Түгжрэл иргэдийн уур уцаар барах гол шалтгаан болоод удлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр үе үеийн хотын удирдлагууд гарц гаргалгаа хайж, жилийн жилд мөнгө төсөвлөдөг ч гоц гойд шийдлийг хараахан олоогүй л байна. Гэхдээ Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг 50 хувь бууруулах амласан ч өнөөдрийг хүртэл хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэрбээр таван цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Үүнд,
- Хот төлөвлөлтийн хүрээнд авах арга хэмжээ
- Авто замын сүлжээг шинэчлэх хүрээнд авах арга хэмжээ
- Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авах арга хэмжээ
- Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэлийн хүрээнд авах арга хэмжээ
- Эрх зүйн зохицуулалтын хүрээнд авах арга хэмжээ
Дээрх төслийн хүрээнд 420 тэрбумыг зарцуулахаар Засгийн газар тусгасан. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар “420 тэрбум төгрөг бол Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, стандарт нормыг хангах, замын нөхцөлийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон улсын том хотууд шиг томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах мөнгө юм. 420 тэрбум төгрөг бол хотын иргэдийн төлж байгаа татвар” гэж байв.
Уг нь хотын даргын хэлснээр түгжрэлийг бууруулах зорилгоор есдүгээр сараас эхлэн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх байсан. Гэвч өнөөдрийг эхлүүлсэн ажил алга. Тоотой хэдэн яамдын төрийн албан хаагчдыг автобусаар “зөөж” эхэлсэн ч бодит үр дүн нийслэлийнхэнд мэдэгдээгүй.
Мөн л автомашины зогсоол, хурдны зам болон метро зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж ам гарсан. Үндсэндээ төсөл даргын ширээн дээр “мартагджээ”. Түүний хувьд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд түгжрэлийг бууруулах ажлын тухай мэдээлэл өгөхдөө, Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон гэнэ.
Мөн хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийсэн урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх аж. Энэ хүрээнд 200-300 цахилгаан автобус оруулж ирэхээр төлөвлөсөн гэнэ. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал 2009 оноос хойш огт хийгдээгүй яригдсаар одоо улиг болж буй.
Эхнээсээ агаарын дүүжин тээвэр, LRT төслөөс авхуулаад мянгуужингийн үлгэр болсон. Мөн л Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд хэзээ метроны асуудлыг шийдвэрлэж түгжрэлийг сааруулах вэ гэдэг нь тодорхойгүй. Түүний хэлсэн үг, мэдэгдлүүдээс харвал бүгд л төслийн хүрээнд “бодлын түвшинд” хэрэгжиж байгаа бололтой. Харин нийслэлийнхний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нэг ч хуруугаа хөдөлгөсөнгүй.
Холбоотой мэдээ