Д.Ганцэцэг: Би эсрэг дүрээс сайхан мэдрэмж аваагүй   

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Д.Ганцэцэг: Би эсрэг дүрээс сайхан мэдрэмж аваагүй   

Д.Ганцэцэг: Би эсрэг дүрээс сайхан мэдрэмж аваагүй   

Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" киноны дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Оюутан цагаасаа Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж, жүжигчнийхээ гарааг эхэлсэн тэрбээр цөөнгүй киноны гол болон туслах дүрд тоглосон.

Жүжигчин бүсгүй сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрсөн. Учир нь Хятадын Театр академид урлагийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн амжилттай суралцаж, эх орондоо ирээд байгаа билээ. Их сургуульд суралцах хугацаандаа Хятадын уран бүтээлчидтэй хамтран хоёр ч уран сайхны кинонд тоглоод амжсан тухайгаа ярилаа. Ингээд түүний яриаг хүргэе.


-Жүжигчин бүсгүйг мэргэжил дээшлүүлэхээр Хятад улсыг зорьсон гэж дуулсан. Ямар мэргэжлээр суралцаж, төгсөв. Хэзээ эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Миний хувьд долоон жилийн өмнө Улсын драмын эрдмийн театраар овоглож байсан. Тэрнээс хойш уран бүтээл рүү шаргуу орох гэж хичээсэнгүй. Энэ хугацаанд өөрийгөө өөр зүйлд сорьж, гадаадад суралцаад ирлээ. Хятадын Бээжин хотын Театр академид урлагийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалж, өнгөрсөн хавар амжилттай төгслөө.

-Их сургуулийнхаа хажуугаар Хятадын уран бүтээлчидтэй хамтран хоёр ч кинонд тоглосон гэв үү?

Би өнгөрсөн хугацаанд ор тас уран бүтээлээсээ хөндийрсөнгүй. Хятадад байхдаа хоёр уран сайхны кинонд тоглосон. Хичээл сургуулиа завсардуулахгүйгээр зураг авалтад оролцож, надаас маш их хүч, энерги зарцуулсан.

Тодруулбал, Хятадын уран бүтээлчдийн олон жил ярьсан “Хубилай хаан” уран сайхны кинонд тоглосон. Намайг анх тэнд очиход Чимбай хатны дүрийн проб хийж, тэнцэж байлаа. Тэгсэн хоёр жилийн дараа кинонд тоглохдоо Хубилай хааны ээж Сорхугтан хатны дүрд тоглох болсон нь тухайн үед гэнэтийн цохилт болж байсан. Би уг нь Чимбай хатны дүрд өөрийгөө бэлдэж байсан хүн шүү дээ.

Одоо бодоход намайг бурхан тэнгэр цаанаасаа харж үзсэн юм болов уу. Магадгүй би Чимбай хатны дүрд тоглосон бол хичээл сургууль маань тасалдаж, зорилго маань саатах байсан болов уу. Сорхугтан хатны дүр маань эхний 12 ангид гарч, би бүх насны дүрдээ өөрөө тоглосон.

Нөгөө уран бүтээл нь Хятадын “Шанхай” кино компанийн бүтээл “Хар хүү” гэх монгол морины тухай уран сайхны кинонд тоглосон. Киноны найруулагчаар залуу найруулагч Э.Буянхишиг гэх монгол уран бүтээлч ажилласан. Энэ кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар Гран при шагнал хүртсэн бол одоо хамгийн нэр хүндтэй “Алтан тахиа” кино наадамд нэр дэвшин амжилттай явж байгаа. Удахгүй сайхан мэдээ дуулгах байх.

-Эх орондоо ирээд кино уран бүтээлд тоглов уу?   

-Хятадаас эх орондоо эргэн ирэхэд цар тахал угтсан. Энэ цаг үед дэлхийн хүн төрөлхтөн хэсэг зогсолтын байдалд орлоо шүү дээ. Киноны уран бүтээлчдэд ч энэ нөхцөл байдал нөлөөлсөн. Тэглээ гээд кино уран бүтээлчид зүгээр суусангүй, аль болох уран бүтээлээ хийхийг зорьж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цэрэнболдын анхны бие даан найруулж буй зохиолч С.Пүрэвийн туужаас сэдэвлэсэн “Уулын намар” уран сайхны киноны гол дүрд тоглолоо. Удахгүй дэлгэцнээ гарах байх.

-Оюутан байхаасаа Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж, жүжигчний гараагаа эхэлсэн. Жүжигчин хүний анхны дүр болгон дурсамжтай байдаг. Театрын тайзнаа анх ямар дүрд тоглож байсан бэ?

-Би 2006 онд Соёлын урлагийн их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа Драмын театрын дагалдан жүжигчнээр орсон. Драмын театрт анх ороод найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Нууц амраг чинь болъё” жүжгийн Хулангийн дүрд тоглож байсан юм. Жүжигт урлагийн сургуулиа төгсч буй оюутан залуусын тухай гардаг. Тухайн үед би өөрөө их сургуулиа төгсөх гэж байсан болоод ч тэр үү надад ойр санагдаж байсан. Дараагаар нь Б.Мөнхдорж найруулагчийн “Харц хатан” дуулалт жүжигт гол дүр Сэржмядагийн дюблёроор ажиллах боломж надад олдож байсан. Тэр үед Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Б.Эрдэнэцэцэг эгч нарынхаа дэргэд суралцаж байсан минь надад маш сайхан санагддаг.

Ер нь театраас их зүйлийг суралцаж, гол болон туслах дүрүүдэд ажиллаж байсан тэр цаг хугацаандаа талархаж явдаг. Миний бие өөрийгөө хөгжүүлж, сурах бодолтой байсан учраас театраасаа гарч гадаад улсад суралцахаар урд хөрш Хятад улсыг зорьсон.

-Таны хувьд өөрийгөө шавхаж ажилласан дүр гэвэл? 

-2013 онд Япон Монголын найрамдалт харилцааны 40 жилийн ойд зориулсан “Эсрэг дурлал” жүжгийн гол дүрд өөрийгөө шавхаж ажилласан гэж боддог. Биднээс тэс өөр соёл иргэншил, ёс заншил, үзэл санааг өөрийн биеэр илэрхийлнэ гэдэг хүнд даваа байсан.

Энэ дүрээрээ тухайн үедээ “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байсан. Дэлхийн хамгийн анхны роман гэгддэг японы алдарт зохиолч Мүрасаки Шикибүгийн “Гэрэлт гэнжийн туульс”-аас сэдэвлэсэн жүжиг л дээ.

-Драмын театрт тухайн үед Д.Ганцэцэг нэртэй хоёр сайхан бүсгүй байсан шүү дээ. Хүмүүс хэр андуурдаг байв?

-Тэгэлгүй яахав. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хоёулаа Д.Ганцэцэг нэртэй. Овгийн дараагийн үсгээр нь ялгах гэхээр нэг нь Доржийн Ганцэцэг, нөгөөх нь Доржготовын Ганцэцэг. “Ганцэцэгээ”  гээд тайзан дээрээс дуудахаар хоёулаа “Айн” гээд хариалгаад очдог.

Бид хоёрыг ялгахын тулд Өндөр Ганаа, Том Ганаа, жижиг Ганаа, ахмад Ганаа, Студи Ганаа ч гэж дуудаж үзсэн. Яалт ч үгүй театрт олон жилийн өмнө орсон учраас Д.Ганцэцэг эгч маань том Ганаа, би жижиг Ганаа нэртэй болсон. Тэгээд удаагүй байтал дахин нэг жижиг Ганаа буюу А.Ганчимэг маань театрт орж ирсэн. /инээв/

-“Сарны нулимс” олон ангит киноны Нарангаравын дүрээр үзэгчид сайн мэддэг. Бараг анхны эсрэг дүр байсан уу?

-Тухайн үед “Сарны нулимс” олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Яагаад гэхээр 1990-ээд оны дундуур анх “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кино гарсан. Тэрнээс хойш залуусын хайр сэтгэлийн тухай “Сарны нулимс” шиг үзэгчдийг татаж байсан олон ангит кино гараагүй. Энэ киног үзэгчид үнэхээр сайхан хүлээж авсан. Миний хувьд Нарангаравын дүрд анхны олон ангит киноны гол дүр л дээ.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан бид хоёр Драмын театрт ороод удаагүй байхдаа энэ киноны эсрэг, эерэг гол дүрд тэнцэж, тоглож байлаа. Залуу уран бүтээлчид байсан учраас театрынхаа ажлыг ч тэр киноны зураг авалтаа ч хослуулж, хамтдаа уран бүтээлийнхээ ард гарсан. Жүжигчин Т.Хулан манай дээд ангийн эгч л дээ.

-Та хоёрыг нэг үеийнх гэж боддог байлаа?     

-Жүжигчин Т.Хулан маань намайг нэгдүгээр курст орж байхад төгсөх ангийн оюутан байсан. Тийм учраас би “Эгчээ” гэж дууддаг. Би “Хулан эгчээ” гээд дуудахаар театрын эгч нар бас “Бие биеэ эгчээ гэчихжээ” гээд л шоолдог байлаа. Бид хоёрын оролцон тоглосон “Сарны нулимс” анхны уран бүтээл үзэгчдэд хүрсэн юм болов уу гэж боддог. Тэрнээс хойш би бараг эсрэг дүрд тоглоогүй. “Орхидос” киноны хойд эхийн дүрийн санал надад ирж байсан. Тухайн үед би яагаад ч юм эсрэг дүрээс сайхан мэдрэмж аваагүй гэх үү дээ./инээв/

Театрт байхдаа хамт олонтойгоо намар, хаврын улиралд бригадаар орон нутгаар явна. Тэгсэн орон нутагт Т.Хулан эгчийг “Сарны нулимс” киноны дүрээр “Цоомоо” гэж дуудаж, бүчиж ирээд зургаа хамт авахуулж, маш сайхан хүлээж авсан. Фенүүд гэж жигтэйхэн олон. Тэгсэн намайг хүүхдүүд харснаа “Өө Нарангарав” гээд их л дургүй хандлагатай хүлээж авдаг байлаа. Алдарт жүжигчин Б.Дамчаа агсан эсрэг дүрд тоглосныхоо дараа хүмүүс чулуу шидэж байсан учраас өөртөө дахин эсрэг дүрд тоглохгүй гэж бодсон. /инээв/

-Түүхэн “Аравт” уран сайхны кинонд тоглосон. Жүжигчин хүний гадаад төрх дүр сонголтод их нөлөөлдөг ч гэж ярьдаг. Түүхэн кинонд тоглох санал хэр ирдэг вэ?

-Найруулагч сонголт хийхдээ эхлээд тухайн жүжигчний төрх байдлыг хардаг. Энэ нь дүр сонголтын чухал хэсэг. Намайг хүмүүс их монгол төрхтэй, үндэсний хувцас их сайхан зохидог гэж ярьдаг. Би өөрийгөө магтан сайшаах нь зохисгүй. Олон уран бүтээлчийн амнаас ийм үг сонсч байсан учраас тэгж харагддаг болов уу гэж боддог. Түүхэн киног тэр бүр уран бүтээлчид зоригтойгоор сонгож ажилладаг сэдэв биш. Тиймээс түүхэн дүрийн санал байнга ирээд байдаггүй. Түүхэн киног тэр бүр хийгээд байдаггүй. Сүүлийн үед залуу уран бүтээлчид зоригтойгоор түүхэн уран бүтээл хийхийг зорьдог болжээ. Тухайн кинондоо ямар уран бүтээлчийг тоглуулахыг найруулагч л сонгоно шүү дээ.

-Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?    

-Манай гэр бүлд нэр хүндтэй, олны танил болсон уран бүтээлч байхгүй. Гэхдээ миний аавын эмэг эх сайхан уртын дуу дуулдаг хүн байсан гэдэг. Тухайн үедээ хошуу дамжин найр хурим эхлүүлж, төгсгөдөг авьяастай хүн байсан. Магадгүй удмаас минь ирсэн энэ авьяас надад үлдсэн байх. Уртын дуучнаар суръя гэсэн маань ч үүнтэй холбоотой байсан байж магадгүй. Би эмэг эхийнхээ тухай хожим сонссон л доо.

Би эцэг эхээс долуулаа. Айлын дөрөв дэх охин нь. Долоон хүүхдийн дундах нь учраас хамгийн жаргалтай, эрх дураараа хүүхэд байлаа. Гэр бүлийн хувьд нэг хүүхэдтэй. Би олон жил ганц бие ээж явлаа. Одоо гэр бүлийн тогтвортой байдалдаа анхаарах болно.

-Харийн газраас эрдэм өвөртлөн иржээ. Мэдээж эх орондоо ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн байх?

-Би олон жил уран бүтээлээсээ хөндийрсөн учраас нэгэн хэсэгтээ уран бүтээлийн ажилдаа төвлөрч ажиллана. Боломжтой бол олон сайхан уран бүтээлд оролцоно. Тэглээ гээд санал ирсэн болгонд тоглохгүй. Үнэхээр сайхан тохирсонд дүр дээр тоглоно. Хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

Гэрэл зургийг Д.МӨНХТУЛГА   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж