АНУ-ын ажилтнуудыг Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах эсвэл долоо хоног болгон шинжилгээ хийлгэхийг шаардсан Байдены засаг захиргааны шийдвэрийг АНУ-ын холбооны давж заалдах шатны шүүхээс “үндсэн хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж, цуцлахаар шийдвэрлэлээ.
АНУ-ын БНН-ын удирдлагатай олон муж ирэх нэгдүгээр сарын 4-нөөс хэрэгжиж эхлэх энэхүү шинэ зохицуулалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, тус улсын давж заалдах шатны Тавдугаар тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ийнхүү амжилт олов.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн захиргаа”-ны журмын дагуу гаргасан энэхүү зохицуулалтын хууль ёсны байдалд эргэлзэхгүй байгаагаа хөдөлмөрийн хуульч Сеема Нанда мэдэгдэж байв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажилчдад ноцтой байдал үүсч, тэдний аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарсан тохиолдолд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн захиргаа”-наас яаралтай арга хэмжээ авах эрхийг олгосон байдаг аж.
АНУ-д өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас 750 мянган орчим хүн нас барсан юм. Мөн өдөрт дунджаар 1100 орчим хүн нас барж байгаагийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй хүмүүс болохыг мэргэжилтнүүд анхааруулсан билээ.
Ийнхүү Байдены захиргаа вакцинжуулалттай холбоотой шинэ журмыг танилцуулснаар БНН-ын удирдлагуудын асар их эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэд Байдены захиргааг хууль ёсны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн билээ.
Гэвч вакцинжуулалттай холбоотой арга хэмжээг ажлын байрны аюулгүй байдлыг хангах онцгой журмын дагуу гаргаж байгаагаа албаны хүмүүс мэдэгдсэн. Мөн шинэ зохицуулалт нь хувийн хэвшлийн 1.9 сая ажил олгогчийн 84.2 сая ажилтанд хамаарч байгаа болохыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын газраас онцолжээ.
Ийнхүү уг маргаантай асуудал Техас, Луизиана, Миссисипи, Өмнөд Каролина, Юта муж болон зарим бизнес эрхлэгчдийн хамтран гаргасан өргөдлийн дагуу Бямба гаригт шийдэгдэв. Хоёр хуудас бүхий шүүхийн тушаалд Байдены засаг захиргааг Даваа гаригийн 17:00 цагаас өмнө шийдвэртэй холбоотойгоор хариу өгөхийг хүссэн байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ