panic Sell” гэж байдаг. Хүмүүс хэт их мөнгө алдсандаа паниктаад өндөр авсан бүхнээ хямд зарчихдаг юм. Надад бас тийм л зүйл тохиолдчихсон. Яаж ч байсан хадгалах нь зөв байна лээ шүү. Одоо дахин ороод шархаа нөхөх дөхөж байна” гэлээ.  

Б.Мөнгөнтамир

ЭХ СУРВАЛЖ 7

Экосистем хамгийн чухал

Монголд биет хөрөнгө, барьцаатай бизнес залуучууд бие биенийхээ зорилго, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, алсын харааг дэмжин, хөрөнгө оруулалт хийдэг болсон. Үүний нэг тод жишээ нь, виртуал хөрөнгийн зах зээл. Гэвч энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин зохицуулалтгүй байгаа тул иргэн эрсдэлээ өөрөө үүрнэ. Төр ямар нэгэн зөвшөөрөл болон бүртгэл олгоогүй байгаа юм. Нөхцөл байдал “хүнд” байгаа ч койн ар араасаа цувран гарсаар байна. Койн бүтээгчдийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.

IHC COIN-ИЙГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРЭЭС ШУУД АВЧ БОЛНО

Монголчуудын зах зээлд нэвтрүүлсэн хоёр дахь криптовалют бол Э.Баярсайхан, Б.Гантиг, О.Мөнхжин, Б.Идэр-Од, Б.Мөнх-Эрдэнэ нарын үүсгэн байгуулсан Inflation Hedging Coin (IHC) койн. Тэдний төлөөллийн мэдээлснээр, тус койныг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр зах зээлд гаргаж, анхдагч захиалгаа авсан байна.

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ бараг 30 хувийг асар богино хугацаанд хэвлэн гүйлгээнд оруулсан нь зардлыг өсгөж, улсын өрийг нэмэгдүүлэхэд хүргэснээс үүдэн IHC-ийг гаргахаар төлөвлөжээ.

Улмаар Trade, Complex, Coinhub зэрэг дөрвөн бирж дээр 30 тэрбум койн тэнцүү хувааж, нэгэн зэрэг арилжсан байна. Маш богино хугацаанд иргэдээс хэдэн зуун мянган хүсэлт давхардан ирж, заxиалга xэтэрсэн тохиолдол гарсан нь манай улсын санхүүгийн зах зээлд хувьд урьд хожид байгаагүй үзэгдэл болжээ.

Өнөөдрийн байдлаар хоёрдогч зах зээл дээрээс IHC койныг худалдан авах бүрэн боломжтойг тус платформыг үүсгэн байгуулагч хэлэв. Хоёр дахь арилжааны үеэр койны үнэ ₮0.30-өөс олон дахин өсөөд байвал хөрөнгө оруулалт хийхээ түр азнах хэрэгтэй аж. Учир нь хөөс үүссэн бол танд л хохиролтой. Эрэлт, нийлүүлэлтээс бүх зүйл шалтгаалах тул та захиалга өгөхдөө бусад хүмүүсийн шивсэн захиалгын хэмжээ, бусад биржүүд дээр ямар үнээр арилжаалагдаж буйг сайн харах хэрэгтэй юм байна.

Дэлхийн санхүүгийн топ сайтуудын нэг Yahoo Finance болон Coinpedia, Businesswire, Benzinga дээр манай IHC-ыг онцолсон. Тэд Ковид-19 тахал дэлхийн крипто зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар мөн Монголын инфляцыг бууруулах IHC-ны DeFi шийдлийг танилцуулсан байна.

IHC олон улсын криптовалютын зах зээлийн анхны өрсөлдөөнд гарах эхлэлээ хийсэн даруй шуугиан тарьсан. Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Деонтей Уайлдерын энэ оны аравдугаар сарын 9-нд АНУ-ын Лас Вегас хотод Тайсон Фьюригийн эсрэг тулалдах тулааныг ивээн тэтгэсэн мэдээлэл цацагдсаны дараа IHC 30 секундын дотор 10 сая.доллар босгожээ.

Хөрөнгө оруулалт хийе гэвэл крипто санхүүгийн зах зээлийн талаар, хөрөнгө оруулах койн болон ижил төстөй бүтээгдэхүүний whitepaper, litepaper-тэй сайтар танилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй.

Манай улсад виртуал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр хөрөнгө оруулалтын шинэ боломжууд, олон сонирхолтой төсөл цаашид бий болно. Энэ зах зээлийн, салбарын үр өгөөжтэй байдлыг зөв олж мэдэх, үнэлэх, энэ талаар илүү түгээх, цаашид хөгжих боломжийг нь хаачихгүй байх дээр анхаарах нь чухлыг койн үүсгэн байгуулагчид онцолж байна.

 АРДКОЙН IEO ХИЙЖ МӨНГӨ БОСГООГҮЙ ЦОР ГАНЦ КОЙН

DAX - Виртуал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Чадраабал:

 

-Юуны өмнө АрдКойны талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-АрдКойн нь Ард “Санхүүгийн Нэгдэл” ХК (Ард Холдингс) болон түүний охин компаниудын үйл ажиллагаанд ашиглагдах урамшууллын оноо юм. Энэхүү урамшууллын оноо нь хөрөнгө оруулагчдад Ард Холдингс болон түүний хэрэгжүүлэх дижитал банкны бүхий л төсөлд хөрөнгө оруулах боломжийг нээж өгнө. Энэхүү урамшууллын оноог “Ард Бит” гаргасан бөгөөд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн 15 хувийг эзэмшдэг. ERC20-д суурилсан. 2019 оны нэгдүгээр сард ERC20 ухаалаг гэрээний платформ дээр хийгдсэн. Төслийн гүйцэтгэл дээр ICT Group болон Grape City Mongolia нар хамтран ажилласан юм.

-Одоо нийт хичнээн хэрэглэгчтэй болсон бэ?

-Одоогоор нийт 553408  албан ёсны идэвхтэй хэрэглэгчтэй байна.

-Койн бүр өөр өөрийн онцлогтой. АрдКойны хувьд бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Нэгдүгээрт, блокчэйнд суурилсан урамшууллын оноо гэдгээрээ, хоёрдугаарт одоогоор IEO хийж мөнгө босгоогүй цор ганц койн. Нөгөө талаасаа coinmarketcap, metamask, bittrex гэх зэрэг гадны томоохон биржүүд дээр албан ёсоор бүртгэгдсэн. Мөн АрдКойн бол бүх л байдлаараа Монголдоо анхдагч төсөл юм. Крипто Үндэстэн гэдэг төслийг анх дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд эхлүүлэн хэрэгжүүлж байснаараа зах зээлдээ тэргүүлэгч юм. Боловсон хүчний хувьд энэ салбартаа сүүлийн 4-5 жил тасралтгүй ажилласан туршлагатай залуус байгаагаараа онцлогтой.

-Сүүлийн үед маш олон койн хэрэглээнд нэвтэрч байна. Койн гаргахад анхаарах гол зүйл юу байдаг вэ?

-Экосистем. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Койн гаргаж байгаа баг болон хэрэглэгчдийн зүгээс хамгийн ихээр анхаарал хандуулах хэсэг нь ардаа ямар үйл ажиллагаа явуулж байна, тэрхүү үйл ажиллагаа нь хэр баталгаатай, ирээдүйтэй байж болох вэ гэдэгт ач холбогдол өгөх нь зүйтэй. АрдКойны хувьд Ардын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд урамшууллаар олгогддог, бирж дээр арилжаалагддаг гэдэг талаасаа хангалттай том экосистем бүрдүүлж чадсан төсөл.

Д.Эрдэнэтуяа

ЭХ СУРВАЛЖ 8

Дэлхий ба койн
95253

2009 онд гаргасан биткойн нь анхны төвлөрсөн бус криптовалют юм. Биткойныг Японы программист Сатоши Накамото гэгч санаачлан загварыг нь боловсруулж, эх кодыг бичин бүтээсэн нь амжилттай болсон. Үүнээс хойш маш олон криптовалют гарсан.

Үүнээс ч өмнө 1983 онд Америкийн криптографч Дэвид Чаум е-бэлэн мөнгө хэмээн нэрлэсэн криптографик мөнгийг зохион бүтээж байв. Дараа нь 1995 онд үүнийгээ тэрээр "Digicash"-ээр дамжуулан хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь криптограф цахим төлбөрийн анхны хэлбэр юм. Энэ нь банкнаас тэмдэглэл авч, хүлээн авагч руу илгээхийн өмнө тодорхой шифрлэгдсэн түлхүүрүүдийг    шаарддаг  хэрэглэгчийн програм хангамж юм. Энэ нь дижитал валютыг гаргагч банк, засгийн газар эсвэл аливаа гуравдагч этгээдэд хянах боломжгүй болгосон.

"Robocoin"-ийг үүсгэн байгуулагч Жордан Келли 2014 онд АНУ-д анхны биткойнтой АТМ-ыг худалдаанд гаргажээ.Техас мужийн Остин хотод суурилуулсан ТҮЦ нь банкны АТМ-тай төстэй боловч жолооны үнэмлэх, паспорт зэрэг засгийн газраас олгосон иргэний үнэмлэхийг уншдаг сканнертай бөгөөд хэрэглэгчдийн биеийн байцаалтыг баталгаажуулдаг.

2021 оны зургадугаар сард Эл Сальвадорын  Ерөнхийлөгч Наиб Букелегийн өргөн мэдүүлсэн криптовалютыг ангилах хуулийн төслийг баталснаар биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон.  

Үүний дараа Куба улс АНУ-ын хориг арга хэмжээг тойрч гарах зорилгоор өнгөрсөн наймдугаар сард биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авах 215-р тогтоолыг баталсан. Куба улс криптовалютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон юм.

Мөн 2021 оны гуравдугаар сард Өмнөд Солонгос дижитал хөрөнгийн хяналтыг бэхжүүлэх шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн. Энэхүү хууль тогтоомжийн дагуу бүх дижитал хөрөнгийн менежерүүд, үйлчилгээ үзүүлэгч, биржүүд Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулахын тулд Солонгосын санхүүгийн тагнуулын албанд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Энэ нэгжид бүртгүүлэхийн тулд бүх биржүүд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системээр баталгаажсан байх ба бүх үйлчлүүлэгчид банкны данстай, Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, бирж хангалттай хөрөнгөтэй байх шаардлагатай.  Мөн хакердсанаас үүссэн алдагдлыг нөхөх хадгаламжийн даатгалын сантай байх шаардлагыг тавьжээ.

Гэтэл криптовалютын хамгийн том зах зээл болох Хятадын засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард криптовалютын бүх гүйлгээг хууль бус гэж зарлаж хориглосон нь криптовалютыг бүрмөсөн таслан зогсоосон. Өмнө нь Хятад дахь зуучлагч болон уурхайчдын үйл ажиллагааг хориглоод байв.  Учир нь уламжлалт бэлэн мөнгөтэй харьцуулахад криптовалютыг хууль сахиулах байгууллага хянаж, хураахад илүү хэцүү байдаг.

Үүнээс гадна Их Британийн зах зээлд бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг биржүүд, зөвлөхүүд, мэргэжилтнүүд зэрэг бүх криптовалютын пүүсүүд Санхүүгийн үйл ажиллагааны албанд бүртгүүлэх ёстой гэсэн хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Түүнчлэн, зургадугаар сард санхүүгийн хяналтын байгууллага дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-ийг Их Британи дахь бүх зохицуулалттай үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан.

Криптовалюттай холбоотой их хэмжээний луйврыг олж харсан Өмнөд Африкт тодорхой хуулийн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. Тухайлбал, хамгийн том луйвар 2021 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд Африкт төвтэй Африкрипт хэмээх криптовалют биржийг үүсгэн байгуулагч хоёр Раеес Кажи, Амир Кажи нар 3.8 тэрбум долларын биткойн авч алга болжээ. Түүнчлэн Mirror Trading International 2021 оны нэгдүгээр сард 170 сая долларын үнэ бүхий криптовалюттай алга болсон.

Түүнчлэн Туркийн Төв банк өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн криптовалютыг худалдан авалт хийхэд ашиглахыг хориглосон бөгөөд ийм төлбөр тооцоонд криптовалют ашиглах нь гүйлгээнд ихээхэн эрсдэл учруулдаг гэж үзжээ.

Тухайлбал, 2014 оны хоёрдугаар сард дэлхийн хамгийн том биткойн бирж болох Mt. Gox дампуурлаа зарласан.Тус компани нь хакерын хулгайн улмаас үйлчлүүлэгчдийнхээ биткойнуудаас бараг 473 сая долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн.Энэ нь ойролцоогоор 750,000 биткойн буюу одоо байгаа бүх биткойны 7 орчим хувьтай тэнцэж байв.

Криптовалют нь хөгжиж буй орнууд болон эдийн засгийн хориг арга хэмжээнд хамрагдсан хүмүүст эдийн засгийн  эрх чөлөө олгох давуу тал болсон.Крипто зах зээл нь уламжлалт банкуудыг бодвол нэвтрэхэд хялбар, цөөн тооны зохицуулалттай байгаа нь иргэдэд энгийн барааг ашиглах, арилжаалах, хөрвүүлэхийн тулд криптовалютын урамшуулал авч, засгийн газар, хяналтыг тойрч гарах боломжийг олгодог. Инфляци өндөртэй, валютыг оршин тогтнохын тулд ашиглах боломжгүй болсон орнуудад хатуу зохицуулалтыг даван туулах, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд онлайн ажлын зөвлөлөөр дамжуулан криптовалют руу ханддаг.

Б.Анхтуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж