Архангай аймгийн Хангай сумын төвөөс баруун зүгт 31 км зайд Тэрх багийн Мөрөнгийн зүүн жалга гэх газарт өчигдөр /2021.11.6/ 22:44 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ сарын 3-ны өдөр тус газарт хоёр удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-ны өглөө 09:04 цагт 4.3, өдөр 14:59 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн.
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 1-4 магнитудын нийт 1000 гаруй газар хөдлөлт болжээ. Үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашнямын мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгчээ. Иймд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээ авч ажилласан байна.
Холбоотой мэдээ