Улсын хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.
Экологийн цагдаагийн албанаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор давхардсан тоогоор 39 удаагийн эргүүл, хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү хяналт шалгалтыг 42 тээврийн хэрэгсэлтэй, цагдаагийн 122 алба хаагч, мэргэжлийн хяналтын байцаагч 34, байгаль орчны улсын байцаагч 85, байгаль хамгаалагч 89, нийт 330 алба хаагчид хамтран зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ