"Хаадын хаан андгай" жүжиг 400 сая төгрөгөөр бүтжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.06-нд нийтлэгдсэн

"Хаадын хаан андгай" жүжиг 400 сая төгрөгөөр бүтжээ

"Хаадын хаан андгай" жүжиг 400 сая төгрөгөөр бүтжээ

Аливаа улс үндэстнийг театргүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Театраар дамжуулж үндэсний өв уламжлал, түүх, соёл зэргийг танин мэдүүлэхээс гадна оюун санааг гэгээрүүлж, оюун ухааныг тэлдэг билээ. Тиймээс ч театр бол ариун сүм гэгддэг.

Монгол Улсын ууган театр болох Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) 1931 оноос хойш өдгөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ жил 90 жилийн түүхэн ой нь тохиож байна. Энэ хүрээнд Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан андгай” жүжгийг найруулагч Н.Наранбаатар тайзнаа амилуулжээ. Бид энэ талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Улсын драмын эрдмийн театрын үүдээр орохуй жүжгээ тайзнаа тавих гэсэн уран бүтээлчид сандарсан байдалтай холхино. Үүдэнд нь иргэдийн гуравдугаар тунд хамрагдсан эсэхийг ЦЕГ, УОК-оос шалгаж, дотогш нэвтрүүлж байв. Гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийг түргэвчилсэн шинжилгээ авч байлаа.

Түүхт 90 жилийнхээ ойг угтан тавьж буй тус жүжиг 400 сая төгрөгөөр бүтжээ. Соёлын яамны санхүүжилт болон Л.Толстойн “Анна каренина” жүжгийн орлогоос жүжгийн төсвийг бүрдүүлсэн байна.

Төрийн Соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.НАРАНБААТАР:

-Мэргэжлийн ууган байгууллага үүссэний 90 жилийн ой гэж ойлгож болно. Тиймээс монгол түмнийхээ ой санамж болсон тэртээх 800 жилийн өмнөх суу билэгт хүний тухай энэхүү бүтээлээ хийсэн юм. Гэхдээ энэ хүний оюун санааны цадигийг өгүүлье гэвэл одоогийн цаг хугацаа хангалттай биш. Тэгэхээр оюун санааны нэг жижигхэн хэсгээс авч, тэр хүн хэрхэн андгайлж, нөхөрлөж чаддаг байсан тухай л өгүүлж байгаа юм. Их хааны оюун санааны тухай бүтэн өгүүлэх аваас асар том бүтээл хийж, цаг хугацаа их зарцуулна. Чингис хааны тухай тайз, дэлгэцийн олон сайхан бүтээл гарч байсан. Энэ бүтээлийн онцлог нь эр хүн хэлсэн амандаа хүрнэ гэдэг ямар утга учиртай вэ гэдгийг харуулж байна.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.АМГАЛАНБААТАР:

-Нэг жүжигт тоглох их дээд сургууль төгссөнтэй адил байдаг. Тайзан дээр тоглохоос илүү судалгаа хийх нь маш чухал асуудал. Тиймээс би “Чингис” хааныхаа дүрд тоглохын тулд өргөн цар хүрээг хамарсан судалгаа хийлээ. Хаан хүн ямар байх ёстой юм. Гадаад дүрийн байдал болон дотоод сэтгэлзүйн хувьд хэр байх вэ гэдэг нь чухал. Аливаа дүрийг судалгаагүйгээр бүтээнэ гэж байхгүй. Чингис хааны дүрд тоглоно гэдэг маш том хариуцлага. Үүнд их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй байдаг.

“Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Б.ЦОГНЭМЭХ:

-Өнөөдөр хэдэн жилийн минь мөрөөдөл биелж байна. “Хаадын хаан андгай” жүжгээр УДЭТ тоглолтоо эхлүүлж буйд баяртай байна. Ирэх онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохионо. Энэ жүжгээр XIII зуунд бий болсон улс төрийн ээдрээт холбоо Монголын төрийг хэрхэн бий болгов. Тэмүүжин, Жамуха хоёрын андгай тангараг бол хөх Монголын төлөө байжээ. Чингис хааныг агуу байлдан дагуулагч гэж хардаг. Бид бол өөр талаас нь харж бүтээлээ хийсэн.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж