Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай дуудлага, мэдээллийн төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан дуудлага хоногт 100 гаруй ирдэг байна. Жолоодох чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан 103 дуудлага сүүлийн 24 цагт бүртгэгджээ. Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сүүлийн жишээ гэхэд л согтуугаар машин жолоодож яваад онхолдсоны улмаас хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд гэмтсэн байна. Тодруулбал, “Дархан-Уул аймгийн Орхон сумын Салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Энэ дагуу шалгахад Иргэн Б приус маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад онхолдож, машинд зорчиж явсан дөрвөн настай хоёр хүүхэд амиа алджээ. Түүнчлэн таван настай нэг хүүхэд гэмтсэн байна. Осол гаргасан жолоочийн согтолтын зэрэг 3.6 байжээ.
Холбоотой мэдээ