Баруун Африкийн Сьерра-Леон улсын эрх баригчдын мэдээлснээр, Баасан гаригт тус улсын нийслэл Фритаун хотын захын дүүрэгт шатахуун тээвэрлэгч машин дэлбэрсний улмаас 84 хүн нас баржээ.
Сьерра-Леон улсын Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг (NDMA)-ийн Харилцаа холбоо хариуцсан захирал Мохамед Ламран Бах дэлбэрэлтэд өртсөн хэд хэдэн хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар CNN агентлагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, тус улсын эрх баригчид дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлгүүдэд шилжүүлж, хохирогчдын цогцсыг бөөгнүүлсэн бөгөөд ослын газарт аврах ажиллагаа дуусчээ.
Фритаун хотын дарга Ивонне Аки-Сойерр фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Веллингтон хотын Бай Бурех зам дагуу шатахуун тээвэрлэж явсан ачааны машин өөр ачааны машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болсныг сонсоод харамсаж байна" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр "Нийгмийн сүлжээгээр цацагдаж буй дүрс бичлэг болон гэрэл зургууд үнэхээр сэтгэл түгшээж байна. Дэлбэрэлтийн улмаас амь хохирсон хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачдын сүнс амирлах болтугай" гэжээ.
Эх сурвалж: CNN, REUTERS
Холбоотой мэдээ