Иракийн ерөнхий сайдын амь насанд халдах оролдлого гарав

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

Иракийн ерөнхий сайдын амь насанд халдах оролдлого гарав

Иракийн ерөнхий сайдын амь насанд халдах оролдлого гарав

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн амь насыг хөнөөх гэсэн оролдлого Ням гаригийн үүрээр гарчээ. Тэрбээр нисгэгчгүй онгоцны халдлагаас амьд гарсан төдийгүй гэмтэж бэртээгүй талаар холбогдох албаныхан мэдэгдэв.

Иракийн нэрээ нууцлахыг хүссэн хоёр албан тушаалтны “Associated Press” агентлагт мэдэгдсэнээр бүрэн зэвсэглэсэн, хоёр ширхэг нисгэгчгүй онгоц Багдад хотын өндөр хамгаалалттай “Ногоон бүс”-д нэвтэрч, халдлага хийх үеэр хамгаалалтын долоон ажилтан шархадсан байна.

Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар нисгэгчгүй онгоцууд аль-Кадхимигийн байрлаж байсан сууц руу цохилт өгөхийг оролдсон гэжээ. Багдадын оршин суугчид гадаадын элчин сайдын яам, төрийн байгууллагууд байрладаг ногоон бүсэд дэлбэрэлтийн чимээ, буун дуу гарахыг сонсчээ.

Халдлагын дараахан ерөнхий сайд аль-Кадхими твиттер хуудаст "Эх орноосоо урвагчдын пуужин аюулгүй байдлын хүчний тууштай, шийдэмгий байдлыг өчүүхэн ч ганхуулж чадахгүй" гэж жиргэжээ. Мөн "Би эсэн мэнд, ард түмнийхээ дунд байна. Бурханд талархаж байна” гэсэн байв.

Халдлагатай холбогдуулан Иракийн аюулгүй байдлын албаныхан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг тэрбээр мөн мэдэгдэв. Халдлагын ард хэн байсан нь тодорхойгүй байгаа ч энэхүү хэрэг өнгөрсөн сард болсон парламентын сонгуулийн дүнг Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хурцадмал байдлын үеэр гарчээ.

Иракийн парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсагчид ногоон бүсийн гадна сар шахам байрлаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн Баасан гаригт аюулгүйн хүчнийхэн болон Ираныг дэмжигч шийтийн зэвсэгт хүчний хооронд мөргөлдөөн үүсэх үеэр жагсагчдын нэг амь үрэгдэн, аюулгүй байдлын хүчний олон арван ажилтан шархаджээ.

Аль-Хадими мөргөлдөөнийг хэн өдөөсөн болон гал нээхгүй байх тушаалыг хэн зөрчсөн болохыг тогтоох ажиллагаа явуулахыг үүрэгдсэн юм.

Дашрамд өгүүлэхэд, Иракийн парламентын сонгууль энэ оны аравдугаар сарын 10-нд болсон. Тус сонгуулиар Төлөөлөгчдийн зөвлөлийн 329 гишүүнийг сонгодог бөгөөд тус зөвлөл Иракийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг явуулж, ерөнхий сайдыг томилдог байна. Энэ нь АНУ тэргүүтэй улс орнууд Иракт 2003 онд халдан довтолсноос хойш явуулсан тав дахь удаагийн сонгууль байв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж